Хүний гар хүрэх, илэх, алгадах зэрэг хүртэх мэдрэмжийн хэлбэрүүдийг микрофоны тусламжтайгаар таньж хиймэл булчинг чангалах, суллах, булчингийн татвалзах хөдөлгөөнүүдээр дамжуулан робот өгзөг сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг. Хэрэглэгч роботод анхлан хүрэх үед татвалзах хөдөлгөөн хийж айж эмээж байгаа мэт хариу үйлдэл үзүүлнэ. Хэрэв алгадвал өгзөг булчингаа чангална. Эсрэгээр илж таалж, эелдэг харьцвал булчингаа суллаж хайр энэрэлийг мэдэрч байгаагаа илэрхийлнэ.
Төслийн зорилго нь органик бүтцийн тусламжтайгаар хүртэх мэдрэмжид илүү боловсронгуй хариу үйлдэл үзүүлэх чадварыг роботод олгоход чиглэж байна. Мөн робот өгзөгөөр дамжуулан өмнө байгаагүй роботын шинэ төрлийн хэрэглээний хэлбэрийг хүмүүс ямархуу байдлаар хүлээн авахыг тодорхойлох зорилготой хэмээн youtube дэх бичлэгт дурджээ. Робот өгзөгийг Цахилгаан харилцаа холбооны их сургуулийн профессор Такахаши Нобухиро бүтээсэн бөгөөд тэрээр өмнө нь үнсэлтийг дууриах хүртэх мэдрэхүйн харилцааны төхөөрөмжийг танилцуулж байсан юм.