Египетчүүд “супер” ерөнхийлөгчийг хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.25-нд нийтлэгдсэн

Египетчүүд “супер” ерөнхийлөгчийг хүлээж байна

Египетчүүд холч ухаантай, шударга, ноён нуруутай, шүтлэгтэй, бүх ард түмнийхээ төлөө зүтгэлтэй цэргийн шинэ удирдагчтай болохыг хүсэн хүлээж буй аж. Нэг үгээр хэлбэл супермэн. Тус улсын шинээр сонгогдох ерөнхийлөгчийг доройтсон эдийн засгаа сэргээж, хуучирч унах шахсан сургуулиудыг сэргээн босгож, нярай хүүхдийг сэхээн амьдруулах инкубатор ч байхгүй эмнэлгүүдийг шинэчлэх зэрэг бэрхшээлтэй олон асуудлууд хүлээж байгаа бөгөөд тулгамдсан асуудлуудыг жагсааж бичвэл маш урт жагсаалт  гарах юм. Египетийн төрд олон жил ноёрхсон Хосни Мубаракийн дэглэмийг унагаснаас хойш анх удаа явуулж буй чөлөөт сонгуульд олон сая хүн саналаа өгсөн аж. Египетийн ард түмэнд удирдагчаа сонгох боломж үүнээс өмнө хэзээ ч байгаагүй аж. Египетийн Ерөнхийлөгч Анвар Садатыг Израйльтай энхийн хэлэлцээ байгуулсны төлөө исламын цэргийнхэн хөнөөсний дараа 1981 онд төрийн эрхэнд гарсан Хосни Мубаракийг Египетчүүд “Фараон” хэмээн хошигнодог байжээ. Түүнээс хойш Хосни Мубарак “тийм”, “үгүй” хэмээх сонголтоор санал хураалт явуулж, олон удаа улиран сонгогдсон юм. 2011 оны нэгдүгээр сард Хосни Мубаракийн гэр бүлийнхэн болон ойрын хүрээнийхэний эрх мэдэл, хээл хахуулийн тогтолцоог эсэргүүцсэн олны хорсол бухимдал дээд цэгтээ хүрч тэсэрсэн билээ. Үүнд Египетийн эдийн засгийн доройтол ч нөлөөлсөн бөгөөд хүн амын 40 хувь нь ядууралд нэрвэгдсэн нь Египетчүүдийг эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөнд нэгдэхэд хүргэсэн юм. Хосни Мубаракийн эрх мэдлийг  түүний хүү Гамал залгамжлах магадлал өндөр байсан ч Египетчүүд түүнийг төрийн эрхэнд гарвал ард түмний амьдрал улам дордоно гэдгийг таамаглаж, 18 хоног үргэлжилсэн бослого хөдөлгөөний эцэст Хосни Мубаракийг огцруулсан билээ. Харин анх удаа ерөнхийлөгчөө өөрсдөө сонгож, шударга ёс ирнэ гэж итгэж найдаж буй Египетчүүд өчигдөр, уржигдар сонгуулийн санал хураах байранд урт дараалал үүсгэсэн юм. Тэд цагдаа, цэргийн хяналтгүйгээр гудамжаар чөлөөтэй зугаалж, сайн боловсрол олж авах эрхийн төлөө сонгууль өгсөн. Хосни Мубаракийг хээл хахууль авч,  эрх мэдлээ урвуулан ашигласан, эсэргүүцэгчдийн бослого хөдөлгөөний үеэр 900 гаруй энгийн номхон иргэний эсрэг гал нээсэн хэргээр шүүж байгаа билээ. Олон сар үргэлжилж буй шүүх хурал ирэх зургадугаар сарын 2-нд шинэ удирдагч тодрохоос өмнө түүнд ял оноох юм. Египетийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн 13 нэр дэвшигчийн хэн нь ч 50 хувийн санал авч чадахгүй бол сонгуулийн хоёрдугаар шатыг ирэх зургадугаар сард явуулж, ялагчийг 21-нд тодруулах аж.  Египетэд сонгуулийн насны 50 сая хүн байгаа бөгөөд санал хураах байрнуудад хоёр өдрийн турш урт дараалал үүссэн нь Египетчүүд сонгуульд ихээхэн итгэл найдвар тээж, идэвхитэй оролцсоныг харуулж байгааг ажиглагчид онцолжээ. Египетийн дарангуйлагч Хосни Мубаракийг огцруулсан ч түүний эрх мэдэл, нөлөө улс төрд бөх оршсон хэвээр байна. Цэргийн эрх мэдэлтнүүд, лалынхан давамгайлсан парламент болон улс төрийн хүчнүүд болон либералистууд Египетийн улс төрийн тогтолцоог өөрчлөх Үндсэн хуулийг хэрхэн батлах асуудлаар мухардалд оржээ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж