Ц.Анандбазарыг яагаад баривчлав

Хуучирсан мэдээ: 2012.05.25-нд нийтлэгдсэн

Ц.Анандбазарыг яагаад баривчлав

“Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазарыг АТГ-аас баривчлан саатуулсан тухай мэдээлэл өнөөдрийн гол дуулиан болж байна. Учир нь тэр дөнгөж өчигдөр орой МАН-аас УИХ-д нэр дэвших “виз”-ээ аваад байсан билээ. Одоогийн байдлаар түүнийг юуны учир баривчлан саатуулах болсон тухай мэдээллийг албаны эх сурвалжууд өгөхөөс татгалзаж байна.

Ердөө хэдхэн хоногийн өмнө “Сод Монгол” ХХК-ийн захирал Д.Чинзориг гэгч “Ардын эрх” сонинд хандаж, өөрийгөө Н.Энхбаяр, Ц.Анандбазар нарын анхны хохирогч хэмээн ярилцлага өгсөн билээ. Уг ярилцлагад тэрээр өөрийн байгуулсан “Сод Монгол” ХХК-ийн нэр төдийгүй компанийн эд хөрөнгийг Ц.Анандбазарт хэрхэн алдсан, үүнд нь тухайн үеийн МАХН-ын дарга Н.Энхбаяр /тэд 1999 онд “Сод Монгол” ХХК-иас зээл авдаг байх үедээ Ц.Анандбазарыг өөрийн дүү хэмээн танилцуулсан байдаг/ хэрхэн оролцсон талаар дэлгэсэн билээ. Д.Чинзориг захирал сонинд ярилцлага өгөхийн өмнө Ц.Анандбазар, Н.Энхбаяр нарын хохирогч болох тухайгаа АТГ-т гомдол гаргасан байдаг. Тиймээс Ц.Анандбазарыг АТГ-аас баривчлан саатуулах болсон нь дээрх хэрэгтэй холбоотой байж ч болзошгүй юм.

АТГ-ынхан үүнээс өмнө нэг удаа Ц.Анандбазарыг баривчлан саатуулахаар оролдсон боловч тэр нь амжилтгүй болж зугтаалган алдсан тухай ч эх сурвалж мэдээллээ. Тиймээс АТГ-аас хийсэн энэ удаагийн баривчилгаа Ц.Анандбазарын УИХ-ын сонгуульд нэр дэвшсэнтэй холбоогүй бололтой.

Түүний хохирогч болох “Сод Монгол” ХХК-ийн захирал Д.Чинзоригийн ярилцлагыг ЭНД дарж үзнэ үү.

Б.ЗАЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж