
Улстөрийн нам, эвслүүд 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ эцэслэснээр өнөөгийн парламентад сууж буй нэлээд хэдэн гишүүн өндөр сэнтийгээсээ буух нь тодорхой болов. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Д.Загджав, Р.Раш, Х.Наранхүү, Ш.Сайхансамбуу, С.Баяр, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Батж.Батбаяр, С.Ламбаа нарын гишүүний бүрэн эрх шинэ парламент бүрдсэнээр дуусах болж байна.
Төрийн ордонд “нисэх бор шувуугаар” бол УИХ дахь МАН-ын бүлгийн дээрх гишүүдийн хувьд тойрог оногддоггүй юм аа гэхэд ядаж намын лист ногдох байж. Гэвч намын удирдлагууд амласандаа хүрээгүйгээс хоосон хоцорсон гэх. Зарим гишүүн нь бүр “Бага хурал эхлэх үед зүүнээс салхилж байсан салхи оройдоо чиглэл нь өөрчлөгдөн баруунаас үлээх болсон” гэж нэр дэвшигчдийг тодруулах процессыг ёгтлон тайлбарласаар.
Ямар ч байсан тойрог ч үгүй, намын лист ч үгүй үлдсэн гишүүдээс хамгийн сэтгэл гонсгор суугаа нь УИХ-ын гишүүн Д.Загджавыг гэх юм билээ. Уг нь ч түүнийг хоосон үлдээхэд сонгогчдын хувьд гаслаад байх юмгүй л дээ. Тэртэй тэргүй УИХ-д байтугай тойрогтоо хийж гийгүүлсэн ажилгүй болохоор Хан-Уулынхан “Хол л байгаасай, тэр нөхрөөр юу хийх вэ” гэдэг улс. Дээрээс нь туйлбар муутай эргэж хургасан хэцүү хүн. Ер нь ч мань эрд тойрог олдохгүй нь эртнээс тодорхой байсан л даа, тиймдээ ч бүлэг доторх гишүүдтэйгээ “байлддаг” байлаа. Нэлээн том гишүүдтэй дайтна шүү дээ, “Н.Энхболд дарга аа, та битгий худлаа яриад байгаарай, дөрвөн жил худал ярилаа шүү” гэж хэлээд л Д.Загджав гишүүн байнгын хорооны хурал үймүүлнэ. Гэвч түүнийг МАН-д хэн ч биш шүү гэдгийг энэ удаагийн Бага хурал нотлоодхов. Харин УИХ-ын гишүүн Р.Раш бол эртнээс тойроггүй үлдэх вий гэдэг болгоомжлолтой байсан гишүүний нэг. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах бичигт гарын үсэг зурснаас эхлээд байдал бишдсэн гэж хэлж болно. Тиймдээ ч Бага хурал болохоос өмнө хаяагаа манан эрхэм гишүүн “Тойрог олдохгүй бол төмөр замд диспетчер ч болтугай хийнэ дээ” гэж хэлж байсан. Тэгэхээр бүрэн эрхийн хугацаа дуусгавар болонгуут “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгтээ буцаж очиж мэдэх юм. Тэрбээр хоёр удаа дараалан УИХ-д сонгогдсоноос гадна Зам тээвэр, аялал жуулчлалын сайдын алба хашиж явсан нэгэн. Насаараа бол УИХ-ын дарга Д.Дэмбэрэлээс дүүд орох ч намынхан нь энэ удаагийн Бага хурлаас тэтгэвэрт нь суулгаадхав.
УИХ-ын гишүүн С.Баяр, энэ удаад тойрогт ч үгүй, намын листэд ч нэр нь бичигдэлгүй үлдэв. Нэгэн үе Сэлэнгэд нэр дэвшиж магадгүй гэх сураг гарч дараа нь намын листэд бараг хоёрдугаарт бичигдэх нь гэдэг мэдээлэл гарч байсан ч аль алийг нь няцааж тэр нэр дэвшсэнгүй. Өөрөө хүссэнгүй юу, эсвэл Бага хурлынх нь гишүүд түүнийг УИХ-д дахин нэр дэвшүүлэхээс татгалзав уу гэдэг одоо ч хариулт нэхсээр. Зарим нэг таамгаар бол ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАН УИХ-ын гишүүн С.Баяр, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди хоёрын аль нэгийг нэр дэвшүүлэх зорилго дор хэн, хэнийг нь УИХ-д сойхыг хүсээгүй байх талтай гэж үзэж буй юм. Тиймээс С.Баярын УИХ-д суудал горилоогүйн нүүдэл ирэх жил илүү тодорхой биз.
УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн хувьд Завхан аймагт дахин нэр дэвших тийзийг намынхаа Удирдах зөвлөлийн гишүүдээс аваад байсан. Тиймдээ ч өөрийгөө бат Завханы тойрогт өрсөлдөнө гэсэн бодолтойгоор Бага хурал болдог орой “MN-25 дугаар суваг” телевизийн “Дуусдаггүй яриа” шууд нэвтрүүлэгт оролцон, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, З.Алтай нарын хамтаар буу халсан шигээ сууж байв. Бас болоогүй, санаачилсан Эрүүгийн хуулийн төслөө ярьж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг дэмжээрэй гэж бяцхан PR хийгээд л…. Гэвч Бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир заалнаас нэр дэвшин олонхийн санал авснаар Ш.Сайхансамбууг тойроггүй үлдээхээс аргагүй болсон юм. Яагаад гэвэл Завханы мандат ердөө хоёр болсон учраас.
УИХ-ын гишүүн Х.Наранхүүд намынхан нь тойрог өгдөггүй юм аа гэхэд ядаж листэд багтаах боломж байсан ч юу ч үгүй хоцроосонд гайхах хүн олон байна. Яагаад гэвэл НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнээс дорд үзэгдэх боловсон хүчин яагаад ч биш гэж харьцуулж үзэх сонгогчид олон байгаа юм. Харин ямар шалтаг шалтгааны улмаас түүнийг намынхан нь энэ удаад үнсэнд хаясан шалз шиг орхив гэдэг асуулт өнөө хэр нь хариулт нэхсээр. Улстөрийн хүрээнийхний дунд өрнөж байгаа таамгаар бол түүнд энэ удаад тойрог хийгээд намын листийн алиныг нь ч олгоогүй нь МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан хууль хяналтын байгууллагад асуудлаа шийдүүлэг гээд орхисон байхыг үгүйсгэхгүй гэж байна. Ж.Батсуурийн хувьд Ц.Анандбазарт тойргоо алдсан. АТГ-ынхан түүнийг баривчлаад байгаа тул Дорно-Говь, Говьсүмбэрийн тойрог түүнд эргэж олдож мэдэх нь.
Ардчилсан намын хоёр гишүүний нэг болох С.Ламбааг намынх нь нөхөд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшүүлэхээр анхан шатнаас гаргаж ирсэн ч өөрөө хүсээгүй. Тиймдээ ч Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаас нэрээ өөрөө татаж, залуучууддаа боломж олгоё гээд Да.Ганболдод тойргоо өгсөн нь зөв сонголт болсон гэж үзэж байгаа юм. Да.Ганболд нь хамтарсан Засгийн газрын үед Засаг даргын орлогч хийж нийслэлийн утааг бууруулах хүрээнд нэлээд ажил хийсэн тул тэр хүрээндээ танигдсан. МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт хүчтэй өрсөлдөгч сойгоогүй тул гурван мандатын нэгийг Да.Ганболд аваад ирнэ гэж түүний ялалтыг эртнээс зарлах хүн багагүй аж. Харин түүнд боломж олгосон С.Ламбаа гишүүний хувьд намын нөхдөө сонгуульд ялуулахын тулд сонгуулийн менежерээр ажиллана гэх мэдээлэл байна. Мөн парламентад 12 жил суусан УИХ-ын гишүүн Батж.Батбаяр ч залуучууддаа боломж олгох зорилгоор намын листэд оролгүй нэрээ татсан бөгөөд бас л сонгуулийн менежерээр ажиллах сурагтай.