”Хүн өөрт байгаа жаргалаа хардаггүй”

Хуучирсан мэдээ: 2012.05.26-нд нийтлэгдсэн

”Хүн өөрт байгаа жаргалаа хардаггүй”

“Эх бүрдийн домог”, “Суварган цэнхэр уулс”, “Гэрлэж амжаагүй явна”, “Жинжиймаа” киног нэрлэхээр та хэний тухай ярих гэж байгааг гадарлах биз ээ. Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг АНУ-д гэр бүлээрээ амьдарч байгаад эх орондоо ирээд удаагүй байхад нь ярилцлаа.

-Та хэзээ эх орондоо ирэв. Төрсөн нутаг сэтгэлд ойр сайхан байгаа биз дээ?

-Ирээд удаагүй байна аа. Ээж маань настай болж байна… Ир гээд дуудаад байсан юм.

-Та бүр ирэв үү, түр үү?

-Бараг тийм. Тэхдээ буцах ажил бий. Бас хүүхдүүдээ эргэж тойрно.

-Алс холоос ирэхэд тань Улаанбаатар хот ямар болсон байна. Холын хүнээс үг сонс гэдэг?

-Хүний эх орон сайхан шүү дээ. Маш сайхан байна. Хот маань өнгө төрхөө зассан байна. Байшин барилга их баригджээ. Оросын зүйр үг байдаг л даа… Айлд зочлох сайхан ч гэртээ байх илүү сайхан гэж. Хөгжлийн өндөрлөгт хүрсэн Америкт бүх юм хүний төлөө зориулагдчихсан, үзэх харах юм ихтэй, өнгө алагласан сайхан газар хэдий ч эх нутаг минь элэг зүрхнээс ёстой л уяатай байдаг юм билээ. Монгол нутаг минь сайхаан, сайхан. Хүн зон нь халуун элгэмсүү сэтгэлтэй сайхан шүү дээ. Монгол хүн болж төрнө гэдэг эгэлгүй заяа гэж боддог. Хүмүүс, нарны эрт насны залууд гадагш явж юм үзэж, нүд тайлах хэрэгтэй л дээ. Тэгэхдээ харийн нутгаас дэвшил, хөгжлийг тээгээд эргээд ирэх хэрэгтэй. Одоо ч монголчуудын урсгал нутаг уруугаа чиглэж байна л даа.

-Та ногоон карттай юу?

-Тийм ээ.

-Америкт амьдарч буй монголчуудынхаа тухай “Үгүйлэн санана” нэвтрүүлэг хийж байсан. Энд та ямар нэг нэвтрүүлэг хийх үү?

-Тийм ээ. Хүний нутагт хөлөө олох амаргүй шүү дээ. Эхлээд ирсэн хүмүүсийн туулсан зам мөр, хуримтлуулсан дадлага туршлагыг бусдад нь түгээж, харилцан санаа, оноог нь солилцуулбал тустай юм болов уу гэж бодсон. Тэгээд энэ нэвтрүүлгийг бэлдэж Монголын үндэсний телевизээр цацаж www.medeelel.com сайтаар үзүүлэх болсон.

-Америк дахь монголчуудын тухай ном гаргах гэж байгаа гэл үү?

-“Америк дахь монголчууд” гээд номын ажил дуусаад байна. Одоо Америкт 30-аад мянган Монгол амьдарч байна. Америк руу монголчуудын нүүдэллэж эхэлснээс хойш 20-иод жил болжээ. Тэд анхны үеийнхэн. Өөрөөр хэлбэл харийн нутагт хэл ус сурч, хатуу хууль дүрэмд захирагдан, хурдтай хөгжилтэй хөл нийлүүлэн ажиллаж амьдрах гэж хөлс хүчээ зарж хичээж зүтгэсэн тэдний амаргүй түүх. Хожим сурахаар, ажиллахаар очих монголчуудын замыг тэд хөнгөвчилж, засаж өгсөн буянтнууд. Бас зах зээлийн шилжилтийн амаргүй үед ар гэртээ арав таван төгрөг илгээж, үр хүүхдээ харийн нутагт өөрсдийн хүч хөлсөөр сургаж боловсрол эзэмшүүлж чадсан бахархууштай иргэд. Энэ ном маань DVD хавсралттай хийгдэх юм. Өмнө нь Саруул-Эрдэнэ, Бишүүгарам гээд эрдэмтэн залуусын бичсэн сайхан номууд бас гарч байсныг бас дурьдах хэрэгтэй.

-Манай Монголчууд тэнд хэр амьдарч байна вэ?

-Дажгүй шүү. Монгол хүн хаа ч өндөр чадамжтай шүү дээ. Хэл ус амархан сурна. Юм болгоныг хийж чадна. Ажилсаг, бусдын ая эвийг олчихно. Амьдралын ухаантай ард түмэн. Жишээ нь, Солонгосын гоо сайхны салонд янз бүрийн үндэстэн хэдэн хүүхэн ажиллаж байжээ гэхэд монгол эмэгтэй хоёр жил ажиллаад өөрийнхөө салоныг нээгээд гарчихдаг. Хоёр жилийн дотор бүх л зүйлийг судлаад, сэтгэлдээ багтаад ирэхээр өөрийнхөө бизнесийг нээдэг.

-Үүнийг харсан ямар ч монгол хүн бахархана биз дээ?

-Ер нь монголчуудын аж төрж байгаа төвшин сайн шүү. Энэ бүхний ард тэдний зогсолтгүй хөдөлмөр хөлс хүч явааг мартаж болохгүй л дээ. Хот хотын онцлогоос болоод монголчуудын маань эрхэлдэг бизнес жаахан өөр өөр байдаг. Бас нэг онцлог гэвэл аль ч хотод очсон сүү цагаан идээ боловсруулаад цагаан идээгээ хийдэг бүсгүйчүүд байх юм. Жишээ нь Денверт Алимаа гээд бүсгүй шимийн архи үйлдвэрлээд борлуулах эрхээ авчихсан байсан. Харийн нутагт архи үйлдвэрлээд, тэрийгээ борлуулах эрх авна гэдэг амар зүйл биш. Ер нь монголчуудтайгаа уулзаад аялж явахад нутагтаа байгаа ч юм шиг идээ цагаан дунд явж, сонин хачин дуулж явлаа. Бид хүнтэй халуун дулаан харьцаатай, зочломтгой зантай ард түмэн шүү.

-Долоон жилийн хугацаанд үндэсний их баяр наадам, шинэ жил гээд том баяруудаа хэр тэмдэглэж байв даа?

-Бидний амьдарч байсан Чикаго хотыхон наадмаа том паркад тэмдэглэдэг. Энэ баярыг Монгол-Америкийн нийгэмлэгийн Гэрлээ зохион байгуулдаг л даа. Тэнд жилдээ нэг удаа бие биентэйгээ уулзан учрах гэж ойр орчмын хотуудаас ч хүмүүс эртлэн ирдэг. Манай нөхөр бид хоёр нэвтрүүлгийн бичлэг хийх гэж эртлэн очдог. Монголчууд маань асар, майхнаа зоогоод биенийгээ идээ, будаагаар дайлаад өргөн дэлгэр тэмдэглэдэг. Чикаго ойролцоох дагуул хотуудтайгаа нийлээд зургаан мянга орчим монголч хүнтэй гэж ярьдаг. Ер нь монголчууд төвлөрсөн том хотын нэг шүү. Бид наадам  тартал наадмын талбайд бичлэгээ хийдэг. Баяр ёслолоор ч гэсэн ажиллаж байвч тэр маань бас бидэнд жаргал болдог доо. Бусдад баяр баясгалан бэлэглэнэ гэдэг бас сайхан.

-Хэрэв АНУ яваагүй бол хэд хэдэн кинонд тоглочих байсан уу?

-Мэдэхгүй л дээ… (инээв) Би урлагийн хүн болсон цагаасаа гэр орноо орхиод кинонд их явж байсан. Тэр тусмаа хүүхдүүдээ орхиод явна. Иймд хүүхдүүдийнхээ чухал мөчид дагаад явж байя гэж шийдсэн. Тэр бол хоёр хүүгийн маань оюутан үе. Энэ нь ч оносон. Эрэгтэй хүүхдүүд ээжээсээ холдохоор зутрах гээд байдаг талтай. Ээж хүн тэрийг тэвчиж чадахгүй шүү дээ. Аятай хоол идүүлж, сэтгэл төвшин сураасай гэж хүснэ. Намайг залууд гэрийнхэн маань урлагийн хүн гэж хайрлаад шал ч угаалгадаггүй байсан. Өөрөөр хэлбэл өмнө нь гэр орныхон маань миний төлөө зүтгэдэг байсан. Би бас бусдын төлөө зүтгэх хэрэгтэй шүү дээ. (инээв)

-Багадаа ямар мэргэжилтэй болно гэж мөрөөдөж байв. Жүжигчний мэргэжлийг яагаад сонгох болов?

-Хүүхэд байхдаа жүжигчин юм уу хэлмэрч болно гэж боддог байсан. Гадны хүмүүс ирэхээр яриаг нь орчуулаад явдаг байсан эгч нар их сайхан үнэр сэнгэнүүлээд дэгжин гоё байх нь сэтгэл их татнаа… Тэднийг мөн ч их дагуулж хардаг байлаа. Яавал энэ эгч шиг гоё болох бол гэж бодно. Тэгээд л орчуулагч эсвэл жүжигчин болохсон гэж боддог болсон. Тэр жүжиг, кинонд нь тоглохын тулд хаагуур явах ёстой, хэнтэй уулзахаа мэдэхгүй шүү дээ… Кино их үздэг хүүхэд байсан. Битүүхэндээ ийм болохсон гэж мөрөөднө. Ер нь зөнгөөрөө урлагт дурласан хүүхэд гэж хэлж болно. Үзсэн киноныхоо дүрээр өөрийгөө төсөөлөөд л хүүхдийн сэтгэхүйгээр тэр л эрхэмсэг орчин руу тэмүүлээд л явдаг байсан даа.

-Тэгээд мөрөөдөлдөө хэрхэн хүрсэн бэ?

-Сэтгэлийн татах хүч гэж байдаг юм байлгүй дээ. (инээв) Их бодож мөрөөдөж явсаар тэр хавар киноныхон миний сурдаг сургуулийн коридорт таарсан юмдаг. Тэгээд л “Эх бүрдийн домог” киноны сорилд орох болсон л доо. Бадамгарав гуайг би бишрээд л хараад байсан санагддаг. Гэтэл тэр хүний харц над дээр тусаад байсан бололтой. Азтай шүү… Тэгээд 1975 онд “Эх бүрдийн домог”- т хамгийн анх тоглож байсан. Тэр үед мөрөөдөл биелээд сэтгэл дотор бөөн бужигнаан болж баярлаж хөөрсөн хүн л явлаа шүү дээ. Амьдрал үнэхээр хэлж баршгүй баялаг бас сайхан даа. Мөрөөдөл биелсэн тэр мөчөө санах бүр аз жаргалтай сайхан байдаг юм. Тэр кинонд гайхалтай хүмүүстэй учирсан шүү. Дараа нь хэд хэдэн кинонд тоглосны нэг нь “Суварган цэнхэрт уулс”. Би тэгэхэд яг хорьтой байлаа.

-Та тэр үед залуусын сэтгэлийг ихэд татдаг байсан болов уу. Одоо ч сайхан хэвээрээ харагдаж байна. Та гоо сайхныхаа нууцаасаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Сүүлийн үед нүүрний тосондоо анхаардаг болсон. Нас ахихаар арьсаа арчлах хэрэгтэй. Гойд нууц гэх юмгүй. Сэтгэл санаа төвшин байх л гол нь шүү дээ. Хүний амьдрал инээд хөөр дүүрэн байвал инээдний таатай үрчлээ гарна. Гуниг гомдол дүүрэн байвал таагүй тиймхэн л үрчлээ гарна. Нүүр гэдэг таны зан араншин байр байдлыг илтгэгч.  Харин нүд таны сэтгэлийн толь шүү дээ. Урлаг намайг өнгөжүүлж, өөдрөг болгосон. Анх сорилд орж байхдаа ансамблийн бүжигчин гоё эгч нараас сүрдээд сууж байсан даруухан оюутан Батцэцэг өнөөдөр өөр болсон. Энэ бол урлагийн буян. Бас үзэгч түмний маань өнгөлөг, өөдрөгөөр намайг харж тоодгийн буян. Түүнээс биш надад бусдаас илүү гойд сайхан юм юу байх вэ дээ.

-Та “Эх бүрдийн домог” кинонд олон хүнтэй өрсөлдсөн үү?

-Сүрдмээр гоё охид байсаан. Би дэлгэцэн дээр тэднээс арай дээр гарсан юм байлгүй дээ. Хачин гоё суналзсан бүдүүн хар гэзэгтэй, мэлтэрсэн алаг нүдтэй Анагаахад сурдаг гээд нэг охин байсныг санаж байна. Түүнийг Бунтар найруулагч их шохоорхоод авах шинжтэй байсан. Үнэхээр гоё охин байсан. Дараа нь Бунтар гуай “Энэ хүүхэд дэлгэцэн дээр их өөр гараад байна” гэж шогшроод байсан. Ингэж л анх кино гэдэг их айлд хөл тавьж байлаа даа. Тэр орчин бол гайхалтай. Тэр эгэлгүй сайхан орчин намайг эргэлт буцалтгүй соронзодсон.

Киноны “албан хаагч” болчихоод өглөө яагаа ч үгүй эрт босоод л явна. Автобус руу гүйж ороод жолоочийн хажуу талын бариулаас бариад нар ургаж байгаа зүг рүү явж байхад их гоё байдагсан. Тэр үед хотын төвөөр цөөхөн машин явдаг байсан. Би өглөө бүр инээд хөөр бялхсан тэр сайхан зүг, кино уруугаа яаран очдог байлаа. Эрт ирээд өрөөнийхөө цэцгийг услана. Хүмүүс маань эхнээсээ ирж өрөө дүүрээд ирэхэд би ийм сайхан улсуудтай хамт ажилладаг гэж бодохоос сэтгэл дүүрч баярладаг байлаа. Гавьяат жүжигчин Б.Дамчаа, Н.Дагийранз гуай, М.Бадамгарав гуай, Ардын жүжигчин Д.Чимид-Осор гуай, гавьяат жүжигчин Ц.Цэнд-Аюуш, Дамдинбазар гуай, Цэцэг, Т.Цэмпилмаа, Г.Элбэгсайхан, Баянмөнх, Т.Карма гээд л байдаг байлаа. Тэр он жилүүд харавсан сум шиг л өнгөрсөн шүү

-Тэгж дурлаж тэмүүлж орсон юм чинь шантарч бэрхшээх үе гарч байв уу?

-Шантрахаар юм гарнаа. “Эх бүрдийн домог”-т тоглож байх үедээ хийх юмаа чадахгүй “Ёстой миний чадал хүрэхгүй юм байна. Кинонд тоглохоо больё” гээд Өмнөговиос зам дагаад алхаж байлаа. Жүжиглэх ямар ч дөргүй хүүхэд байлаа шүү дээ. Киноны зураг авахыг нэг ч удаа нүдээрээ хараагүй хүн чинь шууд тоглож байгаа нь энэ гээд яваад орчихоор чинь чаддаг юм нэг ч байхгүй. Намайг хүүхэд юм болохоор арга эвийг нь олох гэж тэд хичээнэ. Би тэднийг их зовоож байсан даа. Энэ киноны Нарангарвуугийн дүрд “Тунгалаг тамир” киноны Дулмаа буюу Дэлгэржаргал эгч дуу оруулсан юм шүү дээ. Миний тоглоно гэж юу байхав. Хожим монтаж хийж, дуу оруулалт, хөгжим хийгээд кино бүтэхээр их өөр болсон байсан. Кино маань амилаад бүх юм их сайхан болсон байсан. Би их урамшсан л даа. Тэгээд л дахиад кинонд тоглох эрч хүчээр цэнэглэгд¬сэн. Тэгээд үүний дараа оюутан байх таван жилдээ “Дэгдээхэй нас”, “Хүний амь”, “Тойрох хуудас”, “Суварган цэнхэр уулс” кинонд тоглосон. Сургуулиа төгсөхөдКино үйлдвэрийнхэн намайг ажилд авсан.

-Багадаа хэр сурдаг хүүхэд байв?

-Сургуульд сайн сурдаг хүүхэд байсан. Сурагч байхдаа юм юманд дуртай хүүхэд байсан. Нэг хэсэг физикийн хичээлд сайн, бас геометрт дуртай байснаа санаж байна. Бид хэд аавыгаа дуурайгаад гарын дүйтэй л дээ. Миний ах их сайхан хүн байдаг. Бид нар бүгд юм оёдог юм. Ах маань биднээс илүү их сайн оёноо.

-Аав ээж нь аль нутгийн хүмүүс вэ?

-Манай ээж Завханы Нөмрөг, Түдэвтэй сумынх. Аав Төв аймгийн Өндөрширээт сумынх. Би хоёр аавтай хүн. Миний төрсөн эцэг Нацагдорж гэж хүн байдаг юм. Хуурай аав Хасбаатар гэж хүн бий. Ээж эдийн засагч. Аав удирдах ажил хийдэг байсан. Тэр үед Намын төв хороо, Эвлэлийн төв хороо гээд мундаг аппаратууд байсан. Аав эвлэлийн төв хороонд нь нарийн бичгийн дарга байлаа. Манай хуурай аав Ц.Хасбаатар гэж хүн байсан. Хэл бичгийн ухааны доктор, СГЗ орчуулагч хүн.

-Монголд кинонд тоглооч гэсэн санал ирж байна уу?

-Намайг Америкт байхад тийм санал тавьсан. Гэхдээ номын ажил хийхээр төлөвлөсөн байсан тул орхиж болсонгүй. Уулын бугыг хараад унасан морио орхив гэдэг шиг болно биз дээ. (инээв)

-Та ер нь бизнес эрхэлдэг үү?

-Эрхэлдэг. Залуудаа олон юм оролдож байсан . Энэ цаг үе бидэнд чадахгүй олон зүйлээ чадахыг шаардсан л даа. Чадсан чадаагүй хийж л байлаа. Байшин бариулж, чингэлэг оруулж байлаа. (инээв)

-“Би чамд хайртай” киноны хоёрдугаар ангийг бүтээсэн. “Суварган цэнхэр уулс”-ын хоёрдугаар ангийг хийвэл тоглох уу?

-Аливаа юм амттай чигээрээ байсан нь дээр. Одтой онгодтой он жилүүд тэр чигээрээ үлдэг л дээ. Олон хүний оргилуун хүсэл хүч хөдөлмөр шингэсэн бүтээл шүү дээ.

-Удахгүй сонгууль болно. Та сонгуульд санал өгөх үү. Хаана өгөх вэ?

-Монгол хүн байна. Сонгуулиа өгнө шүү. Нутагтаа ирээд сонгуульд саналаа өгнө гэдэг бас сайхан л үйл явдлын нэг шүү дээ.

-Нууц биш бол аль намд санал өгөх вэ?

-Намд биш хүнийг нь харж байж сонгоно доо.

-Америкчууд хэр их улстөрждөг юм бол?

-Ард түмэн л хойно адилхан.

-Тэнд л гоё амьдрал байна гэсэн ойлголт манайд байгаад байна. Үнэн чанар ню юу юм бол?

-Гоё амьдрал бий бий. Гэхдээ Монголд ч гоё амьдрал бий шүү дээ. Толгойдоо ямар программ суулгана түүгээрээ л сэтгээд байна л даа. Гадаадад байхгүй сайхан зүйл Монголд л байна. Монголчууд бидний дунд үгээр хэлшгүй халуун, дулаан, элгэмсүү харьцаа байдаг. Ах дүү, аав ээж, элгэн садны дунд… Америк хүн ээжийгээ хоол идүүлээд эх нь мөнгөө төлөхийг хараад Монгол хүн гайхна. Бид эх эцгээ асарч тойлохыг үүргээ гэж үздэг байх жишээтэй. Хадам ээжийгээ нэрээр нь дууддаг зэрэг нь эхлээд сонин санагддаг л даа. Ер нь аз жаргал гэдэг амар төвшин сэтгэл хангалуун байхын нэр шүү дээ. Үнэтэй байр, машин эд өлөг биш.

Ц.ЦЭЦЭГЖАРГАЛ

"ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж