”19” кино нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.25-нд нийтлэгдсэн

”19” кино нээлтээ хийнэ

“Тэнгис” кино театрын дэлгэцнээ маргааш 17.00 цагт “19” нэртэй уран сайхны кино нээлтээ хийх гэж байна. Монголын тайз, дэлгэцийн сор болсон бүтээлийг ард түмэндээ хоногшуулж чадсан нэрт найруулагчид тус бүрдээ энэхүү киног гурван хэсэг болгон хийжээ. “19” киноны ерөнхий зохиолчоор Б.Цэнддоо, ерөнхий продюсераар Б.Батбаяр буюу Баабар, киноны хөгжмийг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав бичсэн бол УДЭТ-ын найруулагчаар Б.Баатар, Төрийн шагналт, кино найруулагч Б.Балжинням, найруулагч И.Нямгаваа  нар ажиллажээ.  Энэхүү бүтээлийнхээ тухай ерөнхий продюсераар ажилласан Баабар “Кино урлагт өмнө нь хэн ч хийж байгаагүй шинэ барил олсныгоо л харуулъя гэж бодсон” хэмээн ярьсан юм.

Киноны хэсэг бүрт нэг дүрийг өөр өөр жүжигчид бүтээжээ. Кино багийнхан энэхүү бүтээлд олны танил жүжигчдийг сонгоогүй нь цаашид хөгжиж буй энэ салбарт шинэ нүүр царай  гаргахыг зорьсонтой нь холбоотой гэнэ. Үүрцайх хэмээх хүүгийн амьдралыг гурван тусдаа хэсэгт өгүүлсэн уг киноны нэгдүгээр хэсэгт УДЭТ-ын найруулагч Б.Баатар тогложээ. Энэ хэсэгт хүүгийн бага нас, эцэг эхийн харилцаа, жирийн Монгол айлын амьдралаар эхлэх бөгөөд нийгэмд тулгамдах асуудлууд гэр бүлийг аз жаргалгүй болгоод зогсохгүй Үүрцайх хүүг өнчрүүлж буйг харуулсан байна. Харин хоёрдугаар хэсэгт Төрийн соёрхолт, найруулагч Б.Балжинням хүүгийн өсвөр нас болон анхны хайр, дурлалыг инээдэм, адал явдалтай холбон үзүүлэх юм. Хүний амьдралын үнэ цэнийг харуулсан хамгийн сүүлийн хэсгийг найруулагч И.Нямгаваа “артхаус” төрлөөр сонирхол татахуйц харуулсан байна. Сонирхуулахад, найруулагчид бие биенийхээ кино бүтээлийн явцад оролцолгүй тэр ч бүү хэл  хоорондоо ямар ч зөвшилцөөнгүй гүйцэтгэсэн нь киног улам бүр сонирхолтой болгож байгаа юм.

Ингээд “19” киноны гуравдугаар хэсэг буюу сүүлийн хэсгийн зохиолыг бичсэн зохиолч Г.Анхбаяртай уулзлаа. Түүний бичсэн зохиолыг найруулагч И.Нямгаваа артхаус төрлөөр найруулан дэлгэцнээ амилуулсан байна.

-Та "19" киноны гуравдугаар хэсгийн зохиолыг бичсэн. Гол дүрийн залуу Үүрцайхад таны зохиол дээр юу тохиолддог талаар сонирхуулахгүй юу?

-Үйл явдалын хувьд гэх юм бол үзэж байгаад мэдэх хэрэгтэй байх, одоо ярьчихаар хэтэрхий хайран байна. Ерөнхийдөө би яагаад анх энэ киноны зохиолыг бичих болсон бэ гэхээр өнгөрсөн өвөл надад нэг аятайхан киноны санаа төрсөн юм. Хорхой хүрээд, бичмээр санагдаад нэг бүтэн киноны 100 орчим хуудас зохиол бичээд түүнийгээ Баабар ахад үзүүлсэн. “Би нэг ийм кино зохиол бичлээ, та нэг хараач. Үүнийг кино болговол ямар вэ” гэж харуулсан. Баабар ах түүнийг уншиж үзээд “Таалагдаж байна, хоёулаа чиний санааг амилуулаад кино болгоё. Гэхдээ яг энэ бүтнээр нь биш, үндсэндээ чиний санааг үлдээгээд бусдыг нь арай өөр маягаар хийе” гэсэн. Баабар ах киног шинэ маягаар хийх санаа төрсөн юм байна лээ. Тэгээд Монголын шилдэг найруулагчдыг урьж авчраад киногоо гурван хэсэгт хуваагаад хийсэн. Ерөнхийдөө манай кино зохиол маань нэг залуугийн бага наснаас эхлээд залуу нас хүртэлх амьдралыг харуулдаг. Түүний залуу насанд амьдралын үнэ цэнийг харуулсан нэг зүйл тохиолдоно. Тэр нь юу ч байж болно. Хайр дурлал ч юм уу, гэмт хэрэг гээд юу ч тохиолдож болно. Тэрийг та бүхэн энэ киноноос харах байх. Залуугийн амьдралыг бага нас, өсвөр нас, залуу нас гэсэн үндсэн гурван хэсэгт хуваагаад гурван том найруулагчид өгчихье. Чи өөрөө энэ гурваас аль нэгийг нь сонго гэсэн. Өөр өөр найруулагч, зохиолч нар нь хоорондоо мэдэхгүйгээр тусдаа хийсэн. Би үндсэндээ киноны сүүлийн хэсэг гол хэсэг байдаг болохоор сүүлийн хэсгийг бичихээр болоод хуучин зохиолоо жаахан өөрчлөөд шинэ юмнууд нэмээд, сайжруулж засаад бичсэн. Анхны маань бүрэн хэмжээний киноны зохиол маань ийнхүү кино болон түүнийг том том найруулагчдаар амилуулна гэхээр маш их сэтгэл хөдөлж байна. Ялангуяа миний бичсэн киноны сүүлийн хэсгийг И.Нямгаваа найруулагч найруулсан. Түүнтэй анх уулзахдаа зохиолыг маань яадаг бол, аваад шидчих болов уу гэж жаахан эмээж байсан. Харин И.Нямгаваа гуай их гайгүй сайхан хүлээж аваад кино хийхээр болоход нь үнэхээр их баярласан. Тэгээд л үндсэндээ кино маань бэлэн болсон доо. Энэ сарын 11-нд киноны гурван багийн уран бүтээлчид анх удаа нэг цуглаж уулзсан. Маш сонирхолтой байсан. Ерөнхийдөө гурван найруулагч маань өөр өөрсдийнхөөрөө хийсэн байна лээ. И.Нямгаваа найруулагч миний зохиол дээр өөрийнхөө мундаг санаануудыг нэмээд маш гоё болгосон байсан. Түүнийг хараад сэтгэл үнэхээр их хөдөлсөн.

-Нөгөө хоёр хэсгийг нь үзсэн үү. Зохиолтой нь танилцаж амжсан уу?

-Яахав, зохиолыг нь би гадарлаж байсан ч гэсэн яг ч тийм сайн мэдээгүй байсан. Кинон дээрээсээ л харсан. Зохиолоо хоорондоо ярилцаж, мэдээгүй бичсэн гэхэд их давгүй нийлж тохирч байсан. Үндсэндээ миний анх гаргаж байсан зохиол бол шал өөр, байхгүй болчихсон байсан. Тэндээс дүрүүдийн нэр л үлдсэн. Бусдыг нь манай зохиолч найруулагчид өөрсдийнхөөрөө хийсэн. 

-Энэ зохиолын анхны хувил­бараасаа сонирхуулбал?

-Анхны зохиолын хувилбар болохоор бялуун дээр лаа тавин шүдэнз асаагаад, тэгэхээр нэг насных нь амьдрал гараад гэх мэтчилэнгээр арван найман ширхэг лаа асаан 18 хүртэлх амьдралыг нь гаргадаг. Гэхдээ 18 хүүхэд олох амаргүй болохоор зарим нэг насыг нь алгасаад үндсэндээ гурван хэсэгт хуваасан. Тэгээд 19 дэхь лаагаа асаах эсэх нь яаж амьдралд буух вэ, 19 дэх лаа асахыг тулд ямар амьдрал болох ёстой юм гэх мэтчилэн. Киноны анхны санаа ийм байсан. 1990 онд төрсөн ардчилал хүний дүрд хувилсан бол яах байсан бэ? Тэр 18-тайдаа нэг юманд өртөж, харин 19 хүрч чадах юм уу үгүй юу уу гэсэн үндсэн санаатай байсан нь Баабар ахад их таалагдаж, энэ санааг аван кино болгоё гэж шийдсэн.

-Киног долдугаар сарын 1-ний үйл явдлын тухай хийсэн гэж гадуур бор шувуу нисээд байгаа?

-Киног маань долдугаар сарын 1-тэй хэтэрхий холбож битгий ойлго. Хүмүүс долдугаар сарын 1-н гэхээр улс төр гэж бодоод киноноос маань айж магадгүй. Айх зүйл юу ч байхгүй. Миний зохиол дээр анх долдугаар сарын 1-ний тухай дурдаа ч үгүй байсан. Сураг сонсоход хүмүүс үүнийг долдугаар сарын 1-ний тухай кино гээд яриад байгаа юм байна лээ. Үүнд итгэх хэрэггүй. Энэ хурц сэдвийг ярьсаар байгаад хүмүүс уйдчихсан байна шүү дээ. Манай кинонд ямар ч улс төр байхгүй. Үүнийг би итгэлтэй хэлж байна. Эхний хоёр хэсгийг ч гэсэн би үзсэн. Ямар ч улс төр байхгүй. Зүгээр хүний амьдралын хар цагааны тухай л гардаг.

-Би киноны гуравдугаар хэсгээс “тест” хийж байхад үзсэн л дээ. Өнгө будаг, зураг авалтын шийдэл гээд үлгэрийн юм шиг байсан. Та зураг авалт дээр та өөрөө байсан уу?

-Харамсалтай нь зург авалт дээр тухайн үеийн ажил хэргээс болоод би байж чадаагүй. Нямгаваа найруулагч “Чи зохиол бичдэг байж, зураг авалтад цуг байгаад оролцохгүй яасан юм бэ” гэж жаахан зэмлэнгүй байсан. Аргагүй л дээ. Тухайн үед би жаахан бэргээд очиж чадаагүй. Нэртэй найруулагч нар маань өөрсдийнхөө сайн гэсэн хүмүүсээр багаа бүрдүүлэн ажилласан. Тэр баг дунд орохоос жаахан нэрэлхээд очиж амжаагүй. Хэрвээ очсон бол тэр дунд өөрийнхөө жижигхэн санаануудыг ч гэсэн оруулж амжих байсан байх.

-Кино зохиолоо яаж бичсэн бэ? Эхлээд ном бичиж байгаа юм шиг бичээд дараа нь кино зохиолын хэлбэрт оруулсан уу, эсвэл шууд л бичсэн үү?

-Би анхны хуучин зохиолоо бол шууд бичсэн. Ерөнхийдөө бүрэн хэмжээний кино зохиол 100-110 хуудастай байх ёстой юм байна лээ. Минийх эхлээд 120 хуудастай болчихсон. Түүнийгээ хасаад, танаад, хүнд уншуулаад, багасгасаар байгаад 100 хуудас болгосон. Тэр зохиол маань үндсэндээ байхгүй болоод санаа нь л үлдсэн дээ. Гэхдээ үүнд харамсахгүй байна. Нэгэнт бүтээл нь гоё юм болж байхад харамсаад яахав.

-Дараагийн удаа таньд зохиол  бичих санал ирвэл дуртай хүлээж авах уу?

-Тэгэлгүй яахав. Дуртайяа хүлээн зөвшөөрнө. Улаан цайм улс төрийн ч юм уу үзэл суртлын зүйл орохгүй бол хүлээж авахдаа дуртай байх болно.

-Та ер нь хэзээнээс зохиол бичиж эхэлсэн бэ?

-Би өөрөө хэрэглээний математикч мэргэжилтэй хүн л дээ. Одоо МУИС-ын математик, комьпютерийн сургуульд багшилдаг. Гэхдээ хүүхэд байхаасаа нэг зүйлийг маш их мөрөөддөг байсан. Кино зохиох юмсан, найруулах юмсан, хийх юмсан гэж мөрөөддөг байсан. Миний анхны кино зохиол маягаар бичсэн ажил гэх юм бол Боловсрол телевизийн нэг олон ангит бүтээл байгаа.  Ирэх намраас дэлгэцнээ гарах байх. Тэр 60 ангит киноны 14 ангийн зохиолыг манай бас нэг баг хамтраад бичсэн. Тэр миний анхны бичсэн киноны зохиол байсан болохоор тэр маань саяны ажилд маш том туршлага болж өгсөн. Би байнга математик гэж байдаг учраас толгойгоо жаахан амраах хэрэгтэй шүү дээ. Юм бичиж, хэт логик юмнаас жаахан салж, амрааж утга уянгын урлагийн юм хийх нь гоё амралт болдог юм. Ер нь цаашдаа бичнэ гэж бодож байгаа.

-Ямар төрөл жанраар бичье гэж бодож байна?
-Одоохондоо төрөл жанр гэх зүйл алга. Би чинь залуу. Бас жаахан эмзэг зохиолч гэдэг утгаараа танигдах хэрэгтэй байна.

-Таны багын мөрөөдөл кино зохиол бичих гэсэн шүү дээ. Ер нь энэ чиглэлээр дагнах уу?

-Одоохондоо тэгж бодоогүй байгаа ч яваандаа яахыг мэдэхгүй байна. Сүүлийн 20 жилд хийгдсэн манай кинонуудын зохиол ямар байгааг манайхан өөрсдөө харж байгаа. Тэгэхээр надад ч гэсэн шүүмжлүүштэй зүйл их байдаг. Юмыг гаднаас нь харж шүүмжилж байхаар өөрөө хийе л дээ, бичээд үзье гэж бодсон. Залуу хүний хувьд энэ “19” гэдэг бүтээл бусдад танигдах том боломж болсон. Хэдийгээр зохиолоо жаахан эвдүүлээд сэтгэл жаахан дурамжхан байгаа ч баярласан сэтгэл нь гомдсон сэтгэлээсээ 30 дахин илүү байна. Залуу хүний хувьд ийм том найруулагч, продюссерууд миний зохиолыг тоож, кино болгож байгаад маш их баяртай байна.

-И.Нямгаваа найруулагчийн бүтээлүүдээс таны сэтгэлд хүрч, толгойд чинь байнга байдаг бүтээл гэвэл?

-“Гарын таван хуруу” шүү дээ. Тэр кинонд бидний анзаардаггүй зүйлс олон бий. Үзэх тусам шинэ зүйлсийг олж хардаг. Одоогийн кинонуудад дутагдаад байгаа зүйл бол тэр л гэж боддог. Жижиг зүйлсийг шууд хэлэхгүйгээр, яриагүйгээр ойлгуулж болно. Энэ утас муу гэдгийг хэлэхийн тулд “энэ ямар муухай утас вэ” гэдэг яриа бол хамгийн муу зохиол байдаг юм байна л даа. Үүнийг өөрөөр олон янзаар хэлж болно. Таалагдахгүй байх юм бол “өө нэг утас мутсаар ярьчих юмсан” гэдэг ч юм уу.  Тиймэрхүү зүйлс Нямгаваа найруулагчийн зохиол дээр их байдаг. Түүний хамгийн сайн хийц бол “Гарын таван хуруу” кино.

-Таны бодлоор Монголын кино урлаг яагаад дэлхийн тавцанд гарч чадахгүй байгаа гэж боддог вэ?

-Манай кино урлаг гэлтгүй шоу бизнес яагаад дэлхийн төвшнөөс ийм хол хоцорсон, инээдтэй зүйлс хийгээд байна вэ гэдгийг би спорттой харьцуулж ярья л даа. Монголын спортын хөгжил ер нь дэлхийн төвшинд хүрчихлээ шүү дээ. Яахав, хөлбөмбөг гэх мэт багийн  спортыг тооцохгүй бол. Манайх, бокс, жудо, буудлага гээд олон төрлөөрөө дэлхийд төвшинд өрсөлддөг. Гэтэл урлаг гэхээр байхгүй болчихдог. Яагаад урлаг дэлхийн төвшинд гарахгүй байна гэдгийг би нэг шалтгаантай гэж боддог. Спорт болохоор Монголын 21 аймгаас бүх спортод авъяастай хүмүүсийг гаргаж ирж чадаж байна. Спорт, урлаг хоёр адилхан шүү дээ. Төрөлхийн авъяас байхгүй бол чи мянга сургуулийг нь төгслөө гээд, мянга эрдмийг нь уншлаа гээд нэмэргүй. Чи төрөлхийн авъяасгүй л бол мянга бэлтгэл хийгээд, сайн багш байгаад нэмэргүй. Сүүлийн үед манайд гарч байгаа кинонуудыг харахаар тоглож, найруулж, зохиолыг нь бичиж байгаа хэдхэн хүн л байна. Тэр хүмүүсээс яг тийм л зүйл гарна уу гэхээс шинэ зүйл гарахгүй шүү дээ. Монголын  өнцөг булан бүрт тэр Өвөрхангай, Дорнод, Хэнтий, Баянхонгор  аймагт бичих, жүжиглэх, найруулах авъяастай хэчнээн олон залуус байгаа бол. Тэд нарыг олж нээмээр байна шүү дээ. Манайд авъяас дутаад байна. Зүгээр л найруулагчийн гэр бүлд төрдөг ч юм уу, төрөлхийн найруулагч, урлагийн гэр бүлд төрчихсөн хүмүүс авъяастай ч байж магадгүй, авъяасгүй ч байж магадгүй. Хүмүүсийн уурыг жаахан хүргэх байх, гэхдээ энэ бол миний хувийн бодол. Одоо гарын арван хуруунд багтах жүжигчид л нэг газраа тоглож, гарын арван хуруунд багтах зохиолчид нэг юмаа бичээд найруулаад байна. Энэ тойргоосоо гараад тал талаас авъяасыг хайя л даа. Тэгж байж, яг спорт шиг ээ эрх орны өнцөг булан бүрээс авъяастнуудыг нээж илрүүлсэнээр Монголын урлаг хөгжих болов уу. Техник технологи талын асуудал дээр бол угаасаа мөнгө нь байхад аваад л ирнэ шүү дээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж