Н.Энхбаярын ”Ард түмэндээ” өгөх гэж авсан лиценз

Хуучирсан мэдээ: 2012.05.25-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярын ”Ард түмэндээ” өгөх гэж авсан лиценз

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын авлига, албан тушаа­­­­лын хэргийг өчигдөр Сүх­баатар дүүргийн шүүхэд шүүх байсан ч шүүх хурал “уламжлал ёсоор” хуралдсангүй. Шүүх хурлыг хийлгэдэггүй уламж­лалыг долдугаар сарын 1-ний хэрэгт шалгагдаж буй цагдаа­гийн экс дарга нар эхлүүлж, экс Ерөнхийлөгч араас нь дэмжиж байгаа билээ. Өчигдөр хуралдах ёстой байсан шүүх хурлыг хойшлуулсан шалтгаан нь Н.Энхбаяр дүүргийн шүүх дээр хүрэлцэн ирээгүй явдал билээ. Уг нь түүний хэрэгт хамт шалгагдаж буй До.Чулуунбаатар, М.Мягмаржаргал болон өмгөө­лөгчид нь ирсэн боловч Н.Энхбаяр өөрөө ирсэнгүй. Өмгөөлөгч О.Баасанхүү нь түүнийг “олон нийтийн өмнө гарах боломжгүй” гэсэн эмчийн дүгнэлтийг л шүүхэд өгөхөөр ирсэн бололтой юм. Шүүх хурал ирэх сарын 4 болтол хойшилсон байна. Дахиад хэдэн удаа ч хойшилж мэднэ. Угаасаа мөрдөн цбайцаалт өгөхдөө хөлөөрөө очиж чаддаггүй, заавал хүнээр үүрүүлж, дүүрүүлж явдаг хүн шүүхийн танхимд сайн дураараа ирээ гэж үү. Ядаж л ирэх сонгууль хүртэл шүүх хурлыг хойшлуулж, цаг хожих хүсэлтэй байгаа нь тодорхой. Шүүх хурлыг хойшлуулснаар ганц Н.Энхбаяр ч хожих биш, иргэд олон нийт ч бас зарим талаар хожиж байна. Учир нь хойшилсон хоног өдрийн тоогоор түүний тухай шинэ шинэ баримт мэдээллүүд олдож, шинэ шинэ “дүр төрх”-үүд харагдсаар байгаа билээ.


Анх АТГ-ынхан Н.Энх­баярыг “Өргөө” зочид буудал, “Улаан­баатар таймс”-ын хэв­лэх үйлдвэр зэрэг нийс­­лэлийн өмчит хэд хэдэн үйлд­вэ­рийн газрыг үнэгүйдүүлж “идсэн” хэргээр дуудаж шалга­сан билээ. Шалгасан хэрэг нь ч баримтаар нотлогдсон болоод прокурор яллах дүгнэлт үйл­дэж, шүүх рүү шилжүүлсэн хэрэг биз. Гэвч Ерөнхийлөгч асныг шалгуулахгүй хэмээн цахдаж, хэвтэж, өлсч, харааж /бас салаавч гаргаж/ янз бүр болж байх зуур түүнд холбогдох хэргийн материал улам зузаар­саар байгаа бололтой. Хэр их зузаарсан нь шүүх хурал болсны дараа л ил тод болох байх даа. Өөрийнх нь өмгөөлөгч лав сар га­руй уншаад бараагүй юм гэнэ лээ.

Дөнгөж сар гаруйхны өмнө дөө, Ерөнхийлөгч асан шүүхийн шийд­­вэрээр хоригдохоосоо өмнө монголчуудад амлаж бай­сан амлалтуудын нэг нь байгалийн баялгийг ард түмэн­дээ хувааж өгөх, үнэ төлбөргүй эзэмшүүлэх. Одоо үлдээд байгаа хэсгийг нь үнэгүй тараагаад зог­сох­гүй, Оюутолгой гэх мэт бусдын гар дээр очиж, тогтвортой байдлын гэрээ энэ тэр хийгдчихсэн ордуудыг ч хурааж аваад ард түмэндээ тараа­чихна гэж байгаа.

“Хүний машин донсолгоонд сайн” гэдэг шиг улсын болон бусдын өмчид хайр гамгүй экс Ерөнхийлөгч маань хувийнхаа өмчид харин нэлээд ариг гамтай нэгэн бололтой. Тиймдээ ч Ашигт малтмалын газраас авсан лицензүүдээ хүртэл өөрөөсөө холдуулж, ээжийнхээ төрсөн дүүгийн нэр дээр хадгалуулсан хэрэг биз.

Н.Энхбаярын ээж Р.Бүдханд гуайн төрсөн дүүг Раднаагийн Энхзаяа гэх энэ эмэгтэй 2005 оны долдугаар сарын 21-ний өдөр Ж.Бямбацогт захиралтай “Түжела Эйжиа” ХХК-тай хамтарч “Могол интернэшнл” ХХК-ийг байгуулсан юм байна. Үүнээс хойш “Могол интернэшнл” ХХК-ийн нэр  дээр ашигт малтмалын най­ман лиценз буюу тусгай зө­шөөрөл олгогдсон байна. Хачир­халтай нь бүтэн долоон жилийн дотор уг компани лицензэт талбайнууддаа нэг ч хайгуул, олборлолт хийгээгүй, зөвхөн хугацааг нь сунгаад хадгалаад байдгийг бодоход эгзгийг нь тааруулж үнэд хүргэх, “чулуу болгох”-оор хав дарж байгаа бололтой. “Могол интернэшнл” компанийн нэр дээр хадгалагдаж байгаа найман лиценз наймуулаа хайгуулын тусгай зөвшөөрөл бөгөөд нийт лицензэт талбайн хэмжээ 64400 гаруй га болж байна. Архангайн Хашаат, Өвөрхангайн Хархорин, Ховдын Мөст, Цэцэг, Увсын Цагаанхайрхан сумдын нутагт олгогдсон эдгээр лицензийн гурав нь алтны үндсэн орд бөгөөд төмрийн хоёр, молибдений нэг, газрын ховор элементийн нэг, нүүрсний нэг орд Н.Энхбаярын гэр бүлийнхний халаасанд ороод байгаа аж. Лицензүүдийн дөр­вийг нь Н.Энхбаярыг Ерөн­хийлөгч болохоос өмнө буюу 2004 онд, үлдсэн дөрвийг нь 2008 оны сонгуулийн дараа есдүгээр сард АМГ-аас олгосон байна. Найман лицензийг ирэх 2013 оны есдүгээр сар хүртэл хугацааг нь сунгаж, татвар төлжээ. Хайгуулын лицен­зийн төлбөр ашигт малтмалын нэр төр­лөөс хамаарч жилдээ га тутамд нэг ам.доллар орчим байдаг гээд бодоод үзэхэд Н.Энхбаярын гэр бүлийнхэн жилдээ 64 мянган доллар буюу 80 гаруй сая төгрөгийг лицен­зийн төлбөрт төл­дөг гэсэн үг. Баргийн баян айл энэ хэмжээ­ний төлбөрийг жил тутам төлөөд байхгүй л байх. Тэгэхээр экс Ерөнхийлөгч маань ард түмэндээ өгөхөөр гэр бүлийнхээ нэр дээр “хадгалсан” лицен­­зийнхээ төлбөрт багагүй “шатдаг” бололтой юм. Үүнийг л эх оронч сэтгэл гэхгүй бол өөр хэнийг “эх оронч”-оор тооцох билээ дээ.

Б.СЭМҮҮН

     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж