“Таны үсийг зассандаа би буруугүй. Харин та дараа найзтайгаа ирэхгүй бол би буруутай”

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

“Таны үсийг зассандаа би буруугүй. Харин та дараа найзтайгаа ирэхгүй бол би буруутай”

Богд-Ар
хорооллын өөдөөс харсан Төмөр замын арктай шар байшингуудын нэгэнд
“Life” хэмээх үсчин гоо сайхны салон бий. Хавараа, Намараа гэж
хориодхон насны хоёр өвөр монгол охид энэ салоныг ажиллуулдаг. Салоны
ханан дээр “Таны үсийг зассандаа би буруугүй. Харин та дараа найзтайгаа
ирэхгүй бол би буруутай” гэж бичсэн нь үйлчлүүлэгчдийн анхаарлыг эрхгүй
татдаг. Хавараа нь арай эгчмэд, Бээжингийн 10 шилдэг мастер
үсчингүүдийн нэг Гуй Чаны шавь. Дүүтэйгээ Монголд ирж өөрийн бизнесийг
эрхлээд жил гаруй болж байгаа гэнэ. Түүнтэй мэргэжлийнх нь ажлын талаар
цөөн хором ярилцлаа.

-Та их өвөрмөц
тайралтуудыг богино хугацаанд хийх юм. Тэрнээс гадна олон улсын үсчин
гоо сайханчдын уралдаанаас алтан медаль авч байсан юм байна. Хаана энэ
бүхнийг сурсан бэ?

-Би Бээжингийн гоо
сайхны сургуулийг төгсч, үсний гоёлын болон авангард засалтаар
мэргэшсэн. Мэргэжлийн багшийг маань Гуй Чан гэдэг. Дүү маань бас надтай
нэг сургуульд төгссөн, гэхдээ өөр багштай. Энэ шагналыг өнгөрсөн
арваннэгдүгээр сард Бээжинд болсон Олон улсын үсчин гоо сайханчдын
уралдаанаас авсан юм. Гоёлын болон авангард гэсэн хоёр төрөлд өрсөлдөж,
хоёулангаас нь алтан медаль авсан. /инээв/

-Манекенаа хаанаас авсан бэ, Монголоос олон үсчин оролцсон уу?

-Бээжингээс
авсан. Уг нь Монголоос авсан бол илүү гоё байсан байх. Тэмцээнд 1800
гаруй үсчин оролцож, хоёр өдөр үргэлжилсэн болохоор оролцогчдоо хоёр
хувааж, нэг хэсгийг Бээжинд, нөгөө хэсгийг нь Гуанжоуд өрсөлдүүлсэн.
Бээжингийн оролцогч нар дотор бол би ганцаараа монгол байсан, Гуанжоуд
харин монгол үсчид очсон гэсэн. Намайг тэмцээн зохион байгуулагчид нь
“Монголоос ирж оролцож байгаа өвөрмонгол үсчин” гэж зарласан.

-Манай эмэгтэйчүүд үсэндээ хэр анхаарал тавьж байна. Мэргэжлийн хүний зүгээс өгөх зөвлөгөө юу байна?

-Монгол
эмэгтэйчүүд нүүрээ их сайхан буддаг мөртлөө үсээ бага анхаардаг юм шиг
санагддаг. Монголчууд ярьдаг даа “Хүүхний сайхан хүзүүнээсээ урагш”
гэж. Үс ч гэсэн бас үүнд орно шүү дээ. Хавар болохоор нүүр хуурайшиж,
сэвхэтдэгтэй адил үс ч гэсэн хагтах, цагаан үс ургах зэргээр өвчилдөг.
Тийм учраас хаврын улиралд хамгийн сайн арчилгаа хийх хэрэгтэй.

-Их олон хүн үйлчлүүлдэг юм байна. Танайх үс арчилгаандаа ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ?

-Гуанжоуд
үйлдвэрлэдэг Хятад-Германы хамтарсан “Boenshe” фирмийн бүтээгдэхүүнийг
бид өөрсдөө үйлдвэрээс нь оруулж ирдэг. Монголд нэг их дэлгэрээгүй байх
аа. Үсэнд тэжээл өгөх зориулалттай, цэвэр ургамлын гаралтай будаг,
тэжээлийн тос, витаминуудыг бид хэрэглэдэг. Манай будагны бас нэг давуу
тал нь будаг яг өнгөөрөө ордог. Дулааны улиралд эмэгтэйчүүд үсээ цайвар
өнгөөр будуулах сонирхолтой байдаг шүү дээ. Гэтэл монголчууд ихэнхдээ
хар, бараан өнгийн үстэй болохоор заавал супра хэрэглэж, үсээ гэмтээх
болдог. Манай будагны хувьд тэгэх шаардлага байхгүй. Таны үсний будаг
арилж, дороосоо үсний үндсэн өнгө нь гарч эхэлсэн үед бол яг л өнгөөрөө
орно.

-Танай үс арчилгааны нэг удаагийн
иж бүрдэл үйлчилгээ ямар үнэтэй вэ? Өвчилсөн үсийг эмчлэхээс авахуулаад
бүх үйлчилгээ гоёлын засалттайгаа ороод гэсэн үг шүү дээ?

-100
мянган төгрөгт бол элбэг багтана аа, их үнэтэй биш. Эхлээд үсийг маш
зөв угааж, хуйханд нь витамин, үзүүрт нь тэжээлийн тос түрхээд 15-20
минут иллэг хийх хэрэгтэй. Хагтаж, хугарч, салаалсан үсийг хамгийн гол
нь үсийг цусны эргэлтээр дамжуулж эмчилдэг. Гэтэл манай үсчдийг хараад
байхад тэжээлийн тосыг хуйханд нь түрхэж иллэг хийгээд байдаг. Энэ маш
буруу. Тэгэхээр хуйхан дахь тосны суваг бөглөрснөөс болж үс гэмтдэг,
хагтдаг. Түүнээс гадна хүний идэж байгаа хоол хүнс ч гэсэн үсэнд маш их
нөлөөлдөг. Ялангуяа өлөн дээрээ гаазтай ундаа уух үсэнд их муу. Витамин
дутагдвал үс ургахгүй. Дээр нь хүн оройн 22.00-02.00 цагийн хооронд л
маш сайн унтаж амарч чадах юм бол хүний бие организм, үсэнд ч мөн адил
маш сайн амралт болдог. Унтахдаа үсний сүүн шингэн үзүүрт нь бага зэрэг
түрхээд хонуулахад өглөө маш сайн тэжээл аваал л босоод ирдэг.

-Энэ хаврын үс засалт ямар байх бол?

-Эмэгтэйчүүдийн
хувьд өмнө нь чөлөөтэй, задгай тайралт моод болж байсан бол энэ хавар
жижиг болон урт буржгар үсний загвар эргэж ирж байна. Хүн нэг засалттай
удаан явж чаддаггүйтэй адил үсний засалт ч гэсэн өөрчлөгдөж, шинэ нь
хуучирч, хуучин нь эргэж ирж байдаг.

-Чиний хамгийн дургүй засалт юу вэ?

-Чёлкатай
үс. Монгол эмэгтэйчүүд бүгдээрээ ихэвчлэн шанаа томтой байдаг учраас
шанааг нь дарсан тайралтууд хийх хэрэгтэй болдог. Зарим эмэгтэйчүүд
“Эгч нь үсээ уртаас нь тайрахгүйгээр загварыг нь жаахан өөрчилмөөр
байна” гэдэг. Тэгж болохгүй шүү дээ. Үсчинд орж засалтаа өөрчилье л гэж
байгаа бол тайралт зайлшгүй л хийлгэх хэрэгтэй. Үүнээс айгаад,
харамсаад байх зүйл огт байхгүй. Хятад эмэгтэйчүүд арай туранхай,
гонзгой царайтай байдаг учраас тайралт хийхэд илүү хялбар л даа.

-Жил гаруй болсон юм чинь байнгын үйлчлүүлэгчтэй болсон биз дээ?

-Зөндөө.
400-500 үйлчлүүлэгч байнга надаар ирж үсээ засуулдаг. “Гала”-гийн Ану,
дуучин Эрдэнэтунгалаг, Алтанцэцэг, жүжигчин Ундармаа гээд олны танил
хүмүүс ч байнга ирдэг болсон.

-Манай эмэгтэйчүүд үсээ хэр их арчилдаг санагдав, бэрхшээл гарах юм уу?

-Настай
эмэгтэйчүүд маш их ирдэг, үсэндээ их анхаарал тавьдаг нь надад
таалагдсан. Настай эмэгтэйчүүдийн үс унах нь элбэг байдаг болохоор би
витамин их хэрэглэдэг, Үс арчилгааныхаа бүтээгдэхүүнийг бүгдийг
Гуанжуугаас авчирдаг болохоор тэд ч дуртай байдаг юм. Гэхдээ зарим
эмэгтэйчүүд үсээ зөв угааж чаддаггүйгээс хуурай, ширүүн үстэй явах нь
тааралддаг. Тэгээд “үсийг чинь эрүүлжүүлсний дараа будаг хими хийхгүй
бол болохгүй” гэхээр заримдаа “Миний үс будаг авдаг, хими хийж болно”
гээд зөрөөд байдаг юм. Тэр нь л жаахан хэцүү. Үсийг ер нь гэмтсэн,
эрүүл, бүдүүнҮсний ширхэгийг маш сайн мэдэрч, суналтыг нь мэдэж байж
тайралт болон химийг тохируулж хийх хэрэгтэй. Монгол үсчингүүд үүн дээр
жаахан хайнга хандаад, ихэнхдээ үйлчлүүлэгчийнхээ үгээр засаад байдаг
юм шиг санагддаг. Үйлчлүүлэгчид чинь мэргэжлийн хүмүүс биш болохоор
үснийхээ онцлогийг тэр болгон мэдэхгүй шүү дээ. ширхэгтэй гэж ангилдаг
л даа.

-Чи өөрөө монгол үсчнээр үсээ засуулж үзсэн үү?

-Үзсэн.
Гэхдээ надад таалагдаагүй. Миний толгойны хэлбэрт тааруулахгүй хамаагүй
тайраад гонжийсон толгойтой болгочихсон. /инээгээд/

-Чи ямар тайралтыг хамгийн их хийдэг вэ?

-Сүүлийн
үед жижиг, тэгшхэн тайралт моод болж байгаа. Гэхдээ би тогтсон хэв
маягт баригддаггүй. Хүмүүсийн толгойны хэлбэр, царай төрхийг харж
байгаад яг өөрт нь тохирсон тайралт хийхийг илүүд үздэг. Ерөнхийдөө
чөлөөт тайралтад дуртай. Шинэ жилээр ч гэхэд охид, хүүхнүүд гоёлын
гэдэг уламжлалт засалтаас татгалзаж, энгийн, чөлөөт засалтыг голчилдог
болсон шүү дээ.

-Ийм залуухан охин найз залуутай биз дээ, монгол залуус таалагддаг уу?

-Үгүй ээ, би дүүтэйгээ хоёулаа амьдардаг. Гэхдээ монгол залуус их царайлаг юм билээ.

/2009 оны 3 сарын 3/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж