-Төрөөс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бодлогоор дэмжиж байгаа. Үүний нэг нь 50 сая хүртлэх орлоготой аж ахуйн нэгжийг НӨАТ-аас чөлөөлөх явдал?
-Монгол Улс жижиг, дунд орлоготой аж ахуйн нэгжийг дэмжиж, тэдний үйл ажиллагааг өргөжүүлэх, жижгээс дунд руу, дундаас том руу шилжих бололцоог бүрдүүлэхийг зорьж байгаа. Үүний хүрээнд олон ажил хийж байна. Тодруулбал, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бага хүүтэй зээлийг 2010 оноос эхлэн олгосон, цаашлаад зарим татвараас чөлөөлөх талаар хууль боловсруулж, УИХ-д өргөн бариад байна. Энэ хуулийн төсөлд 50 сая хүртлэх орлоготой аж ахуйн нэгжийг НӨАТ-аас чөлөөлөхөөр тусгасан бий. Хэрвээ энэ хууль батлагдчих юм бол жижиг, дунд үйлдвэрүүдэд томоохон боломж олгох болно.
-Энэ жил хичнээн тэрбум төгрөгийг жижиг, дунд үйлдвэрүүдэд тараахаар болсон бэ хө?
-Сум хөгжүүлэх сангаар дамжуулж 24 тэрбум төгрөгийг улсын хэмжээнд нийт 330 суманд хувааж байгаа. Үүн дээр нэмээд 50 тэрбум төгрөгийг арилжааны банкаар дамжуулан олгох юм. Нийтдээ 70 тэрбум төгрөгийг жижиг, дунд үйлдвэрүүдэд тараана гэсэн үг.
-Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр жижиг, дунд үйлдвэрийг санхүүжүүлж байгаа биз дээ?
-Энэ ажлыг Сангийн яам хариуцсан байгаа. Хичнээн жижиг, дунд үйлдвэрт энэ хөнгөлөлттэй зээлээс олгосныг бид мэдэхгүй байна. Ямар ч байсан Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлтэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай төслийн хүрээнд энэ жил 20 орчим тэрбум төгрөгийг тараах юм билээ. Ер нь сүүлийн жилүүдэд жижиг, дунд үйлдвэрүүд маш олон байгуулагдсан. Ажлын байр ч нэмэгдсэн. Энэ бүхэн тэднийг төрөөс бодлогоор дэмжсэний үр дүн гэж бодож байгаа. Цаашлаад жижиг, дунд үйлдвэрүүдээ томруулах, үндэсний томоохон үйлдвэрийг олноор төрүүлэх бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Үндэсний томоохон үйлдвэрүүд төрснөөр Монгол Улсын эдийн засаг хөгжинө. Дотоодын үйлдвэрлэл сайжирна. Одоо бол Монгол Улсын эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт дээр тогтож байна. Дотоодод зарж байгаа бараа бүтээгдэхүүнийг гаднаас импортолж байна.
-Ингэхэд хичнээн жижиг, дунд үйлдвэр шинээр бий болсон бэ. Хичнээн хүн ажлын байртай болов оо?
-Манай газраас хийсэн судалгаагаар 24700 хүн шинээр ажлын байртай болсон байна лээ. Ихэнх нь хөдөө орон нутгийнхан. Харин шинээр 1307 үйлдвэр байгуулагдсан байна. Хэдийгээр жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжиж байгаа ч цаана тэнд ажиллаж байгаа олон хүнийг төр ажлын байраар хангаж байгаа гэсэн үг юм. Дээрх шинээр байгуулагдсан үйлдвэрүүдийн 25 хувь нь хүнсний чиглэлээр, 18 хувь нь хөнгөн үйлдвэрийн чиглэлээр, 14-15 хувь нь барилгын чиглэлээр, 20 орчим нь мах, сүүний чиглэлээр байгуулагдсан.
-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгардаг хамгийн гол бэрхшээл нь барьцаа хөрөнгө. Зээл авахыг хүссэн олон өргөдөл арилжааны банкнаас буцаагдах гол шалтгаан нь барьцаа хөрөнгийн асуудал байдаг талаар банкныхан ярьдаг.?
-Энэ үнэн. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгарч буй хамгийн том бэрхшээл бол барьцаа хөрөнгийн асуудал. Өнгөрсөн онд зээл авахыг хүссэн 200 өргөдөл барьцаа хөрөнгийн асуудлаас болоод арилжааны банкнаас буцаагдсан. Мэдээж, арилжааны банк ашгийн байгууллага болохоор юу л гэж хүний бизнест ямар ч барьцаагүйгээр зээл олгох билээ. Тиймээс УИХ-аас “Зээлийн батлан даалтын сан”-г байгуулахаар шийдвэрлэсэн. Гэхдээ энэ санг байгууллаа гэхэд асуудал бас байна.
-Ямар асуудал гэж. “Зээлийн батлан даалтын сан”-г ирэх зургадугаар сард байгуулна гэдэг үнэн үү? Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид энэ санг хэзээ байгуулах бол гэсэн хүлээлттэй байна лээ?
-“Зээлийн батлан даалтын сан”-г байгуулах ажлыг Сангийн яам болон Санхүүгийн зохицулах хороо хариуцаж байгаа. Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл өгөх гэсэн. Ирэх зургадугаар сард байгуулна гэсэн яриа байгаа. Гэхдээ яг зургадугаар сард байгуулагдах эсэх нь тодорхойгүй байна. Олон юм өнөөдөр ойлгомжгүй байгаа болохоор үүнийг цэгцэлж байгаад сангаа байгуулахгүй бол болохгүй. Ямар, ямар ойлгомжгүй асуудал байна вэ гэвэл нэгдүгээрт, “Зээлийн батлан даалтын сан”-г байгуулах журмыг Засгийн газар өнөөдөр ч батлаагүй байгаа. Журам нь батлагдаагүй болохоор санг байгуулах ажил тодорхой хэмжээгээр хойшлогдох биз. Хоёрдугаарт, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд төр 60 хувийг нь дааж, үйлдвэрлэл эрхлэгч 40 хувийг даана гэсэн заалт бий. Гэтэл яг ямархуу мөнгөний 60 хувийг төр даах нь вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Нэг сая уу, нэг зуун сая уу, нэг тэрбум төгрөгийн үү гэдгийг нарийн тусгах ёстой. Хэрвээ зуун сая доторх зээлийн 60 хувийг төр даана гэвэл энэ нь ашигтай. Олон жижиг, дунд үйлдвэрүүд бий болно гэсэн үг. Харин тэрбум төгрөгийн 60 хувийг төр даана гэвэл эрсдэлтэй юм. Тэр хүн зээлээ төлөхгүй байвал яах уу. Өч төчнөөн тэрбум төгрөгийн зээл аваад төлж чадахгүйд хүрвэл түүнийг ньтатвар төлөгчдийн мөнгөөр төлөх хэрэг гарвал яах юм. Гуравдугаарт, Баян-Өлгийн , Ховд,Увс гээд хөдөө орон нутгийнхан энэ санд хэрхэн хамрагдах нь тодорхойгүй байгаа. Арилжааны банкны ажилтан үүнийг хариуцна гээд байгаа юм. Үнэндээ арилжааны банкны ажилтан үзэмжээрээ өөрийнхөө хүмүүсийг “Зээлийн батлан даалтын сан”-д хамруулбал яах юм. Үүнд хэн хяналт тавих юм. Дөрөвдүгээрт, жилд хэдий хэмжээний зээлд батлан даалт гаргах юм. Тавдугаарт, эх үүсвэрийг хаанаас бүрдүүлэх юм гээд шийдвэрлэх, зохицуулах асуудал цөөнгүй байна.
-“Сум хөгжүүлэх сан”-гийн мөнгийг сумын Засаг дарга өөрийнхөө ах дүү хамаатан садангуудад тарааж байна гэсэн гомдол цөөнгүй гардаг. Яагаад заавал сумын Засаг даргын мэдэлд “Сум хөгжүүлэх сан”-гийн мөнгийг тараах эрхийг шилжүүлсэн юм бэ. Энэ мөнгө хэдийгээр улсын төсвөөс гарч байгаа ч татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Сумын Засаг дарга авлига авах нөхцөл бүрдээд байгаа юм биш үү?
-Өнгөрсөн жил бид үүнийг шалгасан. Мэдээж, Уулын мод урттай, богинотой, олон хүн сайнтай муутай гэгчээр зарим нэг сумын Засаг дарга тиймэрхүү үйлдэл гаргасан байна лээ. Гэхдээ бүгдээрээ биш. Монгол Улс 330 сумтай. Үүний 310 сумын Засаг дарга сангийн мөнгийг шударгаар хуваарилсан байсан. Харин 20 сумын Засаг даргад бид сануулга өгсөн. “Сум хөгжүүлэх сан”-гийн мөнгийг орон нутгийнх нь Засаг захиргаа өөрөө тараасан нь дээр. Эндээс хэн нэгэн яам, агентлагийн даргын мэдэлд байснаас илүү түргэн, шуурхайгаар хөдөөгийнхөн зээлээ авна. Тийм болохоор энэ сангийн үйл ажиллагааг манай байгууллага харин ч дэмждэг. Алдааг нь хянаж, засч залруулах арга хэмжээ авдаг. Тэгээд ч сумын Засаг дарга дангаараа шийддэггүй байх. Сумын иргэдийн нийтийн хурлын долоон хүний оролцоотойгоор шийдвэрлэдэг гэсэн.
-Зарим хүмүүс зээл авчихаад түүнийгээ өөр зүйлд зарцуулчихдаг гэсэн яриа бий?
-Тэрнийг бол сайн мэдэхгүй байна. Тийм зүйл гарах нь бараг ховор доо. Хүмүүс ажил амьдралаа дээшлүүлэхийн тулд зээл авч байгаа. Зээлээ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зарж борлуулаад л төлөх ёстой юм. Ийм л байна.
-Танайх зээл олголтод хэрхэн хяналт тавьдаг вэ, ингэхэд?
-Бид жилд хоёр удаа хяналт, шалгалт явуулдаг. Одоо жижиг, дунд үйлдвэрүүдэд бид хоршоолол байгуулахыг, ганц нэгээр бус хоршоолж ажиллавал илүү үр дүнд хүрнэ гэдгийг ойлгуулж, таниулж байгаа.