Саяхан Булган аймгийн ЗДТГ-ынхан нэгэн шинэ шагналыг бий болгожээ. Энэ нь тус аймагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажил, үйлдвэрлэл үйлчилгээний үр дүнг урамшуулж олон нийтэд алдаршуулах, нөгөө талаар өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх зорилготой гэнэ. Аймаг орон нутгийн хөгжилд бодьтой хувь нэмэр оруулсан барилга, байгууламж, байгууллага, олон нийтэд нэн чухал шаардлагатай ажил үйлчилгээний цар хүрээг өргөтгөх, мөн нутгийн ард иргэдийн талархлыг хүлээсэн, хэмжээ, далайцаараа улсын болон бусад аймгийн жишигт хүрсэн байх шаардлагатай ажээ. Шагналд сумдын ИТХ, Засаг даргын тамгын газар, боловсрол соёл, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг томоохон тодорхой салбар хариуцсан агентлаг, мөн иргэний болон ТББ, иргэдийн саналаар нэр дэвшүүлж өрсөлдүүлэх юм байна. Жил бүр нэгээс хоёр шилдэг бүтээн байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээг шалгаруулан Үндэсний их баяр- Ардын хувьсгалын ой, аймгийн баяр наадмын үеэр цом, дагалдах нэг сая төгрөгийн шагналыг гардуулж, хүндэтгэлийн хаягыг албан байгууллагын гадна байршуулж байх гэнэ.
Э.Сараа