-Гадаад оронд манай улсын нийт хэдэн иргэн он гарсаар гэмт хэрэгт холбогдсон бэ?
-Манай улсын иргэд гадаадад дэлгүүрийн хулгай, дээрмийн хэрэгт холбогдох явдал тун ихэссэн. Сингапур, Европын орнууд, Ойрхи Дорнодын улсуудад Монгол улсын 70 орчим иргэн хулгайн гэмт хэрэгт холбогдсоноор баривчлагдах, оршин суугаа улсаасаа хөөгдөх шийтгэл аваад байна.
-Та бүхний зүгээс иргэд гэмт хэрэгт холбогдохоос хэрхэн сэргийлдэг вэ?
-Манай байгууллага олон нийттэй харилцах албаараа дамжуулан сэрэмжлүүлэг тараадаг. Гадаад улс руу гарах сонирхолтой, гарах гэж байгаа иргэдэд гэмт хэргээс сэргийлэх, хууртагдах, гадаад улсад ял эдлэж байгаа иргэдийн талаар бид сэрэмжлүүлэх зорилгоор нэвтрүүлэг хийж байгаа. Гадаадад байгаа элчин сайдын яамд бол иргэддээ байнга анхааруулга өгдөг. Хилээр гарахад нь тухайн улсад орших Монгол улсын элчин сайдын яамтай холбоо барих утасны дугаарыг өгч байгаа.
-Хонконг улсад хар тамхины хэргээр хоригдоод байгаа дөрвөн хүний хэрэг юу болж байгаа вэ?
-БНХАУ-д манай улсаас хар тамхины хэргээр нийт 23 иргэн баригдсан байдаг. Он гарсаар 13 иргэний шүүх хурал болсон. Шүүх хурал болсоны дараа дор хаяж зургаан сарын дараа манайд шүүх хурлын шийдвэр манайд ирдэг. Одоо арваад хүний хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа. н.Төмөрчөдөр нарын дөрвөн хүний хэрэг бол мөрдөн байцаалтад явж байгаа байх.
-Ш.Алтантуяагийн хэрэгт холбогдох шүүх хуралд манай талаас хэрхэн анхаарч байгаа вэ?
-Ш.Алтантуяагийн хэргийг бид байнгын анхаарлын төвд байлгаж байгаа. Францаас байлдааны хөлөг онгоц авсан, авлигын асуудал бол тусдаа зүйл. Ш.Алтантуяагийн хэргийн талаар бид Малайз улстай холбоотой байж, мэдээлэл авч байгаа. Гэмт хэрэг үйлдсэн хоёр цагдаагийн шүүх хурал ирэх наймдугаар сард болно. Бид ажлын хэсэг гаргаад, Малайз руу наймдугаар сард явна. Францад болох шүүх хурал хөлөг онгоц авахдаа авлига авсан эсэхийг л шалгаж байгаа хэрэг шүү дээ.
-Малайзад манай улсын гурван иргэн хар тамхины хэрэгт холбогдсон тухай мэдээлэл цацагдаад байгаа. Энэ хэрэг юу болсон бэ?
-Манай улсын иргэд Малайзад хар тамхины хэрэгт холбогдсон зүйл байхгүй.
-Казакстанд саяхан бас таван настай охиныг хүчирхийлсэн хэрэгт Монгол хүн холбогдсон. Түүний хэргийг хэрхэн шийдэх бол?
-Казакстан улсад хоёрдмол харъяалал үүсгэсэн, Казах улсын иргэн болсон, Монгол иргэн болж харъяатаа сольсон 40-өөд мянган иргэн байдаг юм. Манай элчин сайдын яам тэндхийн хуулийн байгууллагатай хамтран сэжигтний аль улсын харъяат хүн гэдгийг судлаж байгаа юм.
-БНСУ-ын иргэн “хаалга хаагаагүй” гэсэн шалтгаанаар Монгол залууг хөнөөсөн хэргийн шүүх хурал хэзээ болох вэ? Гэр бүлийнхэн нь хэрэгтэнтэй тохиролцоо хийсэн гэж үнэн үү?
-Шүүх хурал өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр болох байсан. Гэвч тэр үед талийгаачийн ар гэрээс шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүсч хүсэлт ирүүлсэн. Яг одоогоор түүний шүүх хурал болж байгаа болов уу. Учир нь хохирогчын ар гэрийнхэн нь БНСУ-руу явсан байгаа. Хоёр тал харилцан тохиролцоод их хэмжээний мөнгө авсан байна лээ.
-БНСУ-ын хуулиар мөнгөн тохиролцоо хийх нь шүүгдэгчид ямар ашигтай байдаг вэ?
-Ямартай ч хоёр тал харилцан тохиролцсоноор ял тодорхой хэмжээгээр хөнгөлөгддөг юм билээ.
-“Эрэл” компаны захирал Б.Эрдэнэбатын гэрийн үйлчлэгчээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Атиензагийн гэх бүсгүй учир битүүлгээр амь насаа алдсан хэргийн талаар мэдээлэл байгаа юу?
-“Эрэл” Эрдэнэбатын эхнэр нь Д.Сэргэлэн Австри улсын өргөмжит консулаар ажилладаг. Тиймээс Австрийн талаас энэ асуудалд ихээхэн ач холбогдол өгч шалгасан гэсэн. Австрийн талаас Б.Эрдэнэбатын гэр бүл тэр гэрийн үйлчлэгчийн хэрэгт ямар ч холбогдолгүй гэдгийг тогтоосон гэсэн.