Энэхүү яармаг нь Монголын барилгын салбарт ногоон барилгын технологийг хөгжүүлэх, нэвтрүүлэх барилгын салбарынхан өөрсдийн үйл ажиллагаандаа хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар олон нийтэд хүргэх зорилготой аж.
“Барилга орон сууц” үзэсгэлэн яармагт барилга, орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, үл хөдлөх хөрөнгө худалдаалагч, зуучлагчид, барилгын шинэ материал, техник технологи нэвтрүүлэгчид болон банк санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид зэрэг нийт 110 компани оролцох юм байна.
Мөн үзэсгэлэн, яармагийн үеэр “Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдэвт бага хурал, “Барилгын салбарт шинэ бүтээгдэхүүн, технологи нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудлууд” хэлэлцүүлэг, онол практикийн бага хурал болон бизнес уулзалт зэрэг сонирхолтой олон арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм.
Үзэсгэлэн яармагийн Ерөнхий зохион байгуулагчаар Барилга.мн, БЗМТөв, хамтран зохион байгуулагчаар ЗТБХБЯам, ГХБГЗЗГазар, МҮХАҮТанхим, Монголын барилгын инженерүүдийн холбоо, Монголын ногоон барилгын хүрээлэн дэмжин оролцоно.
Тус үзэсгэлэн яармагт оролцсоноор богино хугацаанд харилцагчдынхаа тоог нэмэгдүүлж, байгууллага бүтээгдэхүүнийхээ талаархи мэдээллийг олон нийтэд хүртээмжтэйгээр хүргэх аж.
Үүнээс гадна "Барилга Орон Сууц 2012" үзэсгэлэн яармагийн үеэр “Шилдэг орон сууц”, “Шилдэг Ногоон технологи нэвтрүүлэгч”, “Шилдэг Ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогч” болон “Шилдэг оролцогч брэнд маркетер” зэрэг шилдэг байгууллагуудыг шалгаруулна.