Кэти Холмс: Би бага байхдаа л Томтой суухыг мөрөөддөг байсан

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Кэти Холмс: Би бага байхдаа л Томтой суухыг мөрөөддөг байсан

 Охид
бүсгүйчүүдийн унших дуртай , эмэгтэйчүүдийн алдарт сэтгүүлүүдийн нэг
болох “Glamour” сэтгүүл 70 жилийнхээ ойд зориулсан тусгай дугаартаа 
Холливудын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг болох Кэти Холмсын ярилцлагыг
нийтэлжээ.

Энэ удаад Кэти улаан хивсний ёслолд
оролцохоор алдартай загвар зохион бүтээгчдийн гоёмсог даашинзаар гоёсон
үзэсгэлэнт жүжигчин бүсгүйн хувиар бус богинохон халимаг үсээ чихнийхээ
ард хийж, ноосон цамц, жинсэн хар өмд өмссөн жирийн нэгэн бүсгүйн
хувиар эл сэтгүүлийн сурвалжлагч Шейла Вейлертэй хувийн амьдралынхаа
талаар илэн далангүй ярилцсан байна. Арван жилийн өмнөх Жое Поттерийн
дүрээрээ олны танил болсон залуухан жүжигчин бүсгүй өнөөдөр холливудын
алдарт жүжигчин Том Крузын гэргий болж, дэлхийн хамгийн нэр хүнд бүхий
гэр бүлүүдийн нэг болжээ. Тэрбээр саяхан алдарт Бродвейн театрт
тоглогдсон “All My Sons” мюзиклийнхээ хаалтын тоглолтыг хийсэн бол
одоогийн байдлаар жүжигчин Кевин Клайнтай хамт “Extra Man” кинонд
тоглож байгаа ажээ. Загварын ертөнцөд хүч үзэж байгаа жүжигчин бүсгүй
өөрийн гэсэн хувцасны брэндтэй болох хүсэлтэй байгаагаа ч нуухгүй
байгаа билээ. Ийнхүү Кэти Холмсийн “Glamour” сэтгүүлд өгсөн ярилцлагыг
толилуулъя.


-Кэти, таманай сэтгүүлийн
70 жилийн ойд зориулсан тусгай дугаарын зочин. Бид сэтгүүлдээ Америкт
хамгийн нэр хүндтэй байгаа эмэгтэйчүүдийн ярилцлагыг нийтэлдэг. Тиймээс
ч ярилцлагаа таны хүндэлж, шүтээнээ болгож явдаг эмэгтэйчүүдийн талаар
эхэлье гэж бодож байна?

-Би хүүхэд
байхаасаа л жүжигчин болохыг мөрөөддөг байсан болохоор Жулия Робертс,
Одри Хепбурн нарын жүжигчдийн тоглосон киног маш их үздэг байлаа. Мөн
жүжигчин Кейт Уинслет, Рене Зелвегер, Кейт Бланчет нараас ч суралцдаг
байсан. Мөн Дийне Кеатон байна. Тэр бол агуу жүжигчин. Хүнд хэцүү
дүрүүдийг амилуулж байгаа эдгээр жүжигчдийг харахад надад бахархах
сэтгэл төрдөг.

-Найз нөхөд, гэр бүлийнхнээс чинь тийм хүн байгаа юу?

-Миний
ээж таван хүүхэд төрүүлж, биднийг гайхалтай өсгөж хүмүүжүүлснийг би
одоо хүртэл гайхаж биширч байдаг. Надад гурван эгч, бас сайхан бэр эгч
нар байна. Тиймээс би тэднийгээ хүндэлдэг.

-Ээж
минь хүүхдүүдээ өсгөхийн тулд 15 жилийн турш бүтэн нойртой хонож
үзээгүй гэж та нэг удаа ээжийнхээ тухай ярьж байхдаа хэлж байсан?

-Ээж
минь одоо ч бүтэн нойртой хонодог эсэхийг би мэдэхгүй байна. Манай ах,
эгч нар болон бид үргэлж л ээж рүү утасдаад “ээж ээ та энийг юу гэж
бодож байна. Би одоо яах вэ?” гэх зэргээр үргэлж л түүнээс тусламж
хүсдэг.

-Та өөрөө ч гэсэн ээж болоод удаж байгаа. Саяхны нэгэн ярилцлагадаа та “ Би жаахан ухаан суусан” гэж хэлсэн байна?

-Ээж
болно гэдэг хамгийн сэтгэл хөдөлгөсөн мөч байдаг. Хүүхэдтэй болохоороо
эмэгтэй хүн өмнөхөөс илүү хүчирхэг болдог. Ээж болно гэдэг энэ дэлхий
дээрх хамгийн хариуцлагатай, чухал ажил учраас эмэгтэй хүн илүү ухаалаг
мэдрэмжтэй байх хэрэгтэй гэж би боддог.

-Та тэр үүрэг хариуцлагаас айдаг уу?

-Мэдээж
хэрэг. Анх Суриг төрсний дараах хэдэн хоногт охиныхоо хажуунаас
салдаггүй байсан. Унтаж, амьсгалж байгаа эсэхийг нь үргэлж шалгадаг
байсан гэх үү дээ. Хүүхдээ хэрхэн асарч өсгөх тал дээр үргэлж суралцаж
байсан. Энэ үед Том намайг их дэмжиж тусалдаг байсан.

-Та
гэр бүлээ маш их эрхэмлэж, хайрлаж хамгаалдаг. Том Круз та хоёрын
харилцаа, бас Сури охиныг тойрсон элдвийн мэдээлэл хэвлэлд гарахад та
эмзэглэдэг үү?

-Зарим хүмүүс хүүхдийн
минь талаар эвгүй сэтгэгдэл төрүүлэх, заримдаа бүр тэвчихэд ч хэцүү
зүйл ярьж, бичсэн байдаг. Тэр бүхэн нь надад үнэхээр хэцүү санагддаг.
Зарим зүйлд хэмжээ хязгаар байх хэрэгтэй шүү дээ.

-Таны нөхөр өөрийг чинь бодвол хэвлэлийнхнийг илүү сайн мэдэх учир энэ бүхэнд битгий санаа зовоорой гэж зөвлөж байсан уу?

-Тэгж
байсан. Эмэгтэй хүнийхээ хувьд бас Суригийн ээж болохынхоо хувьд би
иймэрхүү асуудлыг давж гарахаар шийдсэн. Миний ээж маш хүчирхэг эмэгтэй
байдаг. Хэн нэгэн бидний тухай ямар нэгэн зүйл ярьж эхэлбэл ээж бүхнээс
илүү тусгаж авдаг.

-Та мэдэж байгаа байх. Яг одоо таныг жирэмсэн болсон мэдээлэл тархаад байгаа?

-Би жирэмсэн болоогүй ээ.

-Тэгээд хүмүүс худлаа мэдээлэл бичээд байна гэсэн үг үү?  

-Заримдаа тэр хүмүүст “Та нар манай гэр бүлийнхэнтэй оройн хоол идээч” гэж хэлмээр санагддаг шүү.

-Харин тэр хүмүүс юу олж харах бол? Кэти,Том, Сури нарын нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол?

-Бид
гуравт хамт байх нь бүхнээс чухал учир ихэнх цагаа гэртээ өнгөрүүлдэг. 
Гурвуулаа тоглоом тоглож, хоолоо хийж, усан санд тоглодог. Том ч
охиндоо үлгэр ярьж өгөх дуртай. Том дуртай дуугаа дуулаад, Сури бид
хоёрыг бүжгэнд урьж хөгжөөдөг. Гурвуулаа орондоо хэвтчихээд хүүхэлдэйн
кино үзэх дуртай. Яг л бусад аз жаргалтай гэр бүлүүдийн адил. Сүүлийн
үед манай гэр бүл “Мадагаскар”, “Үнсгэлжин”-г хэд хэдэн удаа үзсэн.
Охинд маань тэр кинонууд таалагддаг.

-Хэн хоолоо хийдэг вэ. Та юу эсвэл Том уу?

-Үнэнийг
хэлэхэд, би бараг хоол хийдэггүй. Гэхдээ цаашид аль болох олон удаа
оройн хоол хийх юм сан гэж бодож л байгаа. Том надад маш гоё амттай
паста хийж өгөх дуртай.

-Анх таныг Том
Крузын амьдралын хэмнэлтэй зохицохын тулд хичээх хэрэгтэй тухай
хэвлэлээр бичиж байлаа. Түүнтэй амьдрахад үнэхээр анхандаа хэцүү байсан
гэж үү?

-Би бага байхаасаа л кино урлагт
хөл тавихыг хүсдэг байсан гэж түрүүн хэлсэн дээ. Тиймээс энэ өндөрлөгт
хүрэхийн тулд бүхнээ зориулсан гэж болно. Анх Томтой дотно танилцаж
байхда л цаашид бид гэрлэнэ гэдгийг би мэдэрдэг байсан. Нөхөр маань
өнөөдөр ийм сайхан амьдрал бий болгосон болохоор би түүнийг хүндэлдэг.
Эмэгтэй хүнийхээ хувьд ганц бие амьдралаас хамтын амьдрал руу шилжих
тэр өөрчлөлтөд дасах хэрэгтэй байсан байж магадгүй. Азаар надад сайн
хамтрагч таарсан болохоор бидний амьдралд хэцүү гэхээр зүйл байгаагүй
ээ.

-Том та хоёр 16 насны зөрүүтэй. Гэхдээ энэ асуудал биш байх, тийм үү?

-Энэ бидний санаа зовох асуудал огтхон ч биш. Бид хоёулаа гэр бүлдээ хайртай. Өөр ямар ч асуудал байхгүй.

-Та манай сэтгүүлийн уншигчдад зориулж нөхрийнхөө ямар зан чанарт дуртайгаа хэлээч?

-Эгч,
эмэгтэй дүү нартайгаа хамт өссөн болохоор Том эмэгтэй хүмүүсийг маш их
хайрлаж, халамжилдаг. Тэр их хүчирхэг эр хүн. Маш ухаантай, бас
хөгжилтэй. Миний 30 насны төрсөн өдрөөр Том Нью-Йоркт байж чадаагүй л
дээ. Би тэр үед Бродвейд мюзиклд тоглож байсан. Тэгэхэд нөхөр маань
бүхэл бүтэн үзэгчдээр надад зориулж “Төрсөн өдрийн дуу” дуулуулж,
тайзан дээр бялуу хүргүүлж байсан. Томыг би зүгээр нэг хоосон мөрөөдөгч
гэж хэлэхгүй. Тэр мөрөөдлөө биелүүлдэг хүчирхэг залуу.

-Та жаахан охин байхаасаа л Томтой сууна гэж мөрөөддөг байсан юм биш биз?

-Тийм
ээ. Анх “Top Gun” кино дэлгэцэнд гарч байхад эгч нар маань “Ээ бурхан
минь, Том Круз байна” гэж ирээд л уулга алддаг байсан. Харин тэгэхэд би
өөртөө “Би түүнтэй нэг л өдөр гэрлэнэ” гэж хэлдэг байсан. Үнэн шүү.
Гэхдээ энэ яриаг зөвөөр ойлгоорой. Тэгэхэд би Том Крузийг яаж өөрийн
болгох вэ гэж бодохоосоо илүү Том Крузтай хуримаа хийнэ. Яагаад
болохгүй гэж. Би хөгжилтэй юм чинь тэрэнд таалагдах л болсон гэж бодож,
мөрөөддөг байсан хүүхэд насны дурсамж юм шүү. Тэр надад анхнаасаа л
таалагддаг байсан.

-Та хоёр анх 2005 онд болсон нэгэн бизнес уулзалтын үеэр танилцсан гэдэг. Цаашаа юу болсон бэ?

-Та бид хоёр хоёулаа л цаашаа юу болсныг мэдэж байгаа шүү дээ.

-Та хамгийн гайхалтай мөрөөдлөө биелүүлсэн азтай бүсгүй юм?

-Тийм
ээ, тэр үнэн. Өөртөө итгэлтэй байж, шургуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Өөртөө
үнэнч байх ёстой. Амьдрал тийм хүнийг хайрладаг. Амьдрал аз жаргалаар
дүүрэн шүү дээ. Амьдралыг хайрлавал эргээд тэр хүнийг хайрладаг. Би энэ
үгэнд итгэдэг.

-Сури ийм алдартай аав, ээжтэйгээ мэдэрдэг болов уу?

-Мэддэг байж магадгүй. Тэр зурагтаар Том бид хоёрыг бишгүй харсан.

Нью-Йорк хотоор дүүрэн Томын тоглосон шинэ киноны зурагт хуудас өлгөөтэй байна. Тэр аав нь энэ болохыг гадарладаг.

-Сури та хоёрын хэнтэй нь илүү адилхан санагддаг вэ?

-Хоёулантай нь адилхан. Охин маань тийм жаахан байж өөрийн гэсэн зан чанартай. Бас их шооч. Тэр нь бүр их хайр татдаг.

-Удахгүй танай гэр бүлийн хуримын ёслолыгн гурван жилийн ой болно. Хаана тэмдэглэх вэ?

-Ромд хуримаа хийсэн. Тэндээ тэмдэглэх байх.

-Ром ч сайхан газар шүү. Одоо хайр дурлалын сэдвээсээ хазайгаад ажил руу чинь оръё. Бродвейд үдэш бүр мюзыкл тоглох ямар байв?

-Би
үргэлж театрт тоглохыг хүсдэг байсан. Театрт уран бүтээл хийнэ гэдэг
төсөөлж байснаас минь ч илүү сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Учир нь үдэш
бүрийн жүжиглэлт, тоглолт нэг хэвийн бус өөр өөр байдаг нь сонирхолтой
санагддаг байсан. Өдөр бүр тоглох жүжгийнхээ талаар, тоглож буй
дүрийнхээ талаар шинэ зүйл олж хардаг байлаа. Охин минь хамт байгаа нь
их сайхан санагддаг байсан л даа. Сури орой болгон ирж чадахгүй ч долоо
хоногт хэд хэдэн удаа ирж жүжиг үздэг. Театрт тоглож байхдаа гэр
бүлтэйгээ хамт байна гэдэг үнэхээр сайхан.

-Харин дараагийн ээлжинд юу байх вэ? Шинэ киноныхоо тухай яриач?

-Нью-Йоркийн
түүх л дээ. Жүжигчин Кевин Клайнетай хамтран тоглож байгаа. Харин 
миний дүр бол Мэри гэж сэтгүүлч эмэгтэйн дүр. Дэлхий ертөнцийг нэг
өдрийн дотор л өөрчлөхийг хүсдэг эмэгтэй байгаа даа.

-Та одоо ямар дүрд тоглохыг хүсч байгаа вэ?

-Бүх
л дүрд тоглохыг хүсдэг. Муу, сайн, ойлгомжгүй эмэгтэйн дүр гээд л. Бид
бүхэн бүгдээрээ л ойлгомжгүй байх үе гардаг. Мөн бүхий л төрөлд
өөрийгөө сорихийг хүсдэг. Инээдэм, драм ,адал явдал, мюзыкл гэх мэт.
Мартаснаас би жазз хөгжмийн болон балетын хичээлд сууж байгаа.

-Өөрт нь зориулсан хувцасны брэндтэй болно гэдгийг сонсоод охин чинь их баярлах байх даа?

-Би
Жеанне Янг гэж найзтайгаа хамтарч энэ ажлаа эхлүүлж байгаа. Найз маань
зургаан настай хоёр ихэр охинтой. Бид хоёрын ээж хувцас их сайхан
оёдог. Тэгээд л ярилцаж байгаад өөрсдийн охидод таарч тохирох загвартай
хувцас оёхоор шийдэж,  жилийн өмнөөс ажлаа эхэлсэн. Мөн эмэгтэйчүүдэд
зориулсан хувцас хийх бодолтой байгаа.   

-Та бас л завгүй байх нь?

-Энэ
чинь л миний хүсдэг зүйл шүү дээ. Миний зорилго бол Сурид зориулсан
“Өнгөний Гайхамшиг”-ийг бүтээх. Би үнэхээр аз жаргалтай байгаа. Худал 
үнэн элдэв цуурхлыг шар сонин дээр тарааж байдаг тэр хүмүүст зориулж
хэлэх миний хариулт бол амьдралаа өөрийнхөөрөө өнгөрүүлж, амьдралын
сайхныг мэдэрч, кинондоо тоглон, сайн ээж, сайн хань байж, шинээр
эхлүүлж буй энэ ажилдаа анхаарахад л оршиж байгаа юм. Хэрвээ би энэ
бүхнийг сайн хийж чадвал тэр хүмүүс юу хэлж чадах юм бэ, тийм биз дээ.
Би гэр бүлдээ бүхнээс илүү хайртай. Тийм болохоор тэдний төлөө завгүй
байх бас дуртай. Нөхрийнхөө, охиныхоо төлөө хөдөлмөрлөх хамгийн сайхан
байдаг.


Бэлтгэсэн Г.Уянга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж