
Дээхнэ үед бол энэ тойрог зартай сайн улстөрчидтэй байсан юм. МУНН-ын дарга, нэрт яруу найрагч агсан О.Дашбалбар, Ардын Их Хурлын дарга асан, МАХН-ын гишүүн байгаад МУНН-д орсон, УИХ-ын дэд дарга байсан Ж.Гомбожав гээд шударга дайчин гишүүд энэ тойргийг төлөөлж байв. Тэгэхэд Сүхбаатар аймгийн нэр улс төрийн талбарт ассан гал шиг бадардаг байлаа. Сүхбаатар аймгийн түшээ, цэрэг маягийн хувцастай О.Дашбалбар үсээ намируулан индэрт гарахад ямар ч цөстэй улстөрч “Намайг юу гэх бол” хэмээн ухардаг байсан үе бий. О.Дашбалбар тэнгэрт хальж, Ж.Гомбожав улс төрийг орхин аж ахуй хөөснөөр дайчин улстөрчдийн уламжлал энэ аймагт тасарсан.
Харин өмнөх хэдэн сонгуулиар эрхэм гишүүн Р.Буд, Ч.Улаан нар тус тойрогт дархлагдаад байв. Ямар сайндаа “Дорно зүгт нар мандаж Сүхбаатараас Ч.Улаан тодорлоо” гэсэн шинэ хэлц үг гарч байх вэ. Тэгтлээ дахин дахин тодорч байсан дархан түшээ нь байв. Уг санаа нь “Дорно зүгт нар мандаж Хятадад Мао Зедун төрлөө” гэсэн дээр үеийн Хятад дууны үгээс өлгөж авсан мөрүүд л дээ.
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд тус тойрогт АН-аас УИХ-ын гишүүн асан, “Бодь” группын ерөнхийлөгч М.Зоригтыг дэвшүүлэхээр болжээ. Тэрбээр УИХ-ын 2004 оны сонгуулиар Дорнод аймагт өрсөлдөн ялалт байгуулж төр түшсэн юм. Дорнод аймгийг УИХ-д төлөөлж байхдаа тэрбээр их зүйл бүтээсэн. Уналтад ороод байсан газар тариаланг нь өндийлгөж өгсөн юм. Тухайн үед М.Зоригт, Женко Х.Баттулга хоёр л УИХ-ын гишүүдийн дундаас тойрогтоо хийсэн бүтээснээрээ өрсөлддөг байв. Ингэж М.Зоригт гишүүн 2004-2008 онд сонгогдсон тойрогтоо их зүйл бүтээсэн, одоо ч тэр нь нүдэнд харагдаж, гарт баригдаж байгаа юм.
Тэрбээр энэ жил аавынхаа төрсөн нутаг Сүхбаатар аймагт өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлж байна. Түүний аав, Монгол Улсын хүний гавьяат эмч Мөнхчулуун зон олны эрүүл мэндийн төлөө ихийг хийсэн хүн. Саяхан түүний нэрэмжит төвийг нээсэн. Аавынхаа дурсгалыг хүндэтгэж хүү нь энэ сонгуулиар төрсөн аймагт нь өрсөлдөхөөр болоод байна. Ямар ч аймгийг өөд татаад явах чадалтай бизнесмэн түүнд Сүхбаатар аймгийнхан ихээхэн найдвар тавьж буй.
МАН-аас эрхэм гишүүн Р.Будыг дахин нэр дэвшүүлэхээр ярьж байна. Өмнө нь гурван ч удаа тус тойргоос сонгогдсон тэрбээр дахин “даага хөтлөхөөр” тус тойргийг онилжээ. Эдийн засгийн байнгын хорооны дарга гэсэн гуншин хоёрхон сарын өмнөөс түүний нэрэнд чимэг болон нэмэгдээд буй.
Сүхбаатар аймгийн дархан түшээ Ч.Улаан саяхан МАН-аас данс дугуйлан МАХН-ын хүн болж зүүн бүсийг хариуцсан нарийн бичгийн даргаар сонгогдлоо. Нэг тойргийн дархан хоёр түшээ мандат цөөрсөн аймагтаа өөр өөр нам төлөөлөн өрсөлдөж мэдэхээр байна.
Ч.Улаан гишүүний хувьд Төмөртэйн цайрын ордыг түшиглүүлэн Хятадын хөрөнгө оруулалттай үйлдвэр бариулж, түүний үр шим нутгийнханд төдийлөн хүртээгүй гэсэн шүүмжлэл дагуулах болсон. Аймгийнхаа нэрийг гаргадаг гол “имиж” нь хурдан морь. Тод манлай уяачийн тод хээтэй залаат малгайг өнгөрсөн цагаан сараар тэргүүн дээрээ залсан гэж байгаа. Гэхдээ Ч.Улаан гишүүнийг МАХН листээр нэр дэвшүүлж магадгүй. Тэгвэл МАХН-МҮАН-ын эвслээс Б.Дэлгэрцогт нэр дэвшиж болзошгүй байна. Тэрбэээр хуучин АН-ын гишүүн байхдаа хоёр ч сонгуульд Сүхбаатар аймагт нэр дэвшээд гарч ирж чадаагүй. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар зэрэг газарт АН-ыг төлөөлөн ажиллаж байсан Б.Дэлгэрцогт М.Энхсайханыг даган ҮШН-д орж улмаар МҮАН-ын гишүүн болоод байгаа юм.
Түүнтэй хамт АН-аас дэвшиж байсан “Монос”-ын Л.Эрдэнэчимэг энэ удаа нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшихээр болоод буй.
МАХН-МҮАН-ын эвслээс Х.Оюунцэцэгийн нэрийг Сүхбаатар дүүрэгт дэвшүүлж магадгүй сураг бас сонсогдсон. Иргэний хөдөлгөөн, Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын холбоо зэргийн үйл ажиллагаанд оролцож олонд бага зэрэг танигдсан түүний ялах магадлал төдийлөн харагдахгүй байгаа.
ИЗНН-аас Р.Буд гишүүнтэй нэр нэгт, Үндэсний хорооны гишүүн Б.Буд гэгчийг дэвшүүлэхээр болжээ. Хэрэв тэгвэл хоёр Р.Буд сонгогчдын толгойг хөөрхөн эргүүлж санал хувааж аль аль нь өвдөг шороодож мэдэх юм. Хоёр Буд сонгогчдын толгойг эргүүлэх аваас бусад намын нэр дэвшигчдэд ялалт байгуулах аятайхан боломж нэмэгдэнэ.
Нэр нэгт Будууд, нэг намд байгаад хоёр тийш салсан Р.Буд, Ч.Улаан нар гээд сонин сонин “Тататунгаа” наадам Сүхбаатарын сонгогчдын IQ-г шалгаж мэдэх өрсөлдөөн жанжны нутгийнхныг хүлээж байна.
Тод манлай уяач Ч.Улаан, замчин Р.Буд нараа сонгож хуучин хэвээрээ үлдэх үү, шинэ цагийн бизнесмэн М.Зоригтыг гаргаж аж төрлөө урагшлуулах уу гэдгийг сар гаруйхны дараа сүхбаатарчууд шийдэх үлдлээ.