Египетэд санал тооллого дуусаагүй байна

Хуучирсан мэдээ: 2012.05.25-нд нийтлэгдсэн

Египетэд санал тооллого дуусаагүй байна

Египетэд ерөнхийлөгчийн сонгуулийн саналын тооллого үргэлжилж байна. Сонгуулийн үр дүнг хэлэхэд эрт байгаа боловч Лалын ахан дүүс нам өөрийн нэр дэвшигч Мохаммед Морсиг Египетийн шинэ удирдагч болох хангалттай олон санал авсан гэж таамаглаж байгаа гэнэ. Сонгогчдын саналыг өчигдрөөс эхлэн тоолж эхэлсэн аж. Араб хэл дээрх хэд хэдэн телевизээр ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн 13 нэр дэвшигчээс Лалын ахан дүүс намаас нэр дэвшигч Мохаммед Морси саналын тоогоор толгой цохиж буй талаар мэдээлсэн гэнэ. Гэвч сонгуулийн санал хураалтын үйл явцыг ажиглаж, судалгаа явуулсан талуудын аль нь ч дүнгээ танилцуулаагүй байна. Хоёр өдөр үргэлжилсэн сонгуулийн саналын маш цөөхөн хувийг тоолж дууссан гэнэ. Гэвч Лалын ахан дүүс нам Морсиг ядаж хоёрдугаар шатанд өрсөлдөх  санал авсан гэдэгт эргэлзэхгүй байгаа бөгөөд баярт мэдээг сонсч, намынхаа далбааг намируулахыг тэсэн ядан хүлээж байгаа аж. Египетийн түүхэн дэх хамгийн өрсөлдөөнтэй сонгууль исламын нэр дэвшигчид болон огцорсон ерөнхийлөгч Хосни Мубаракийн дэглэмийн үеийн төрийн албан хаагчдын дунд ширүүн тэмцэл өрнүүлсэн юм. Нэр дэвшигчдээс Мохаммед Морсигийн хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Мубаракийн дэглэмийн үед Ерөнхий сайд асан Ахмед Шафик байв. Лалын ахан дүүс нам нь Египетэд хамгийн нөлөөтэй, хүчирхэг улс төрийн хүчин бөгөөд анх гарч ирэхдээ Хосни Мубаракийн дэглэмийг унагаад зогсохгүй Египетэд сэргэн мандалтыг авчирна гэж амлажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж