Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн даргалагч орны хувьд өөрийн бүс нутагт ардчилсан тогтолцоо, ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэхээр ажиллаж байна. Бидэнд бусдад заах зүйл байхгүй ч хуваалцах туршлага бий. Монгол энэ хамтын нийгэмлэгийг даргалах хугацаандаа ардчиллын боловсролд түлхүү анхаарч байна. Үүнтэй холбоотойгоор Азийн сантай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө байна.
Монгол Улс эдийн засгаа олон төрөл чиглэлээр хөгжүүлэх, хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцах, гуравдагч хөршүүдтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх бодлого баримталж байгаа. Удахгүй Монголд парламентын сонгууль болно. Сонгууль шударга болно гэдэгт итгэж байна гэж Ерөнхийлөгч хэллээ.
Азийн сангийн удирдах зөвлөлийн гишүүд хоёр жилд нэг удаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй орнууддаа ирж хуралддаг уламжлалтай юм. Энэ удаа сангийн зөвлөл, гүйцэтгэх хорооны дарга элчин сайд Майкл Х.Армакост, сангийн ерөнхийлөгч Дэвид Арнольд нарын арав гаруй төлөөлөгч хүрэлцэн иржээ.