Сонгуулийн төв штабыг намын дарга удирдана гэв

Хуучирсан мэдээ: 2012.05.25-нд нийтлэгдсэн

Сонгуулийн төв штабыг намын дарга удирдана гэв

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, тус намын нарийн бичгийн дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр нар өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

МАН-ын дарга С.Батболд хэлэхдээ “2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулахдаа намын анхан шатны байгууллагаас санал болгосон 1000 гаруй нэрсийн жагсаалтаас шүүж, эцэст нь санал хураалтын зарчмаар шилдэг 76-г баталсан. Ингэхдээ нэр дэвшигчдийн 16 нь эмэгтэй. Арван эмэгтэйг намын листээр, зургаан эмэгтэйг тойрогт нэр дэвшүүлсэн. Энэ бол УИХ-д эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх зорилгоор жендэрийн тэгш байдлыг хангах зарчимд нийцүүлэн хийсэн нэр дэвшүүлэлт байсан гэсэн юм. Мөн энэ удаад МАН шинэ залуу боловсон хүчнийг нэр дэвшүүлэхэд анхаарсан. Энэ ч үүднээс 2004 оны сонгуульд гурван залуу боловсон хүчинг УИХ-д нэр дэвшүүлж байсан бол энэ удаад 27 идэр залууг дэвшүүлсэн” гэсэн юм.

Харин “Сонгуулийн төв штабыг хэн удирдах вэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Сонгуулийн төв штабыг намын дарга удирддаг дүрэмтэй. 12 дэд ажлын хэсэг байгуулагдсан байгаа, түүнийг намын ерөнхий нарийн бичгийн дарга болоод нарийн бичгийн дарга нар удирдаад явна” гэсэн тайлбар хийсэн юм.

МАН-ын хувьд боловсон хүчний нөөцтэй тул шилдэг 76-г нэр дэвшүүлж байна гэлээ. Харин 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөрийн тухайд хоёр жилийн турш ард түмнийхээ санаа бодлыг сонсч, эрдэмтэн судлаачидтай хамтран намаас баг ажиллаж, 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийг боловсруулсан. Энэ цаг мөчид улс орны эдийн засаг үсрэнгүй хөгжлийн гараан дээрээ ирэхээр байгаа. Тэр бүгдийг тооцож мөрийн хөтөлбөрөө боловсруулсан гэдэг тайлбар мөн дагууллаа.
 

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж