-Сайн байна уу, энэ өглөөг хэрхэн угтсан бэ?
-Сайн, та сайн байна уу. Өнөөдөр тэнгэр хангай цэлмээд сайхан өглөө байна. Найзындаа хоночихоод одоо ажилдаа гарах гэж байна.
-Дуучин найзуудтайгаа аймгуудаар аялан тоглолт хийж яваад ирлээ гэсэн. Сонгуулийн пиар хийж яваад ирэв үү?
-Б.Мөнхбаяр, Б.Пүрэвсэнгэ, П.Жимсээ бид дөрөв Өвөрхангайн таван сум, Сайншанд, Дундговь аймгийн сумдаар "Дэлгэр хаврын уянга" нэртэй хамтарсан тоглолтоо хийгээд ирлээ. Бидний тоглолт сонгуультай холбоогүй ээ. Орон нутагт тэр бүр тоглолт очдоггүй болохоор бид хөдөөгийн хүмүүст ая дуугаа өргөхийг хүссэн юм. Бүх зардлаа өөрсдөөсөө гаргасан. Мөн удахгүй Эрдэнэт, Дарханд аялан тоглоно.
-Таныг их дайчин, байнга шинэ юм хийж байдаг гэж ярьдаг юм билээ. Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар сонирхуулаач?
-Урлагийн тогоонд чанагдаж яваа хүний хувьд мэргэжлийн түвшинд шинэ санаа, ур хийц мэтгэн уран бүтээл хийхийг хичээдэг.
-Тийм ч учраас таны уран бүтээл ухаарал хайрлаж, нэгийг бодогдуулсан өнгө аястай болдог байх нь.
-Уран бүтээлч хүн мартагдаж, зэврэхгүйн тулд байнга ажиллаж байх нь зөв. Дуулсан дуугаа бусдад хүргэж байна гээд өнөөдөр дуулаад маргааш нь мартагдахаар тийм "амьгүй" халтуурдсан маягтай ажиллаж болохгүй. Сүүлийн үеийн шинэ уран бүтээл гэвэл хуучны мартагдах дөхсөн дуунуудыг сэргээн дуулж байгаа. Саяхан дуучин Б.Болдбаатартай хамтарч "Бид мартахгүй" киноны дуу дуулж, кинонд нь ч тоглож Бөхийн өргөөнд хамтарсан тоглолт хийсэн.
-Тухайлбал ямар ямар хуучны дуу сэргээн дуулсан бэ?
-Гавьяат жүжигчин У.Далантайтай хамтарч "Насны ганцхан хань" гэдэг дуун дээр ажиллаж байна. Мөн "Аавын дурсамж"-даа клип хийлгэхээр Говь-Алтай аймаг руу ирэх долоо хоногт явна. Энэ тус аймгаас гаралтай дуу, "Малчин бүсгүй", "Бүүвэй", "Зуслангийн уянга", "Хунгийн дэгдээхэй" зэрэг киноны дуу ч дуулсан.
-Цомог гаргаж байсан билүү?
-Дуучин Э.Төрмандахтай хамтарч "Ирээдүй минь" гэдэг цомог гаргасны дараа өөрийнхөө бие даасан "Хайр ирнэ" гэсэн цомгоо гаргасан. Одоо араас нь зөвхөн хуучны дуунуудаас бүтсэн CD гаргахаар бэлтгэл ажилдаа ороод байна.
-Хувийн амьдралын тухайд ямар өөрчлөлт гарч байна вэ?
-Хувийн амьдрал гэхээсээ илүү уран бүтээлдээ илүү анхаарч ажиллаж байна. Мэдээж цаг нь болохоор амраг сайхан ханьтай, алаг хөөрхөн үртэй болох байх.
"Өдрийн шуудан" сонин