Луу жилийн босгон дээр буюу 2012 оны 2 сарын 17, 18-нд Улаанбаатар хотноо нэлээд дуулиантай болсон “Монгол” язгуур урлагийн тоглолтын шууд бичлэг удахгүй Bluray, DVD цомог болж нийтийн хүртээл болох юм байна.
Уг тоглолтыг Алтан Ураг, Хөсөгтөн, Домог, Арга Билэг, Жонон гэсэн монгол язгуур урлагийн 5 хамтлаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хамтран зохион байгуулсан бөгөөд ерөнхий найруулагчаар нь Төрийн Соёрхолт Д.Сосорбарам ажилласан юм. Нийт үзэгчид болон театр, хөгжмийн мэргэжлийн уран бүтээлчдээс өндөр үнэлгээ авсан энэхүү уран бүтээл монгол язгуур урлагийн шинэ цагийн өнгө төрх, хөгжил дэвшлийг харуулж үзэгчдийг байлдан дагуулж, сэтгэлийг нь ихэд хөдөлгөсөн өвөрмөц, шинэлэг тайзны бүтээл болсон билээ.
"Монгол" тоглолтын хэсгээс
Нэлээд амжилттай болсон энэ тоглолтыг гадаадын үзэгчдэд сонирхуулах талаар судалгаа хийгдэж байгаа бөгөөд улмаар дэлхийн хэмжээний аялан тоглолтын төсөл ч яригдаж байгаа юм байна.
“Монгол” тоглолтыг тойрсон үүх түүх, бүтээлийн онцлог, тоглолтын дараах сэтгэгдэлийн талаарх "Монгол тоглолт. Өчигдөр, Өнөөдөр, Маргааш" нэртэй нэвтрүүлэг саяхан ТВ-үүдээр цацагдсан билээ. Нэвтрүүлэгт 5 хамтлагийн уран бүтээлчид болон ерөнхий найруулагч Д.Сосорбарам оролцож, тоглолттой холбоотой санал бодлоосоо хуваалцсан байна. Мөн тоглолтын шууд бичлэгийн хэсгээс оруулсан байна. Энэ нэвтрүүлэг бүрэн эхээрээ саяхан Youtube порталд тавигджээ.
Нэвтрүүлгийг доорх линкээр үзэж болох юм байна.
www.youtube.com