Бүх зүйл тэднийхээр болно. Дандаа л тэгдэг юм чинь

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

Бүх зүйл тэднийхээр болно. Дандаа л тэгдэг юм чинь

Энэ хавар Монголын нийгэм нэлээд дуулиан шуугиантай байна. Сонгууль болдгоороо болж, намууд хэрэлддэгээрээ хэрэлдэж байгаа боловч энэ хаврын “хоорт” өнгө аяс нэмж байгаа хэд хэдэн онцлог байна.

 90 жил Монголын улстөрийг залж, буян ч бузар ч зөндөө хийсэн ууган нам анх удаа зад хагарав. Нэрээ солиод  хүн бүрт таалагдана гэж хөөрцөглөсөн  сагсуу генсек, улстөрийн мэдрэмжгүй сул даргаасаа болж энэ сонгуулиар эрх барих сэнтийнээсээ гулсах аюултай болжээ. Гэхдээ энэ нь өрсөлдөгч Ардчилсан нам баярлах шалтгаан бас биш юм. Таван хүний амийг таван сайдын сэнтийгээр сольсон нэртэй,  сонгогчдынхоо итгэлийг хөсөрдүүлсэн тэднийг “Бид ялсан” гээд баярлаж дараагийн Засгийн газраа эмхэлж байгаад олон түмний хөх инээд хүрч байна. Тэдний мөрөөдсөнөөр бол хуучин Ху буюу МАН шинэ Ху хоёр саналаа хувааж үр дүнд нь АН ялах гэнэ.  Мөнгө төлөхгүй бол сайхан л мөрөөдөл байна.

За бас нэг мөрөөдсөн гар гарч ирээд мөнгө төгрөг, лиценз уурхай ер нь биднийг юм юмтай болгох гээд байгаа нь шинэ  Ху.  90 жил удирдахдаа хийж чадаагүй юмаа намтайгаа хагарч гарсан хэдэн дарга нь үлдэхээрээ хийдэг гэвэл үнэмших хүн хэд гардаг юм бол доо. Тэгээд бас ээлж дараагүйгээр энэ төрийн бүх дээд сэнтийд алхайж, улсын хөрөнгийг ууж идсэнээрээ бирд болсон дарга нь шүүхийн өмнө аяглаж адарч байгааг олон нийт харж л байгаа. Тэд хулгай хийсэн хүн баригдаад явахад өрөвдөөд  намыг нь сонгочихно гэж төөрөлдөөд байх шиг. Хулгайч ч гэсэн хүн мөн л дөө тэхдээ хуулийн өмнө хариуцлагаа хүлээх л хэрэг гарна. Хамгийн баян хүн өлсөөд үхнэ гэж айлгалаа. Сонин юм өлсөөд үхэх юм бол тэр их хөрөнгийг хулгай хийх хэрэг байсан уу. Тэхээр үхэхийг зориогүй нь тодорхой. Энэ нь  бидэнд зориулсан жүжиг. Уг нь тэгээд л зогсдог байж. Гэтэл шүүх цагдаагаа доош хийгээд бас Ерөнхийлөгчөө гадаадын дарга нараар загнуулаад байхаар ард түмэн өрөвдөж байснаа өс санах маягтай болов. “Чи дарга байхдаа юу хийж байсийн” гээд уцаарлах хүн олон болсныг нэтийн сэтгэгдлүүдээс харж болно. 

Хэрэгтэй ч юм шиг хэрэггүй ч юм шиг нэг нам хэдэн арван жил Монголын улс төрд тоглолт хийж байгаа нь Иргэний зориг. Одоо ардаа ямар намын нэр хавсаргасныг санах ч үгүй байна. Иргэний зориг Бүгд найрамдах,  Иргэний зориг юу юу ч билээ. Уг нь хэлж ярьж байгаа, хэд хэдэн санаачилж хийсэн ажлуудаараа бол хэрэгтэй. Жишээ нь Авилгын эсрэг хууль бол тэдний ажил, санаачлага. Гэтэл хэрэгтэй хэрэггүй газар улс төр хийгээд бас энд тэнд хавчуулагдаад сайд даргын ажил салгачаад байгааг харахад монголын улс төрийг эрүүлжүүлээд байна уу эрлийзжүүлээд байна уу эргэлзээтэй.  Улааны хэлдгээр Ардчилсан намаас тасарсан мах үсэрсэн цус юм байж эрх баригч намтай нийлж сайдыг нь хамгаалсан явдал олон хүний дургүй хүргэсэн. УИХ-д нэр дэвших 76 хүнээ тодрууллаа гээд ТВ-ээр мэдээлэхийг хараад эднийх бас Ах намын хагарлыг өөрсдөдөө шаанс гэж үзэж дээ л гэж бодлоо. Тэхдээ Ах нам биш Ардчилсан намынхаа саналыг хувааж л сонгуульдана  даа хөөрхий. Энэ тэгээд хэнд ашигтай вэ?

 Нийтээрээ нийгмээрээ талцаад байгаа энэ үед бас нэг  үйл ажиллагаа амжилттай яваад байгааг ойлгох хүн цөөн байх шиг. МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлууллаа гээд МАН-ын удирдлага шөнө хүртэл хуралдаж, Ц.Элбэгдоржийг  хараагаад байгаа. Баривчилсны нь дараа “Ерөнхийлөгчдөө баярлалаа” гээд захидал бичүүлж хэвлэлээр тараасан мөртлөө ард түмэнд болохоор “Эрүүл мэндийг нь анхаар” гээд  дарга нар нь зовсон царайгаа телевизээр харуулаад байдаг.  Шүүх сэргийлэхээс батлан даалтад гаргах шийдвэр гаргачихаар нь “Авилгын загалмайлсан эцэг” гээд сонин хэвлэл рүү төлбөртэй мэдээлэл үерлүүлдэг. МАХН шиг булай, Энхбаяр шиг бузар юм байхгүй гэдэг сурталчилгааг МАН амжилттай хийж байна. Аргагүй. Энэ нам УИХ-ын 2-3 гишүүнээр бэхжээд МАН-ын бодитой өрсөлдөгч болчихсон. Сонгуульд өрсөлдөгчөө энэ байтугайгаар нь хэлэх нь манай улстөрчдийн араншин. Гэтэл Н.Энхбаяртай тэмцэж байгаа нь МАН биш Элбэгдорж гээд сурталчлаад тэр нь газар авч, авилгалын хэрэг биш  асан буй хоёр Ерөнхийлөгчийн “дайн” юм шиг харагдуулаад байдаг. Энэ намын ийм хоёр нүүрийг одоо юу гэж нэрлэх юм бол оо. “Н.Энхбаярыг хорилоо” гээд хундага тулгаад байсан МАН-ын асман дарга нарын / жинхэнэ дарга нь бол жинхэнээсээ айсан/ энэ залинд ард түмэн мэхлэгдээд нөгөө муу Ц.Элбэгдоржийг хараадаг. Хүний мөсгүй, хүйтэн дотортой, Ерөнхийлөгч байж Ерөнхийлөгч асаны гэмт хэргийг өршөөсөнгүй гээд . Үнэн хэрэгтээ Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн оролцоогүйгээр яаж баривчлах вэ дээ экс Ерөнхийлөгчийг.  Ц.Элбэгдорж гуай ч сурсан зангаараа яриандаа халаад Н.Энхбаярыг баривчилсныг дэмжиж байгаагаа ээлжит шоуныхаа үеэр цуураад өгсөн. Үүнийг нь олзлоод  одоо бүх хараалыг  түүний  зүг эргүүлнэ гэж тооцжээ.  МАН нэг гараараа “Энхбаярыг баривчлаагүй өрөвдөж байна” гээд телевизийн камераар бичлэг хийж цацаад, нөгөө гараараа “Аалзны тор-6” зохиогоод тараагаад байдаг. Үнэхээр айхтар арга шүү.

 Мэдээж бүх зүйл тэднийхээр болно доо. Дандаа л тэгдэг юм чинь. МАН  ил далд “хийсээр”  байгаад МАХН-ыг сонгуульд давраахгүй. Ардчилсан хүчнийхэн өөр хоорондоо саналаа хувааж “алаагүй баавгайн арьсыг хуваасаар” нэг мэдэхэд  ялагдана. Эцэст нь МАН сонгуульд багахан ч болов саналаар ялж үлдсэнийгээ “өвөр лүүгээ” дуудна.  Бүх зүйл урьдынхаараа. Ялгаатай нь тэр өлсөөд үхэх гээд байгаа авилгачин урилга авагсдын тоонд орно. Ингээд эргээд чөтгөрийн тойрог дахин эргэлдэнэ. Монголын улс төрийн энэ тэнэг эргүүлгийг хэн тэгээд задлах вэ. Ах намынхан хаа холоос ч ханхийдэг өмхий зангаа, дүү нам нь жар гарсан ч тавьтар суудаггүй төлөвшдөггүй чанараа гээхгүй бол бидний ирээдүй тэгээд хаа зүглэх вэ.

“Өмхий гээд хошногоо тайрдаггүй” болохоор өөр хэн ч биш энэ хэдэн нам л улс орныхоо ирээдүйг авч явна.  Төр засаггүй болчихгүй л бол учир нь олдоно гэж найдаад сонгуульд ирц л бүрүүлье дээ бид.

Д.НОМУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж