“Монгол бөхийн өргөө”-нөө өнөөдөр орой 18.00 цагт болох “Их Монголын алтан одод-2” сагсан бөмбөгийн шоу тоглолтод оролцох үндэсний бөх болоод сумогийн хүчтэнүүд “Монгол Масс Медиа” группийн Студи-400-д зочилж, шууд нэвтрүүлэгт оролцлоо. Сумочдын багаас их аварга Хакухо М.Даваажаргал, озэки Какурюү М.Ананд, Токитэнкү А.Хүчитбаатар нар, харин үндэсний бөхчүүдээс улсын арслан Д.Ганхуяг, улсын заан М.Өсөхбаяр нар хүрэлцэн ирэв. Уулзалт, ярилцлагыг “Sport box” сувгийн сэтгүүлч Ч.Дөлгөөн хөтлөн явуулсан юм.
“Боловсрол” суваг телевиз болон “Sport box” сувгаар шууд дамжуулж, үзэгчдэд хүргэсэн ярилцлагын үеэр сумо болон үндэсний бөхийн хүчтэнүүд өнөөдөр орой болох шоу тоглолтын талаар яриа өрнүүлсэн юм. Бөхчүүд шоу нэвтрүүлгийн эргэн тойрон дахь сонирхолтой асуултад хариулт өгснөөс гадна удахгүй эхлэх “Евро-2012”, “Лондон-2012” олимпийн наадам болоод үндэсний их баяр наадмын талаар ч ярилцав. Тэд нэвтрүүлгийн төгсгөлд “Монгол Масс Медиа” группийн сэтгүүлч, ажилтнуудтай уулзсан юм.
Их аварга Хакухо тэргүүтэй бөхчүүд эндээсээ “Бөхийн өргөө”-г зорилоо. Тэнд асрамжийн төвийн 1800 хүүхдэд хичээлийн хэрэглэл гардуулах бөгөөд дараа нь Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд очиж, нялхсын тасагт чухал шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ажээ.
“Их Монголын алтан одод-2” сагсан бөмбөгийн шоу тов ёсоор 18.00 цагт эхэлнэ. Шоу тоглолт үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт урлаг, спортын одод сагсан бөмбөгөөр өрсөлдөх бол удаахь хэсэгт сумочид болоод үндэсний бөхчүүдийн хооронд сагсан бөмбөгөөр халз тулаан болно. Сумочдын багийг их аварга Хакухо М.Даваажаргал ахалж, озэки Харумафүжи Д.Бямбадорж, Какурюү М.Ананд, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Асасэкирюү Б.Дашням, Токитэнкү А.Хүчитбаатар, Рюүё Э.Санчирболд, Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар, япон сумоч Ямагүчи нар багтсан бол үндэсний бөхчүүдийн баг Даян аварга Г.Өсөхбаяр тэргүүтэй С.Мөнхбат аварга, улсын арслан Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг, улсын гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Рагчаа, М.Өсөхбаяр, Ч.Санжаадамба нараар багаа бүрдүүлжээ.
Хүмүүнлэгийн үйлст хандив өргөх зорилгоор зохион байгуулж буй тус шоуны ерөнхий ивээн тэтгэгчээр “Мон лаа” компани ажиллаж байгаа юм.