Түүхий эдийн үнэ өчигдөр хамгийн доод цэгтээ хүртэл унажээ. Энэ нь сүүлийн таван сарын хугацаан дахь хамгийн их уналт аж. Лондонгийн Standard & Poor"s GSCI-ийн индекст байгаа 24 төрлийн түүхий эдийг агуулж байгаа үнийн сагс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-наас хойш 1,5 хувиар буурчээ. Энэхүү үнийн сагсанд түүхий нефтиэс гадна үр тариа, энгийн металл зэрэг нийтдээ 24 төрлийн түүхий эд ордог аж. Харин он гарсаар энэхүү индексийн нийт уналт дөрвөн хувьд хүрээд байгаа юм. Ханшийн энэ уналт нь зарим нэг томоохон олборлох үйлдвэрийн хувьцааны арилжаанд нөлөөлж эхэлжээ.
Тухайлбал, Монголчууд бидний сайн мэдэх Рио Тинтогийн хувьцааны үнэ өчигдөр Лондонгийн бирж дээр шууд 5,2 хувиар буурсан байна. Түүхий эдийн үнийн энэ бууралт нь Европын нэгдсэн валютын зах зээлд өрнөж буй хөрөнгө оруулалтын болон Грекийг евро бүсээс гарсан тохиолдолд бүсийн бусад оронд нүүрлэх өрийн хямрал зэргээс шалтгаалж байна.
П.ЯДАМ
"ӨДРИЙН ШУУДАН" сонин