Тоон гарын үсэг нь цахим баримт бичгийг хуурамчаар үйлдэх, өөрчлөхөөс хамгаалах зорилготой бөгөөд баримт бичгийн бүрдэл болох цахим гарын үсгийн нэг төрөл юм. Үүнийг тоон гарын үсгийн түлхүүрээр ашиглах гэнэ. Цахим гарын үсгийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор Татварын ерөнхий газарт тайлан тооцоогоо ирүүлдэг бүхий л аж ахуй нэгжийг тоон гарын үсэг ашиглан тайлангаа ирүүлдэг байхыг уриалж байгаа ажээ.
Энэ талаар Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөрөөс тодрууллаа.
-Тоон гарын үсгийг ашиглаж, Татварын ерөнхий газартай харилцах энэхүү тогтолцоог дэлгэрүүлээч?
-Энэ нь түлхүүр ашиглаад тайлан тооцоогоо татварын байгууллагад өгөх тогтолцоо юм. Татварын газар түүнийг нь шалгаад буцаагаад явуулна. Харин нэгэнт явуулсан тайланг засах, нягтлах тохиолдолд дуудаж уулзаж болно. Цахим гарын үсгийн нэгээхэн төрөл болсон тоон гарын үсгийг төрийн байгууллагуудын тайлан тооцоо бүхий л мэдээллийн санд ашиглах хүрээнд одоогийн байдлаар үүнийг нэг мөр ашиглахын тулд бэлтгэл ажлуудыг хийж байна. Ингэхдээ Татварын ерөнхий газарт тайлангаа ирүүлдэг зарим байгууллагууд энэ оны тавдугаар сараас НӨАТ-ын тайлан өгөхөөс эхлээд тоон гарын үсгийг ашиглаж эхэллээ гэж хэлж болох юм. Одоогийн байдлаар 250 аж ахуй нэгж тоон гарын үсэг ашиглаж, тайлангаа өгөх түлхүүрээ авсан байна. Гол нь аж ахуй нэгжүүд сайн хамрагдах хэрэгтэй байгаа.
-Тоон гарын үсгийг аж ахуй нэгжүүд хэрхэн ашиглах вэ?
-Тоон гарын үсгийг ашиглахын тулд эрх олгох гэрчилгээтэй байх хэрэгтэй. Ингэхдээ тоон гарын үсгийн гэрчилгээ олгохыг хүссэн хүсэлтийг www.mta.mn сайтаас татан авч, Татварын ерөнхий газарт ирүүлснээр тоон гарын үсэг эзэмших гэрчилгээ болон түлхүүр тэмдэгтээ авах юм. Энэ түлхүүр нь давтагдашгүй тэмдэгтийн дараалал гэж хэлж болно. Үүгээрээ нууцлалыг хамгаалж байгаа юм.
-Түлхүүр гэрчилгээгээ авсан бол тайлангаа явуулах тэр үйл явцыг танилцуулаач?
-Татвар төлөгч цахим тайлангийн систем буюу сайтын нэвтрэх хэсэгт татвар төлөгчийн регистрийн дугаар, нууц үгээ ашиглан хандана. Тайлан өгөх цэсээр орж, тайлангаа шивж оруулна. Оруулсан тайлангаа хадгалах гэсэн товч дарж, хадгална. Түүний дараа хувийн нууц үгээ оруулахад тайлан Татварын газарт очих юм.