
Киноны хэсэг бүрт нэг дүрийг өөр өөр жүжигчид бүтээжээ. Кино багийнхан энэхүү бүтээлд олны танил жүжигчдийг сонгоогүй нь цаашид хөгжиж буй энэ салбарт шинэ нүүр царай гаргахыг зорьсонтой нь холбоотой гэнэ. Үүрцайх хэмээх хүүгийн амьдралыг гурван тусдаа хэсэгт өгүүлсэн уг киноны нэгдүгээр хэсэгт УДЭТ-ын найруулагч Б.Баатар тогложээ. Энэ хэсэгт хүүгийн бага нас, эцэг эхийн харилцаа, жирийн Монгол айлын амьдралаар эхлэх бөгөөд нийгэмд тулгамдах асуудлууд гэр бүлийг аз жаргалгүй болгоод зогсохгүй Үүрцайх хүүг өнчрүүлж буйг харуулсан байна. Харин хоёрдугаар хэсэгт Төрийн соёрхолт, найруулагч Б.Балжинням хүүгийн өсвөр нас болон анхны хайр, дурлалыг инээдэм, адал явдалтай холбон үзүүлэх юм. Хүний амьдралын үнэ цэнийг харуулсан хамгийн сүүлийн хэсгийг найруулагч И.Нямгаваа “артхаус” төрлөөр сонирхол татахуйц харуулсан байна. Сонирхуулахад, найруулагчид бие биенийхээ кино бүтээлийн явцад оролцолгүй тэр ч бүү хэл хоорондоо ямар ч зөвшилцөөнгүй гүйцэтгэсэн нь киног улам бүр сонирхолтой болгож байгаа юм.