Үндэсний бөхчүүд даагаа нэхлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.25-нд нийтлэгдсэн

Үндэсний бөхчүүд даагаа нэхлээ

Сумочид, үндэсний бөхчүүд сагсан бөмбөгийн талбайд нөхөрсөг тоглолт хийв. Хүмүүнлэгийн үйлст зориулахаар “Хакухо” сан, “TLG-13”, “Амжилтын төлөө хамтдаа” ТББ-аас хамтран, “Мон лаа” компанийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “Их Монголын алтан одод-2” шоу тоглолт өчигдөр Монгол бөхийн өргөөнөө болсон юм. Үзэгчдийг ялимгүй чилээж, цагаасаа хоцорч эхэлсэн ч хүчтэнүүдийн энэ халз тулаан “сэргээш” байж чадсан.

ШОУ МАСТЕРУУД

Урлаг соёл, шоу цэнгээн, спорт наадам гээд аль ч салбарын ямар ч арга хэмжээнд хөтлөгчөөр ажиллах авьяастай гэдгээ мэдрүүлсэн “ТВ Коктейл”-ийн Э.Цолмонбаяр, жүжигчин Э.Ууганбаяр, “Х-Түц” хамтлагийн С.Тэмүүжин нар энэ үдшийн “шоу мастерууд” байлаа. “Их Монголын алтан одод-2” шоуны хөтлөгчөөр ажилласан тэд үзэгчдийг сэргээх, бяцхан “пакт” гарсан үед эвтэйхэн зохицуулах гээд үндсэн үүргээ чадварлаг гүйцэтгэснээс гадна урлаг, спортын холимог оддын багийн бүрэлдэхүүнд багтаж, сагсан бөмбөгийн тулаанд оролцоод амжив. Ууганаа, Тэмка, Цоомоо гурав спортын талбар дахь авьяасаа дөвийлгөж чадаагүй ч үзэгчдийг уухайлан, Бөхийн өргөө дүүрэн цугласан үзэгчдийг нэгтгэж, аварга том давалгааг ч бий болгож чадсан юм.

“БИЕ ЖИЖИГ Ч БЭЛЧЭЭР ТОМТОЙ ЖИЖГЭЭ”

Сумочид болоод үндэсний бөхийн хүчтэнүүдийн тоглолтын өмнө урлаг, спортын холимог одод мөн сагсан бөмбөгөөр өрсөлдөв. “Guys”-ын Д.Лхагва, загвар өмсөгч А.Чингүүн, УДЭТ-ийн жүжигчин С.Болд-Эрдэнэ, “Fire” хамтлагийн гитарчин Д.Батбилэг, “Motive” хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаяр тэргүүтэй харьцангуй том биетэй тоглогчдоор багаа бүрдүүлсэн “Passion” багийг Спрайт лигийн тэргүүн тоглогч Г.Ихбаяр дасгалжуулж, Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга боксчин П.Сэрдамба туслахаар нь ажиллажээ. Харин эсрэг талаас цагаан, хөх өмсгөлтэй “Voyage” баг гарч тоглосон. Тус багийн бүрэлдэхүүнд “A-Capella” хамтлагийн дуучин Төрөө, реппер Gee, хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан, дуучин A-Cool, “Lumino” хамтлагийн дуучин Бажи, тулаанч Л.Амарбаясгалан нарын тоглогчид багтсан байв. Тэдний туслах дасгалжуулагч нь Бээжингийн олимпийн аварга Э.Бадар-Ууган. Ерөнхийдөө “найзан дундаа”, хэдийгээр өрсөлдөөний талбар хэдий ч нөхөрсөг, хөгжилтэй байдлаар өрнөсөн тоглолт 29:27 харьцаатай “Voyage” багийн ялалтаар өндөрлөсөн. Энэ тоглолтын гол баатар нь “Motive” хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбаяр буюу Жижгээ байв. Тэрбээр биеийн өндрөөр бусад тоглогчидтой дүйхгүй ч хурдан шаламгай байж, багтаа нэлээд оноо авчирснаар “бие жижиг ч бэлчээр томтой эр” гэдгээ харуулсан юм.

ХАКУХО АВАРГЫГ АЛМАЙРУУЛСАН ДЭВЭЭ, ШАВАА

Хүсэн, хүлээсэн мөч ирлээ. “Их Монголын алтан одод-2” шоуны гол арга хэмжээ, оргил мөч ирж, мэргэжлийн сумогийн 69 дэх ёкозуна Хакухо М.Даваажаргалаар ахлуулсан сумочид, Даян аварга Г.Өсөхбаяр тэргүүтэй үндэсний бөхчүүдийг сагсан бөмбөгийн талбайд урив. Нацу башё өндөрлөмөгц нутгийн зүг яарсан сумочдын багийн бүрэлдэхүүнд их аварга Хакухо М.Даваажаргал, озэки Харумафүжи Д.Бямбадорж, озэки Какурюү М.Ананд, нацу башёгийн түрүү бөх Кёкүтэнхо Н.Цэвэгням, Асасэкирюү Б.Дашням, Токитэнкү А.Хүчитбаатар, Рюүё Э.Санчирболд, Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар, мөн Японы оюутны сумогийн ёкозуна Ямагүчи нар багтсан. Харин үндэсний бөхчүүд Даян аварга Г.Өсөхбаяр, улсын отгон аварга С.Мөнхбат, улсын арслан До.Ганхуяг, Х.Мөнхбаатар, улсын гарьд М.Баяржавхлан, Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Рагчаа, М.Өсөхбаяр, Ч.Санжаадамба нараар багаа бүрдүүлжээ.

Шоуны хөтлөгчид хоёр багийн бүрэлдэхүүнийг танилцуулсны дараа сагсан бөмбөгийн талбайд байраа эзэлсэн тоглогчид “Багт баярыг хүргэв”. Гэтэл Г.Өсөхбаяр аварга тэргүүтэй бөхчүүд үндэсний бөхийн барилдааны дэвээ, шаваа хийж, “поз” авч зогссон нь Хакухо аваргыг алмайруулсан юм. Хариу болгож, ямар үйлдэл үзүүлэхээ мэдэхгүй хэсэг  зуур саатсан Хакухо тэргүүтнүүд инээлдэж, үзэгчид ч энэ агшнаас баяр баясал мэдэрсэн юм.

СУМОЧДЫН "НУУЦ ХӨЗӨР"

Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн санаачилгаар 2005 онд зохион байгуулсан “Их Монголын алтан одод” шоунд 44:40 харьцаатай сумочид хожиж байжээ. Харин энэ удаад үндэсний бөхчүүд Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын удирдлага дор эртнээс бэлтгэлээ базааж, 34:19 харьцаатай ялалт байгуулж, цомын эзэд болсон юм. 100 кг хол давсан жинтэй хүчит бөхчүүдийн энэ өрсөлдөөнд “тоон дунд үсэг цохиж явна” гэдэг шиг ганц жижиг биетэй, түүнийхээ хэрээр хурдан шаламгай тоглолт үзүүлж байсан тоглогч нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар байлаа. Сумочдын багийн “нууц хөзөр” гэгдсэн тэр холбон тоглогчийн үүргийг тун ч чадварлаг гүйцэтгэсэн юм.

Н.ЦЭВЭГНЯМЫН ОМОГШИЛ

Мэргэжлийн сумо бөхийн тавдугаар сарын нацу башёд монгол сумоч Кёкүтэнхо Н.Цэвэгням түрүүлсэн нь омогших учиртай үйл явдал байлаа. Арлын орны сумогийн дэвжээнд хөл тавьсан анхны зургаан монгол сумочийн нэг тэрбээр 20 жилийн дараа анхны түрүүгээ хүртсэн юм. Өчигдрийн шоу тоглолтын бие халаалтын үеэр хөтлөгч Э.Цолмонбаяр түүнийг үзэгчидтэй уулзуулсан. Тэрбээр сумогийн дохёнд монгол бөхчүүдийн 50 дахь түрүүг авсандаа баяртай буйгаа хэлээд, “Миний энэ түрүү бол ганцхан минийх биш. Намайг дэмжиж, хүлээж суудаг монголчуудын минь итгэл найдвар надад ялалт авчирлаа. Та бүхэндээ баярлалаа” хэмээхийг сонссон үзэгчид уухайлан, түүнээр омогшиж, бахархаж буйгаа илэрхийлсэн юм.

ХЭН НЬ ХУРДАН БЭ?

Сумочид болоод үндэсний бөхчүүдийн сагсан бөмбөгийн тоглолтын үеэр шидэлтийн тэмцээн, олс татах болоод “Хэн нь хурдан бэ” тэмцээнийг зохион байгуулсан. Шидэлтийн тэмцээнд сумочид цөөн онооны давуутай хожсон бол олс таталтад сумочид илт илүүрхэв. Харин “Хэн нь хурдан бэ” тэмцээнд сумочдыг төлөөлж, озэки Харумафүжи, үндэсний бөхчүүдээс улсын заан М.Өсөхбаяр нар хурд сорьсон. Хоёул ижил 130 кг жинтэй тул тэднийг ийнхүү уралдуулахаар сонгожээ. Хамгийн сонирхолтой нь, озэки, заан хоёр яг зэрэг барианд орсон. Гэхдээ хөтлөгч “Харумафүжи гүйлтийн тэмцээн сайн үздэг бололтой юм. Яг барианд дөхөж ирээд урагш бөхийгөөд, толгой нь түрүүлж барианы шугам давж байна” гэж хэлээд үзэгчдийг хөгжөөв.

ӨМСГӨЛИЙН ДУГААР ИХ УЧИРТАЙ

Хоёр багийн хүчтэнүүд бүгд ямар нэг утга учир бүхий дугаартай өмсгөлтэй тоглов. Мэргэжлийн сумогийн 69 дэх ёкозуна Хакухо “69” дугаартай тоглосон бол озэки Харумафүжи 70 дахь ёкозуна болохыг бэлгэдэж “70” дугаартай гарав. Харин үндэсний бөхчүүдээс Монгол Улсын 20 дахь аварга С.Мөнхбат “20” дугаартай, 87 жилийн ойн баярын үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, арслан цол хүртсэн До.Ганхуяг “87” дугаартай гэхчилэн бэлгэдэл бүхий тоог сонгосон байлаа.

ҮНДЭСНИЙ БӨХЧҮҮД, СУМОЧИД ХАЙНАА ХАГАЛНА

Хоёр дахь удаагаа зохион байгуулсан “Их Монголын алтан одод-2” шоу үндэсний бөхчүүдийн ялалтаар өндөрлөсөн. Өмнөх шоунд их аварга Асашёорюү тэргүүтэй сумочид тэргүүлж байсан тул хүчтэнүүдийн амжилт 1:1 болж байгаа юм. Харин тэдний хайнаа хагалах тоглолтыг энэ жилдээ багтааж хийх тухай шоуны төгсгөлд зохион байгуулагчид нь онцолсон юм.

100 хувь хүмүүнлэгийн үйлст зориулсан энэхүү тоглолтоос олсон орлогыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нярайн тасагт зайлшгүй шаардлагатай байгаа тоног төхөөрөмж авахад зориулсан нь энэ цагийн энгүй хүчтэнүүдийн тулааны гол утга учир байлаа.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж