УБЕГ-ынхан хөлд дарагдаж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

УБЕГ-ынхан хөлд дарагдаж байна

Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний харьяа байгууллагаас хамтран зохион байгуулж буй “Ардын засаг-ард түмэнтэйгээ хамт” өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна. Өдөрлөгийн хүрээнд нийт 12 байгууллага үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулж байгаагийн зэрэгцээ зарим төрлийн үйлчилгээг үзүүлж буй юм. Тухайлбал, Улсын бүртгэлийн ерөнхий газрынхан гадаад паспортын хугацааг сунгах, шинээр олгох зэрэг үйлчилгээг үзүүлж байгаа тул иргэд хамгийн ихээр хандаж байна. Гадаад паспорт шинээр авахад нэг жил нь 22500 төгрөг, таван жилээр авах бол 32500 төгрөг аж. Ингэхдээ яаралтайгаар гаргуулах бол 10 мянган төгрөг өгч, ажлын гурван өдрийн дараа авах юм байна. Энгийн үйлчилгээгээр гадаад паспорт гаргуулах бол нэмэлт хураамж байхгүй, ажлын 10 өдрийн дараа гаргуулж авах гэнэ. Харин гадаад паспортын хугацаагаа сунгуулах бол жилээсээ хамаарч дараах үнийг мөрддөг байна. Нэг жилээр сунгуулахад 4500, хоёр жилээр сунгуулахад 6500, гурван жилээр сунгуулахад 8500, дөрвөн жилээр сунгуулахад 10500, таван жилээр сунгахад 12500 төгрөг тус бүр төлөх аж. Таван жилээс дээш хугацаагаар гадаад паспорт сунгахгүй.

Хэрвээ гадаад паспортоо үрэгдүүлсэн бол Захиргааны хариуцлагын дагуу тодорхой хэмжээний мөнгөн торгууль төлж, дахин авдаг байна.

Түүнчлэн тус газрын Үл хөдлөх хөрөнгө бүртгэлийн газарт хандаж зөвлөгөө мэдээлэл авах иргэд ч олон харагдлаа. Мөн Архивын газрынхан иргэдэд хоёр төрлийн үйлчилгээ үзүүлж байна. Нэг нь, алдарт эхийн одонгийн лавлагааг гаргаж өгөх, хоёр дахь нь 1956 оны хүн амын тооллогын бүртгэлийн лавлагаа гаргаж өгч буй юм. Тус архивын газарт 1933, 1956, 2000 оны хүн амын тооллогын бүртгэлийн архив хадгалагддаг байна. Иргэдийн гол төлөв 1956 оны хүн амын тооллогын бүртгэлтэй холбоотой лавлагааг ихэвчлэн хүсдэг тул дээрх оныг гол болгожээ. Гэхдээ бусад оны лавлагааг хүссэн ч гаргаж өгөх боломжтой гэдгийг өдөрлөгт оролцож байгаа тус газрын ажилтан хэлнэ билээ.

Дашрамд сануулахад, дээрх өдөрлөгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хил хамгаалах ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар, Архивын газар зэрэг байгууллагуудаас гадна Дотоод хэргийн их сургуулийнхан оролцож үйл ажиллагаагаа сурталчилж байна. 

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж