Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр тавих Мөрөн-Тариалан чиглэлийн 79 км авто замын ажлын нээлт Мөрөн хотод болжээ. Энэ чиглэлийн авто замын ажлын санхүүжүүлэгчээр Монгол Улсын Хөгжлийн банк анх удаа авто замын барилгын ажилд хөрөнгө оруулж, байгаа бөгөөд гүйцэтгэгчээр БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Эйч Кэй Би” компани ажиллах юм байна. Харин замын ажилд “Хязгааргүй хөдөлгөөн” компани хяналт тавина. Энэ онд Хөвсгөл аймагт Мөрөн-Тариалангийн чиглэлийн 79 км, Булганы Уньтаас 88 км зам, Мөрөнгөөс Цагаан нуурын чиглэлд 100 км, Ханх сумаас хил хүртэлх 27 км авто замын барилгын ажлыг эхлүүлж байгаа гэдгийг энэ үеэр Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав дурдлаа. Цаашид энэ хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймагт орон сууцжуулах, төмөр зам барих, иргэний агаарын тээврийг олон улсын хэмжээнд хүргэх, НАА-н салбарыг сайжруулах төлөвлөгөөг тусгаж байгаа бөгөөд ингэснээр ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэржсэн аймаг болгоход анхаарлаа хандуулах юм.
Б.Гантуяа /Хөвсгөл/