Монгол орон даяар тавдугаар сарын 25-наас зургаадугаар сарын 25-ны хооронд ХАА-н иж бүрэн тооллого явагдах гэж байна. Тооллогын үйл ажиллагаатай холбогдуулан бэлтгэл хангах сургалтын ажил Сэлэнгэ аймгаас эхэллээ. Сургалтанд сумдын Засаг даргын орлогч нар, багийн засаг дарга, тосгодын захирагч, төрийн сангийн төлөөллүүд, нийгмийн ажилтнууд оролцлоо. Монгол Улсын хэмжээнд ХАА-н тооллогыг иж бүрнээр нь тоолох ажлыг анх удаа эхлүүлэх гэж байгаагаараа онцлогтой ажээ. Ингэж тоолсоноор томоохон хэмжээний үндэсний судалгааны ажлыг хийх бөгөөд өргөн хүрээг хамран ХАА-н чиглэлээр нийтдээ 370 гаруй үзүүлэлтээр ХАА-н тоон мэдээлэл цуглуулагдах аж. Өөрөөр хэлбэл, 2012 оны түвшинд манай улсын ХАА-н салбар ямар түвшинд байгааг харуулна гэсэн үг юм байна. Энд ХАА-д ажиллаж байгаа АА-н нэгж, байгууллага, өрхүүд хамрагдах бөгөөд улсын хэмжээнд 91 мянга гаруй өрх 15 мянга гаруй АА-н нэгж байгууллага хамрагдах ажээ. Сэлэнгэ аймгийн хувьд Монгол Улсын ХАА-н салбарт тэр дундаа газар тариалангийн салбарт их үүрэг гүйцэтгэдэг гэдэг утгаараа нь энэ тооллогын бэлтгэл сургалтыг эхэлж байгаа хэмээн ҮСХ-ны тэргүүн дэд дарга Г.Гэрэлт-Од хэлсэн. Тооллогод Сэлэнгэ аймгаас 4000 гаруй өрх, 500 гаруй АА-н нэгж байгууллага хамрагдах гэнэ. Тооллогод хамрагдсанаар Сэлэнгэ аймгийн хувьд ХАА-н салбарт хийж байгаа үнэн бодит мэдээллийг цуглуулах, үндэсний хэмжээнд аймаг орон нутгийнхаа эдийн засгийн өнөөгийн төлөв байдалд, хүмүүсийн амьдралын түвшинг мэдэх бололцоотой болж байгаа юм байна. Тооллогын нэг онцлог нь анх удаа хүнсний аюулгүй байдлын мэдээллийг цуглуулахад оршиж байгаа ажээ. ХАА-н тооллого нь 10 жилд нэг удаа явагддаг юм байна.
Ч.Отгонцэцэг /Сэлэнгэ аймаг/