Монголд нэг ирсэн жуулчин дахин ирэх тохиолдол маш ховор байдаг тухай аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг компаниудын төлөөлөл хэлдэг. Одоохондоо Монголд ирсэн жуулчид дахиж ирдэг эсэхийг судалсан судалгаа хараахан алга. Тэгэхээр тэдний хэлсэн ортой ч байх магадлалтай. Харин гадны орнууд тэр дундаа Тайланд улс жуулчдын судалгааг маш нарийн хийдэг гэнэ.
Манайд 2006 онд 200 мянга хүрэхгүй жуулчин ирж байснаа бодвол жуулчдын тоо 626 мянга болтлоо нэмэгджээ. Гэхдээ эдгээр жуулчдын сонирхлыг татах зүйлс хотын төвдөө бол байхгүй. Сүхбаатарын талбай, Гандантэгчинлэн, Зайсан толгой, гарын таван хуруунд тоологдох музейнүүд. Ингээд л дуусна. Сүүлийн жилүүдэд жуулчид кино театруудад очдог болсныг эс тооцвол шүү дээ. “Үнэндээ хотод үзүүлээд байх юм алга. Хоёр хоног яваад бүх үзүүлж, харуулах бахармал маань дуусчихна. Тиймээс хотоос гарах хэрэгтэй болдог. Жуулчид голдуу долоо хоногийн хугацаатай явдаг болохоор хотод нэг их удаагаад байхыг хүсдэггүй. Шууд л байгалийн үзэсгэлэнт газрууд руу явдаг даа” гэж аялалын жуулчлалын бизнес эрхэлдэг Ш.Ганбат ярив.
Улс орны хөгжлийн гол цөм нь гэдэг утгаар нь ямар ч улсын нийслэлд жуулчид очихыг хүсдэг. Тиймээс ядаж нийслэлийг нь үзээд буцаж хүсэл аялагчдад бий. Гэтэл жуулчдыг алмайруулах нь байтугай аятайхан аргалаад явуулчих газар манай нийслэлд алга. Дуурь, Драмын театр, Үндэсний соёл амралтын хүрээлэн гээд олон газар байгаа ч урд нь баахан том барилга овоолчихсон болохоор жуулчид олж харах нь үгүй. Тэгээд ч дуурь үзэхийг хүссэн хүн Италийг зорино уу гэхээс Монгол руу зүглэхгүй нь ойлгомжтой. Жүжиг үзэхийг хүссэн Шекспирийн эх орныг зорино уу гэхээс Занабазарын бүтээсэн байгалийн театрыг мэдэхгүй л болов уу. Тэгээд ч гадныхан манайхаас өнгө, үзэмж төгс өндөр барилгуудтай болохоор Монголын байшингуудыг тоох нь юу л бол.
Гадны улсуудад хотын жуулчлал гэх зүйлс бий. Үүнийг дээд зэргээр ашигладаг улсын тоонд Филлипин улсын Манила хот багтдаг. Тэд дээр үеийн дуу ихтэй мотоциклоор хотыг нэг тойрох үйлчилгээг жуулчдад үзүүлдэг. Жуулчин тус бүрээс таван ам.доллар авдаг гэх. Энэтхэгийн Момбайг бас мартаж болохгүй. Тэд микро автобусаар мөнгө хийдэг. Манайхны ад үзээд байдаг микро автобусыг тэд өнгө ялган будаж, төрөл бүрийн зургийг зурсан байдаг ажээ. Жуулчин нэг бүрээс найман ам.доллар авдаг ажээ. Үгүй дээ өмнөд хөршийн гурван дугуйтыг бодоход илүүдэхгүй. Гэтэл яг ийм өнгө төрхийг илтгэсэн жуулчлал манайд одоогоор алга. Өндөр хөгжилтэй орнууд “алдрын танхим” гэх зүйлсийг босгосон байх бөгөөд энэ нь аялалын хөтөлбөрт багтана. АНУ гэхэд л зөвхөн Рокн Роллийн алдрын танхимаас нэг тэрбум гаруй ашиг олдог гэсэн судалгаа бий. Англи улс Мадам Тюсогийн музейгээс гэхэд 12 гаруй тэрбум фунт стерлинг олдог аж.
Монгол Улсын аялал жуулчлалын маршрутад Хөвсгөл, Хэнтий, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь зэрэг хэдхэн аймгийн үзэсгэлэнт газар багтдаг ажээ. 21 аймагт аялал жуулчлалын салбар харилцан адилгүй. 5000 гаруй жуулчин хүлээж авсан аймаг байхад, нэг ч жуулчин хүлээж аваагүй аймаг ч бий гэнэ. Аялал жуулчлалын хөгжлөөрөө дэлхийд гайхагддаг улсууд улс орныхоо бүх л газар нутагт жуулчдыг татах олон барилга байгууламж босгож, аялал жуулчлалаа зэрэг хөгжүүлдэг ажээ. Гэтэл манайх үзүүлээд байх юмгүй улс уу гэвэл үгүй. Тиймээс бүх аймгуудыг жуулчид татахуйц хэмжээний барилга байгууламжтай болгох шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд хэлж байсан юм.
Зөвхөн Хөвсгөл далайг түшиглэсэн томоохон аялал жуулчлалын корпус босгох боломж бүрэн бий. Монголын Швейцарь гэж бид сайрхдаг ч түүнд жуулчдыг амраах байгууламж гэхээр зүйлс одоогоор алга. Катарын Доха хот гэхэд л зэлүүд цөл дээр хамгийн том хиймэл нуурыг бүтээж дэргэд нь өндөр зэрэглэлийн зочид буудлуудыг барьжээ. 20 гаруй жилийн тэртээ энэ төслийг өргөн барьж байхад иргэд нь болоод гадныхан бүтэхгүй гэж инээх нь энүүхэнд байж. Гэтэл одоо тэд үүгээрээ маш их хэмжээний мөнгө олдог болсон нь биелэшгүй зүйл гэж үгүйг харуулна.
Бид ганцхан сарын хугацаанд Хүний хөгжлийн сангаас 53 тэрбум төгрөгийг халамж нэрээр иргэдэд тараадаг. Тэглээ гээд ядуурал буурах бус өсч буй. Ингэж дэмий шахуу мөнгө тараахын оронд хөгжлийн хөтөлбөр боловсруулах, ялангуяа Хөвсгөл далайг түшиглэсэн аялал жуулчлалын корпус босгосон бол өнөөдөр тэр мөнгөө нь хэд дахин өсгөөд олчихсон байгаа. Гэсэн ч бид ашиглаж чадсангүй. Зөвхөн уул уурхайгаас хамааралтай болж байгаа гэж дэлхийн эдийн засагчдаас банга хүртээд байгаа манай улс аялал жуулчлалыг мөнгө олох дараагийн хэрэгсэлээ болгож ч болно.
Мөнгө олж болох дараагийн газар нь Дорнод аймгийн гурван улсын хил. Энд Монгол Улсын Чойбалсан хот, ОХУ-ын Чита, Хятадын Харбин хот оршдог. Үүнийг аялал жуулчлалын маршрутад багтаан гадны жуулчдаас тодорхой хэмжээний мөнгө олох боломж байна.
Нэг үеэ бодвол Монголыг зорих жуулчдын тоо нэмэгдэж, төсөвт оруулж байгаа орлогын хэмжээ нь ч нэмэгдсэн. Энэ бол таатай мэдээ. Гэхдээ жуулчдыг татах, даллах зүйлс одоохондоо алга. Хэдийгээр байгалийн үзэсгэлэнт газарт, түүх соёлын дурсгалт газрууд олонтой ч түүнийгээ хөгжүүлж чадахгүйгээр өнөөг хүрчээ. Гэхдээ бидэнд боломж бий. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор Монгол Улс жилдээ 450-500 мянган жуулчин хүлээн авах хүчин чадалтай аж. Гэхдээ энэ бол жуулчдад үзүүлэх газрууд, зочид буудлын үйл ажиллагааг тооцоолон гаргасан тоо. Үүнийг чухам хэд ч хүргэж болох юм. Хамгийн гол нь шаардлага хангасан барилга байгууламж, жуулчдын сонирхлыг татахуйц бүтээн босголт хэрэгтэй. Ердөө л тэр. Тэгсэн цагт бид уул уурхайгаас дутахааргүй хэмжээний орлого олж чадна.