Улаанбаатарын утаа угаар, агаар, хөрсний бохирдлын гол үүр уурхай болж байгаа гэр хорооллуудыг байшин хороолол болгож өөрчлөх төлөвлөгөө нь түүний халаасанд яваа юм. Тиймээс УИХ-ын гишүүний бүрэн эрх, элдэв зүйлээ золиослон байж нийслэлийн Иргэдийн хуралд өөрийгөө нэр дэвшүүлсэн хэрэг. Гэтэл дөнгөж сая дуулахнээ тойргийн хорооны дарга нар нь УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийг нэр дэвшигчээр бүртгэхгүй гэжээ. Нийслэлийн Иргэдийн хурлын тухай хуулинд “Төрийн жинхэнэ албан хаагч сонгуульд нэр дэвшихээр бол албан тушаалаасаа чөлөөлөгдөх, төрийн жинхэнэ албан хаагчаас бусад албан тушаалтан ажлаасаа түр түдгэлзэхээр” заасан байдаг юм байна. Тойргийн хорооны нөхдүүд хуулийн энэ заалтыг барьж “УИХ-ын гишүүнээсээ түр түдгэлзчихээд ирээ” гэсэн байна.
Ингэхэд ард түмний элч төлөөлөгч болж сонгогдсон УИХ-ын гишүүнийг албан тушаалаас нь түр түдгэлзүүлэх мэргэн ухаан ямар амьтны толгойд ордог байна аа. Тэгээд тэр “түр түдгэлзүүлэх” эрх нь хэнд байдаг болж байна. УИХ-ын гишүүнийг албан тушаалаас нь бус, бүрэн эрхийг нь “түдгэлзүүлэх” ганц шалтгаан байдаг нь тухайн этгээд эрүүгийн гэмт хэрэгт холбогдож, хуулийн байгууллагаар шалгуулах болсон үед. Бусадтай адил зиндаад аваачиж шалгах, хуулийг хүн бүрт тэгш үйлчлүүлэхийн тулд шүү дээ. Бусад үед бол УИХ-ын гишүүний бүрэн эрх УИХ-д тангараг өргөснөөр эхэлж, дараагийн УИХ-ын гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болдог. Түүнээс биш хэн нэгний томилоод, буцаагаад түдгэлзүүлдэг албан тушаалтан биш л дээ. Харин тойргийн хорооны нөхдүүд ямар учраас Э.Бат-Үүл гишүүнийг гишүүнийхээ бүрэн эрхээс “түр түдгэлзэх” шаардлага тавьсныг мэдэхгүй. УИХ-ын гишүүн хүн орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн анхны тохиолдол болохоор “соёлын шок” гэгч болоод санаандгүй хэлчихсэн үү, санаатай алдсан уу мэдэхгүй. Тэднийхээр бол одоо УИХ-д нэр дэвшиж байгаа бүх УИХ-ын гишүүд “түр түдгэлзэх” бичиг бариад СЕХ руу гүйх хэрэгтэй болох нь л дээ. Одоо тэгээд УИХ-ын дарга нь гишүүнийхээ сонгогдох эрхийг хамгаалах уу, эсвэл Улсын дээд шүүх нь тойргийн хорооныхонд хууль тайлбарлаж өгөх үү?