“Монгол Улс энхийн үйлсэд” үзэсгэлэнг нээлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

“Монгол Улс энхийн үйлсэд” үзэсгэлэнг нээлээ

Монгол Улсын Зэвсэгт Хүчин Энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 10 жилийн ойд зориулан Монгол цэргийн музейгээс “Монгол Улс энхийн үйлсэд” үзэсгэлэнг олон нийтийн хүртээл болгож эхэллээ.

Үзэсгэлэнд Монгол Улс энхийг дэмжих 14 ажиллагаанд оролцсоныг гэрчлэх 7000 гаруй гэрэл зураг бүхий долоон дижитал альбом, ажиллагааны тоо баримт, мэдээлэл бүхий мэдрэгч дэлгэц, Ирак, Афганистан, Косово, Сьерра-Леон, Чад, Судан улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудын тугнууд, дүрэмт хувцас, ном, альбом зэргийг дэлгэн тавиад байна. Мөн Ирак улсад амиа золиослогчийн дайралтаас олон мянган цэргийн алба хаагчийн амийг аварсан дэд ахлагч Г.Аззаяа, “Иракын эрх чөлөө” ажиллагааны II ээлжийн багийн захирагч бригадын генерал Д.Баярсайхан, хошууч генерал Б.Баярмагнай нарын хувцас хэрэглэл болон Афганистаны үндэсний армийн хурандаагийн дүрэмт хувцас,  Сьерра-Леон улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийн ажиллагааны газрын макет, дэлбэрсэн мина, сумны хонгио, энхийг дэмжих ажиллагаанд оролцогсодын дурсгалын медалиуд болон Хилийн цэргийн удирдах газар, Тагнуулын ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийн дурсгалын эд зүйл зэрэг 50 гаруй биет үзмэрүүд тавигджээ.       

Энэхүү үзэсгэлэнгийн тайлбарыг аудио хөтөчөөр сонсох боломжтой бөгөөд үзэгчид энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд өмсдөг иж бүрэн дүрэмт хувцас, хэрэглэлийг өмсөж дурсгалын зураг татуулах боломжийг олгож байгаа ажээ. Үзэсгэлэн нэг сарын турш олны хүртээл болно.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж