“Хаад” Стэнлийн цомын төлөөх хоёр дахь дайралтаа хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

“Хаад” Стэнлийн цомын төлөөх хоёр дахь дайралтаа хийнэ

Шайбтай хоккейн дэлхийн хамгийн хүчирхэг лиг NHL-ийн бүсийн аваргын төлөөх өрсөлдөөн үргэлжиж байна. Өчигдөр “Лос-Анжелес Кингз” “Финикс Койотс”-ыг нэмэлт цагт буулган авснаар 19 жилийн дараа Стэнлийн цомын төлөө өрсөлдөх боллоо.

Рейнжерс- Нью-Жерси 1:4 (0:2, 0:0, 1:2)

Цуврал 2:2

Тэд 1994 онд “Дорнод”-ын аваргын төлөө өрсөлдөж, “Рейнжерс”-ийг үхлийн хэмээгддэг долоон тоглолтоор ялж, тэр эрчээрээ Стэнлийн цомыг хүртэж байв. Тэгвэл 18 жилийн дараа хоёр дахиа бүсийн аваргын төлөө уулзалдаж буй нь энэ юм. Өмнөх тоглолтод “Чөтгөрүүд” эсрэг багийн хаалгач Хенрик Лундквистийн хаалгыг нэвтэлж чадалгүй, өрсөлдөгчдөө 0:3-аар хуурай хожигдсон. Тэгвэл “Prudential Center”-тээ болсон дөрвөн дэх уулзалтад өрсөлдөгчөө 4:1-ээр буулган авснаар цувралыг тэнцүүлэв. Талбайн эздийн хамгаалагч Брюс Салвадор, чех довтлогч Марек Зэйджак, Зак Паризе нар шайб оруулж, тоог 3:0 болгосон. Харин гуравдугаар үеийн 14:55 минутад “Рейнжерс”-ийн Руслам Федотенко тоог 3:1 болгосон ч үүнээс дөрвөн минутын дараа “Нью-Жерси”-гийн ахлагч Паризе хоёр дахь шайбаа оруулснаар тоглолтын эцсийн цэгийг тавьсан юм.

Лос-Анжелес – Финикс 4:3 (1:1, 2:2, 0:0, 1:0)

Цуврал 4:1

“Лос-Анжелес Кингз” өчигдөр тав дахь тоглолтод “Финикс Койтс”-ыг “Jobing.com Arena”-нд нэмэлт цагт 4:3-аар буулган авч, цувралыг 4:1 болгосноор 19 жилийн дараа “Өрнөд”-ийн аварга боллоо. “Хаад” айлын талбайд хожигдоогүй цувралаа наймд хүргэж Стэнлийн цомын төлөө өрсөлдөхөөр болсон юм. Мөн тэд бүсийнхээ сүүлийн байраар гараад нэг, хоёр, гурваар шалгарсан багийг дараалан сөхрүүлсэн анхны баг болов. Өмнөх тоглолтод “Стэплес центр”-тээ хожигдсон ч “Хаад”-ыг юу ч зогсоож дийлэхгүй бололтой. Тав дахь уулзалт харилцан довтолгоогоор дүүрэн өрнөсөн бөгөөд үндсэн цагт 3:3-ээр өндөрлөсөн. Харин нэмэлт цагийн 17:42 минутад Жефф Картер, Слава Войнов нарын эхлүүлсэн довтолгоог жигүүрийн довтлогч Дастин Пеннер гүйцээснээр бага ялалтад хөтлөв.

Б.БАТ

 “ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж