Хэргийг түдгэлзүүлэх боломжгүй гэж үзэв

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

Хэргийг түдгэлзүүлэх боломжгүй гэж үзэв

МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэлсэн ч шүүгдэгч ирээгүй учир хойшлов. Түүний эмч нарын гаргасан хүсэлтийн дагуу  ирэх зургадугаар сарын 4 хүртэл шүүх хурлыг хойшлуулжээ.

Н.Энхбаярыг шүүх хуралд даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг нар, хяналтын прокуророор Е.Сагсай, Г.Мөнхбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Н.Шинэн, Б.Оюунцэцэг, Г.Ганбаатар, Л.Өлзийхүү  нар оролцов. Шүүх хурал эхлэхэд шүүгдэгч Д.Дуламсүрэн, Ж.Мягмаржаргал, До.Чулуунбаатар болон бүх өмгөөлөгчид ирсэн ч шүүгдэгч ирсэнгүй.

Хурал эхлэхэд Н.Энхбаярын өмгөөлөгч Г.Ганбаатар “Шүүгдэгч Н.Энхбаяр шүүх хуралд ирээгүй. Учир нь энэ сарын 23-нд ЭМЯ-наас томилогдсон эмч нарын багийн зүгээс “Н.Энхбаяр өлсгөлөн зарласнаас болж биеийн ерөнхий байдал муудсан. Тиймээс эрүүл мэндийн байдалтай холбоотойгоор өнөөдрийн шүүх хуралд оролцох боломжгүй” гэсэн дүгнэлт гаргасан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 247.1-д  Шүүгдэгчийн байгаа газар нь мэдэгдэхгүй байгаа, түүнчлэн сэтгэцийн болон өөр хүнд өвчний улмаас шүүхэд ирэх бололцоогүй болсон нь шинжээчийн дүгнэлт, эсхүл эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор нотлогдсон бол шүүх тэр шүүгдэгчийн хувьд түүнийг эдгэртэл хэргийг түдгэлзүүлж, бусад шүүгдэгчийн хувьд шүүх хуралдааныг үргэлжлүүлнэ гэж заасан байдаг. Тиймээс н.Энхбаярын хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргаж байна” гэсэн юм. Үүний хариуд улсын яллагч Е.Сагсай “Н.Энхбаяр шүүх хуралд хүрэлцэн ирээгүйтэй холбогдуулан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209-ийн 2-д зааснаар шүүх хурлыг тодорхой хугацаагаар хойшлуулах хүсэлт гаргаж байна” гээд улсын яллагч Е.Сагсай, Г.Мөнхбаатар нарын зүгээс шүүх хурлыг тавдугаар сарын 28 хүртэл хойшлуулах боломжтой” гэв. Энэ нь Н.Энхбаярт холбогдох хэргийг түдгэлзүүлэх боломжгүй гэсэн үг аж.

Н.Энхбаярт холбогдох 250 хүртэлх хуудастай 40 гаруй хавтаст хэрэг байгаа гэнэ. Н.Энхбаяр нарын дөрвөн шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зүгээс  “Өчигдөр /V.23/-ны 18.00 цаг гэхэд хавтаст хэргийг уншсан. Тухайн хэргийг сайтар судалж амжаагүй байна” гэсэн бол Н.Энхбаярын хамт шүүгдэж буй Д.Дуламсүрэн, Ж.Мягмаржаргал, До.Чулуунбаатар нар  “Хавтаст хэрэгтэйгээ танилцсан” хэмээн мэдэгдсэн. Ингээд Шүүх бүрэлдэхүүн бүх өмгөөлөгчийн хүсэлтийг сонссоны дараа түр завсарлаж, Н.Энхбаяр, Д.Дуламсүрэн, Ж.Мягмаржаргал, До.Чулуунбаатар нарт холбогдох хэргийг шүүх хуралдааныг ирэх зургадугаар сарын 04-нийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргаснаа танилцуулснаар хурал өндөрлөлөө.

Эмч нар шүүгдэгчийг “олон нийтийн дунд орох боломжгүй” гэсэн нь яг юуг илэрхийлсэн, хэр мэргэжлийн төвшинд хийсэн дүгнэлт вэ гэдэгт эргэлзэх хүн олон байна. Үүнд үндэслэн шүүх хурлыг хойшлуулж буй учир нарийн мэргэжлийн, өндөр төвшний дүгнэлт шаардалагатай нь ойлгомжтой юм.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж