Өөртөө итгэлтэй, биеэ арчилдаг, ажил хэрэг нь амжилттай, бүхнийг даван туулагч эмэгтэйчүүд олон байдаг. Бизнес хийж, амжилт гаргасан хүүхнүүд санхүүгийн хувьд төдийгүй бусад талаараа ч бие даахын төлөө тэмцдэг. Тэд бүхнийг хянаж байхыг хүсдэг. Нөхрөө, хүүхдээ, тэр бүү хэл хамтран ажиллагч нараа ч гэсэн. Тэд хэн нэгнээс хараат байхыг хүсдэггүй.
Ийм бүсгүйдэд гэр бүл хэрэгтэй гэж үү. Хүнтэй гэрлэчихээд хэрэлдэж суухаар ганцаараа амьдарсан нь дээр биш үү. Яагаад гэвэл өөртөө итгэлтэй бие даасан хүүхнүүд тушаал буулгаж, хэн нэгнийг командлах хүсэлтэй байдаг. Бизнесийн хүрээний хүүхнүүд бусдад нэр хүндтэй, буурь суурьтай намбалаг харагдахын тулд нөхөртэй байх ёстой гэдгийг сайтар ухаардаг. Иймэрхүү бие даасан эмэгтэйчүүд эр нөхөртэй байхын тулд өөрийн зан чанар, ааш араншин, бодол санаагаа өөрчлөх талаар их ажил хийх хэрэгтэй. Түүний ажил хэрэгч зан чанар эр хүнийг гайхшруулж өөртөө татдаг боловч дараа нь чухам энэ зан чанар нь л түүнийг гэрээсээ хөөхөд хүргэдэг. Эрч хүчтэй эмэгтэйд эр хүний тодорхой чанарууд хадгалагдсан байдаг. Үүнд,
-Зорьсондоо хүрэх гэсэн шургуу зан,
-Ямар ч аргаар хамаагүй амжилт олох гэсэн чин хүсэл,
-Гэр бүлийн амьдралаас албан тушаалыг урьтал болгох… гэх мэт.
Ийм эмэгтэй ханиа сонгохдоо юуны өмнө хамтрах маягаар харилцах зарчмыг баримталдаг. Гэвч ихэнх тохиолдолд энэ нь тодорхой өрсөлдөөн болон хувирдаг. Эмэгтэй хүн өөрөө эрч хүчтэй бол хань ижлээ голдуу сул дорой болгодог, ингэснээр даахгүй ачаагаа үүрдэг. Ажил хэрэгч бүсгүйчүүдийн ийм зан авир эр хүн өөртэйгээ хамт байхад саад болдог гэж болно. Хүчтэй эмэгтэй хүн болгонд хэзээ нэгэн цагт ор хөнжилд биш харин өөрийг нь цээжээрээ халхлах эр хүн хэрэгтэй болдог. Ядаж ганц удаа ч болов, өөрийгөө сул дорой гэж мэдрэхийг хүсдэггүй эмэгтэй хүн хэзээ ч нөхөртэй болдоггүй.