Цахим үнэмлэхийг хэвлэж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.25-нд нийтлэгдсэн

Цахим үнэмлэхийг хэвлэж эхэлжээ

УИХ-ын сонгуулиас өмнө буюу ирэх зургадугаар сарын 28-ны өдрөөс урьтаж  иргэний үнэмлэхээ солиулах юм уу, үрэгдүүлсэн, шинээр авах лавлагаатай иргэдэд цахим үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн. Энэ ажлын явц ямар байгааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Амарсанаагаас тодрууллаа.

-Цахим үнэмлэхийг хэзээнээс иргэдэд олгож эхлэх вэ?

-Улсын их хурлаас гурван заалттай тогтоол гарсан. Тодруулбал, одоогийн бидний ашиглаж байгаа иргэний үнэмлэхээр УИХ-н болон орон нутгийн ИТХ-ын сонгуулийг өгнө. Мөн 2011 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрөөс хойш энэ оны тавдугаар сарын 1-ны өдрийг хүртэл иргэний үнэмлэх хаясан, үрэгдүүлсэн, хулгайд алдсан гэж өнгөрсөн 64940 хүн лавлагаа авсан. Эдэн дундаас сонгуулийн насны 40-өөд мянган хүн байгаа юм. Эдгээр хүмүүст сонгуулиас өмнө иргэний шинэ цахим үнэмлэх олгох үүрэг өгсөн байгаа юм.  Тиймээс бид энэ шийдвэрийг хэрэгжүүлж ажиллана.

-Хэзээнээс цахим үнэмлэх олгож эхлэх вэ?

-Хэвлэлтийг одоо эхэлж байна. Ямартай ч ирэх зургадугаар сарын 10-ны өдөр гэхэд 40-өөд мянган хүний цахим үнэмлэхийг хэвлэж дуусгана. Ирэх зургадугаар сарын 25-ны өдөр  гэхэд иргэдэд олгож дуусгана гэж төлөвлөж байна. 

-Иргэд хаанаас цахим үнэмлэхээ авах вэ?

-Дүүргүүдийн хороодоор дамжуулж цахим үнэмлэхийг олгоно. Орон нутагт аймгийн төв сумдын хороодоор тараана гэсэн үг. Мөн Монгол улсын иргэнд нэг удаа иргэний цахим үнэмлэхийг үнэ төлбөргүй олгоно гэсэн. Тиймээс эдгээр иргэд цахим үнэмлэхээ үнэгүй авна.

                                Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж