МХЕГ-аас 2012 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Дорнод аймагт бүхий л салбаруудыг хамарсан томоохон хяналт шалгалтын ажил хийгдэж эхэлжээ. Шалгалтыг энэ сарын 14-28-ны хооронд МХЕГ-ын дэд дарга Б.Эрдэнэбилэгт ахалж, таван ажлын хэсэгт хуваагдаж, хийж гүйцэтгэж байгаа гэнэ. Дорнод аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн төсөл хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй үйл ажиллагаа, барилга байгууламжуудыг хамруулахын зэрэгцээ Дорнод аймгийн 2011 оны орон нутгийн төсвийн орлого, зарлага, аймгийн Төрийн сан, Аймгийн ИТХ, ЗДТГ, Засаг даргын нөөц сан, Орон нутгийн өмчийн алба, Орон нутгийн өмчийн сангйин санхүү, аж ахуйн үйл ажиллагаа, МХГ-ыг санхүү, хилийн боомтуудын үйл ажиллагаа, аймгийн Боловсрол, соёлын газар, Эрүүл мэндийн газар, Зүүн бүсийн оношлогоо эмчилгээний төв, сургалт хүмүүжлийн байгууллага, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын төлөв байдал, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад холбогдох салбарын хууль тогтоомж, журам дүрэм, стандартын хэрэгжилтэнд хяналт тавьж үнэлэлт дүгнэлт гаргах юм байна.Шалгалтын дүн гарсны дараа МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар энэ сарын 29-ны өдөр хэлэлцэж, эцсийн дүнг зарлах юм байна.
Э.Сараа