Долдугаар сарын 1-ний гэх тодотголтой цагдаагийн экс дарга нарт холбогдох шүүх хурал энэ сарын 29-нд товлогдсон байна. Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлөөс тэдэнд энэ сарын 17-нд тус бүр нэг өмгөөлөгч автоматаар томилсон. Тодруулбал, хурандаа О.Зоригтын өмгөөлөгчөөр А.Ундрах, хурандаа Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр М.Алтан-Өлзий, дэд хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр Б.Баяр нарыг томилсон. Мөн хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Д.Давааг томилоод байсан. Гэвч өмгөөлөгч Д.Даваа 7 сарын 1-ний гэх хэргийн хохирогч Дорнод аймгийн иргэн н.Эрдэнэцэцэгийн өмгөөлөгчөөр ажиллаж, байцаан шийтгэх үйл ажиллагаанд оролцож байсан. Хэрэв би Ч.Амарболдыг өмгөөлвөл Өмгөөлөгчдийн мэргэжлийн ёс зүйн 8.12-ын 2, 8.12-ын –дахь заалтуудыг зөрчиж байгаа гэсэн шалтгаанаар Ч.Амарболдыг өмгөөлөх эрх зүйн үндэслэлгүй хэмээн түүнд өмгөөлөл үзүүлэхээс татгалзсан. Тиймээс Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн энэ сарын 22-нд дахин хуралдан Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Батхүүг томилсон байна.
Цагдаагийн дарга нарт ийнхүү автоматаар өмгөөлөгч томилж буйгаа Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Д.Батсүх “Цагдаагийн экс дарга нарт холбогдох хэргийн шүүн таслах ажиллагаа өмгөөлөгч байхгүй гэх шалтгаанаар тодорхой хугацаанд тасалдсан. Иймээс Өмгөөллийн тухай хуулийн 13.3 дахь хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өмгөөлөгчөө сонгон авч чадаагүй бол өмгөөлөгч томилох хууль зүйн үндэслэл бий. Энэ тохиолдолд Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөл өмгөөлөгч томилох бүрэн эрхтэй. Үүний дагуу хурандаа нарт өмгөөлөгч томилсон” хэмээн тайлбарласан.
Шинээр томилогдсон өмгөөлөгчид хавтаст хэрэгтэйгээ танилцаж эхэлжээ.
Д.ЖАРГАЛСҮРЭН