Увс аймгийн АН-ын дарга Д.Цэндсүрэнтэй ярилцлаа. Тус аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нар эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн гэх хэрэгт холбогдож анхан шатны шүүхээс 2.6 жилийн ял сонссон. Харин тэдгээр эрхмүүд үүнийгээ аймгийн АН-ын даргын матаас хэмээж байгаа аж. Энэ талаар тус аймгийн АН-ын дарга Д.Цэндсүрэнтэй ярилцсан юм.
-Танай аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нар шүүхээс ял сонслоо. Үүнийгээ хэлмэгдүүлэлт гэж тайлбарлаж байна. Ялангуяа аймгийн АН-ын дарга Д.Цэндсүрэн гэх хүний гүтгэлэг хэмээн ойлгуулсаар байна. Тэд яг ямар хэрэг хийсэн юм бэ?
-2004 оноос эрхтэн дархтан дураараа дургиж, улсын төсвийн хөрөнгөөр олдсон мөнгийг зувчуулж, гуйвуулж иддэг. Ялангуяа залуу үеийнхнийг төрийн алба руу орохоос өөр аргагүй байдалд оруулж хавчдаг. Өөр намын болон жирийн гишүүдийг үргэлж дарамтад байлгадаг дарангуйлал тогтсон байсан. 2008 онд би аймгийн ИХТ болоод бүлгээ удирдаж, Э.Цасчихэр, Д.Батсайхан нарыг дарга болгохгүй гэсэн юм. Таван давхар байшинг дөрвөн давхар болгож барьсан хүмүүс дарга болох ёсгүй. Аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан 200 сая төгрөгийг “Атрын III” аяны санхүүжилтээс төсвийн хөрөнгө барьцаалж зээл аваад, мөнгөө өгч чадахгүй байдал бий болгож байсан. Төсвийн хөрөнгийг нь зээлж авчихаад эргэж төлөхгүй ажилчдын цалинг тавьж чадахгүй хэмжээнд хүргэж байсан нөхдүүдийг дарга болгохгүй гэж эсэргүүцэж байсан юм. Бид анхан шатны шүүх дээр ялж байсан. Гэтэл дээрх хоёр нөхөр дээд шатны шүүх дээр ялуулаад хууль бусаар дарга болсон байхгүй юу. Хууль бусаар дарга болоход “Би дуугүй байхгүй шүү. Шударга ёсны төлөө эцсээ хүртэл явна” гэж 2010 оны аравдугаар сарын 16-ны өдөр албан ёсоор мэдэгдэл хийсэн. 2011 онд энэ тухай хэвлэлийн бага хурал хийж байсан. Энэ нөхдүүдийн булхай луйвар зогсохгүй байна. Үүнд арга хэмжээ аваач гэж хэвлэлийн бага хурлаараа дамжуулж Ерөнхий сайд, АТГ-т хандаж байсан. 2009 онд АТГ-аас аймгийн ИТХ-ын тэргүүн “Д.Батсайханыг огцруул” гэсэн бичиг ирж байсан. Гэтэл олонхиороо түрүү бариад авч үлдсэн. Ийм мэтийн цагаандаа гарсан булхай луйврыг байхгүй болгохсон гэж явсныхаа төлөө матдаг нэр зүүж байна. Уг нь матах гэдэг чинь ширээний доогуур бичиг өгдөг, нүүр тулахаараа инээчихээд цаагуураа шивнэдэг хүнийг л хэлдэг шүү дээ. Миний хувьд бага ч гэсэн шударга ёс тогтоосой л гэж бодож явдаг хүн. Гэтэл Э.Цасчихэр нарын хүмүүс хийсэн хэрэг нь илчлэгдээд, шүүхээр ороод ял сонсчихоод гүтгүүлсэн гэж мэдэгдэл хийсээр байна. Гүтгэсэн хүн нь би болж таараад байгаа юм. Тэгвэл миний хэлж, ярьж байгаа бүхэн баримтан дээр тулгуурлаж байгаа гэдгийг хэлмээр байна.
-Гэтэл тэдгээр хүмүүс ийм их хууль бус хэрэг үйлдчихээд гүтгэлэг гэж байгааг та хэрхэн харж байна. Эсвэл тантай ямар нэг хувийн асуудал байна уу?
-Би хэлмэгдүүлсэн юм бол намайг буцаагаад шүүхэд өгөөч гэдгийг хэлсэн. Хуулиараа шийдүүлэх нь хамгийн зөв. Шүүхийн шийдвэр юу гэж гарсныг би мэдэхгүй. Надад түүнийг мэдэх эрх ч байхгүй. Таван давхар байшинг дөрвөн давхар болгож бариагүй бол балгас үлдэх байсан зүйлийг Увс аймгийн АН-ын дарга Д.Цэндсүрэн яллууллаа гээд байгаа юм. Гэтэл анх тендер зарлахдаа Төрийн албан хаагчийн орон сууцны зориулалттай 24 айлын орон сууц гэж орон нутгийн хөрөнгөөр 100 сая, УИХ-ын гишүүнээр 125 сая гээд нийт 225 сая төгрөгийн тендер зарласан. / Анхны зарласан тендер бичгийн баримтыг харуулав/ Зоорийн давхар, 1-5 дугаар давхрын байгуулалтын зураг төсөл нь ч байна.
-Тендерт ялсан компанийн захирал аймгийн удирдлагуудтай ах дүүгийн холбоотой гэсэн үнэн болов уу?
-Тендер зарласны дараа “Мөнхжим өргөө” ХХК. Гүйцэтгэх захирал Э.Батцогт нь аймгийн дарга Э.Цасчихэрийн төрсөн дүү. “Ундрах” констракшн мөн аймгийн төрийн сангийн хэлтсийн дарга н.Норовсамбуугийнх. Гурав дахь нь “ “Арвижихуйн ус” гэдэг компани тендерт орохдоо тухайн орон сууцыг 476 сая 712 мянга 295 төгрөгөөр гүйцэтгэнэ гэсэн. Эдгээр компани орсны дараа аймгийн ИТХ-ын хурлаар тендерийн хорооны гишүүн Ганхуяг компани “Мөнхжим өргөө” ХХК-ийн хувьд гарын үсэг нь хуурамч гэж үзэж байна. Төсвийг хасаагүйд тооцож өндөр өртөг гаргасан. “Ундрах” констракшн шинээр байгуулагдсан хэр нь өмнөх онд ажил хийж байсан гэсэн хуурамч материал оруулж ирсэн. Иймд хоёр компанийн тендерийн саналыг хүчингүй болгоно гэж үзэж байна. Энэ бол миний үнэлгээ” гэсэн байгаа юм. Гэтэл Тендерийн хорооны дарга Бат-Очир гэх хүн “Миний хувьд эдгээр хоёр компанид хоёуланд нь зөрчил бий. Гэхдээ аймаг орны эрх ашиг цаг хугацаа алдахаар байна. “Увс барилга” ХХК бол нэлээд зөрчилтэй байна. Харин “Мөнхжим өргөө” ХХК бол арай гайгүй зөрчилтэй байгаа учраас шалгаруулж байна гэсэн байгаа юм. Үүнээс үзэхэд арай гайгүй зөрчилтэйг нь шалгаруулъя гэсэн байгаа биз. Тендер үнэлгээний явцад сайн үнэлэгдсэн гэсэн “Мөнхжим өргөө” ХХК 476.7 сая төгрөгөөр Улаан-Уул суманд баригдах 24 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг хийх гэрээ хийхийг байна” тендер хорооны тэмдэглэл байдаг. /Уг тэмдэглэл бүхий материалыг үзүүлэв/
-Таны ярьж байгаагаас үзэхэд эндээс л луйвар нь эхэлсэн юм байна тийм үү?
-Ингээд тендерийн эрх өгсний дараа тухайн үед ажиллаж байсан аймгийн Засаг дарга Тогоо гэдэг хүн “Мөнхжим өргөө” ХХК-ийн захирал Э.Батцогттой үнэлгээний хорооны зөвлөмжийн дагуу 476.7 сая төгрөгийн гэрээ байгуулахыг мэдэгдэж байна гэсэн. Гэрээг “Мөнхжим Өргөө” ХХК-тай байгуулсан. “Ундрах” констракшн гурван давхраас дээш барилга барих эрхгүй компани байсан. Яг эндээс тэдний хамаг луйвар эхэлж байгаа юм. Гэрээг “Ундрах” констракшны захиралтай байгуулсан. Байгуулахдаа таван давхрын нэг давхрыг нь хассан гэрээ байгуулсан. Уг барилга нь дөрвөн давхар юм гэсэн өгүүлбэрийг гэрээндээ оруулж байгуулснаар луйвар эхэлж байгаа юм.
-Э.Цасчихэр дарга яг ямар холбогдолтой юм бэ. Өөрөө бол эрс үгүйсгэсэн мэдээллүүд удаа дараа хийж байсан?
-Э.Цасчихэр ямар холбогдолтой юм бэ гэхээр улсын бүртгэлийн хэлтэст прокурорын газарт 2011 оны дөрөвдүгээр сард аваачиж өгсөн 15 хуудас материал байгаа юм. Э.Цасчихэрийн хувьд өөрийгөө “Мөнхжим Өргөө” ХХК-д байхгүй гэж ярьдаг. Гэтэл компанийн хувь нийлүүлэгчдийн хувьцаа болон үнэт цаасны тэмдэглэл дээр Эрдэнэсүрэн овогтой Цасчихэр гээд регистр, утасны дугаартайгаа 25 хувийг нийлүүлсэн гэсэн байдаг. Ингээд үүнийгээ хөрөнгө орлогын мэдүүлгээсээ нуучихсан байдаг. Төрсөн дүү нь захирал нь байдаг. Саяхан өөрчлөгдсөн. Ийм зүйл болсны дараа Улсын хяналтын байцаагч Оюунцэцэг гэдэг хүн хоёр удаа шалгалт хийж “Захиалагч байгууллага болох хот байгуулалт захиалагчийн албанд таван давхар орон сууцны барилгын нэг давхрын байгуулалтын зургийн хуудсан дээр авторын зөвшөөлгүйгээр балаар хэрээс татан гараар хүчингүй гэж бичиж эрх үүргээ хэтрүүлсэн” хэмээн тодорхой бичсэн байдаг. Мөн дараа нь “Ундрах” констракшнд хийсэн шалгалтын дүгнэлтэд 24 айлын орон сууц архитектурын хэсэг нь холболтыг гүйцэтгэж зурсан зургаас таван давхар барилгын нэг давхрыг нь хасч угсарч байна. Барилга угсралтын ажил дууссан гэж таван давхар барилгыг стандарт чанарт нийцэхгүй чанаргүй гүйцэтгэсэн тул улсын комисс хүлээж аваагүй байхад санхүүжилт бүрэн хийгдсэн байгаа юм. Түүнчлэн угсралтын явцад хийгдсэн зөрчлүүдийг арилгалгүй гэж байгаа юм. Гэтэл тэд хэвлэлээр ярихдаа “тус барилгад зориулж 150 сая төгрөг нэмж тусгахгүй бол баригдахгүй байх ёстой” гэдэг. Ингээд барилга баригдаж дууссаны дараа дахиж нэмж 125 сая төгрөг авсан байдаг. Энэ барилгыг авахгүй хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг хийснийх нь төлөө улсын байцаагч Оюунцэцэг гэдэг хүнийг үндэслэлгүйгээр нь ажлаас халж барилгыг хүлээж авсан. Ингэж нэг давхрыг нь хасаад дөрвөн давхар барилгын ажил дуусмагц 476 сая төгрөгөө зарлагадсан байшингийн нийт үнэ 601 сая 413 мянгад хүрсэн.
-Дахиад 125 сая төгрөгийг худал хэлж авсан гэж үү?
-125 сая төгрөг нэмж авсан. 2009 оны эдийн засгийн хямралаас шалтгаалаад 115 сая төгрөг шийдэж өгнө үү гэсний дагуу аймгийн ИТХ хэлэлцээд олгох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Тогтоолын төсөлд төрийн албан хаагчийн орон сууц үргэлжлүүлэн барих гэсэн өгүүлбэрийг “20 айлын орон сууцыг шинээр барихад” гэж өөрчиллөө хэмээн иргэдийн хурлын тэргүүлэгчид гаргасан. 20, 24 айл гэх хоёр зүйл явж байгаа юм.
-ИТХ-ын дарга Д.Батсайхан гэх хүн би холбогдох ёсгүй гээд байгаа шүү дээ. Тэрбээр өөрийг нь шалгуулсныг зүгээр л улстөржилт гүтгэлэг гэж ойлгоод байгаа юм биш үү?
-24 айлын орон сууцыг барьж дууссаны дараа 20 айлынхыг дахин шинээр барьсан байхгүй юу. Шинээр баригдаж байгаад нь дээрх мөнгийг өгье гэсэн болохоос өнөөх 24 айлын орон сууцны барилгад нэмж олгохыг зөвшөөрөөгүй. Энэ нь хурлын протоколоос харагддаг. Хөрөнгө зарцуулах тухай тогтоолын төслөөс төрийн албан хаагчийн 20 айлын орон сууцанд 113 сая төгрөг зориулахаар төсөв баталлаа гэснийг тэд 24 болгож балаар зассан байдаг. /балаар зассан гэх материалыг үзүүлэв/ 20 айлын сууцанд 108 сая төгрөг өгье гэсэн байсныг 24 болгоод өгөхгүй гэсэн115 сая төгрөгийг нэмээд өгчихсөн. Ингээд ИТХ-ын дарга Д.Батсайханы буруутай үйлдэл эндээс илэрч байгаа юм. Хэрэв 24 нь протоколд байсан бол түүний буруу биш. Яагаад гэвэл ИТХ бол хамтын шийдвэр. Гэтэл протоколыг балаар засч, хуурамч тогтоол гаргасан.
-Орон сууц нь ашиглалтад орсон уу. Орсон бол авах ёстой хүмүүстээ очиж чадсан болов уу?
-Төрийн албан хаачгийн орон сууцны зориулалтаар барьчихаад дарга нар хуваагаад авчихдаг. Аймгийн ЗДТГ-ын дарга, Тамгын газрын түшмэл, Засаг дарга ба түүний зөвлөлүүд. Түргэн сумын Засаг дарга, аймгийн орлогч дарга, үйлдвэр худалдааны хэлтсийн мэргэжилтэн гээд хувааж авсан. 20 айлын орон сууцнаас аймгийн иргэдийн хурлын дарга Д.Батсайхан авчихаад шүүх дээр ажилладаг эхнэр Оюунгэрэл нь дахин байр авчихсан. Энэ байрны үнэ хүний санаанд оромгүй хямдхан. Хоёр өрөө байрыг 12-14 сая төгрөгөөр үнэлж авч байгаа юм. Жирийн иргэд 30-40 саяар авдаг. Гэтэл дарга нар нь ийм өртгөөр байр худалдаж авч буй нь давсан орлогоо ашиглаж байгаа юм. Увс аймгийн иргэдээс авсан татвар. Түүнээс аймгийн Засаг дарга, ИХТ-ын дарга нарын өөрсдийнх нь орлогын албан татвар биш. Дарга нар өөртөө зориулж байр барьдаг, тендер зарладаг, мөнгийг давхар давхраар хувааж авч байгаа шударга бусыг арилгахын төлөө л би тэмцсэн.
-Таван давхар барилгын ажлаас өөр бусад зүйлээр мөн шалгуулсан гэсэн. Өөр ямар хэрэг хийсэн талаар танд мэдээлэл байгаа юу?
-Таван давхар барилгын тендерийн асуудлаар зогсохгүй хоёр гүүр барих ажлыг завхруулаад байгаа юм. Нарийний голын гүүр 514 сая төгрөгийн ажил хийгдэх ёстойгоос 14-хөн тулгуур шон босгосон. Тээлийн голын гүүр 1.8 тэрбумаар эхлээд 514 сая төгрөгийн ажил хийгдэж байх явцад зураг төсөл нь буруу болсон гэж хаяад 5.7 тэрбум төгрөгийн өртөгтэй болгоод оруулж ирж байна. Аймгийн Засаг даргад “Чи бол эдгээр гүүрийг бариулах ёстой хүн. Ард түмний татварын мөнгөөр улсын төсөв бүрддэг шүү” гэхээр урдаас зураг төсөл нь буруу гэдэг хариулт өгдөг. Өөрөө тус компанийн 40 хувийг эзэмшдэг юм билээ. Зураг төсөл нь буруу юм бол зурсан нөхдүүдэд хариуцлага хүлээлгэх ёстой биз дээ. 700 гаруй сая төгрөгийг хэн нэгэнд хариуцлага тооцохгүйгээр зураг төслийн буруу гэдэг нэрээр салхинд хийсгэж болох юм уу. Дараагийн нэг шалгуулж байгаа асуудал нь малжуулах хөтөлбөртэй холбоотой. Малжуулах хөтөлбөрийн хүрээнд 303 сая төгрөг Увс аймагт олгосон. Гэтэл түүнээс 23 сая төгрөгийг иргэн Чимэддоржид олгох тухай тушаал гаргасан. Энэ хүн төрийн эрх бүхий албан тушаалтан биш. Чимэддорж нь малжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн зардлаа гаргасан. Томилолтын зардал гэж найман сая гаруй төгрөг. Сумын ЗДТГ 25-27 ажилчдын бүтэн жилийн томилолтын зардал 3-4 сая төгрөг байдаг. Гэтэл энэ хүний арван хэд хоног ажилласан зардал нь найман сая гаруй байна. Ийм зүйл байж болохгүй.
-Хэрэв хуулийн байгууллага таныг дуудаж энэ бүхнийг нотол гэвэл та бэлэн байна уу?
-Анхан шатны шүүхийн шийдвэр гарчихсан байна. Дараагийн шатны шүүх хурал болно. Тиймээс хуулийн дагуу асуудлаа шийд. Түүнээс биш шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэж байгаа юм шиг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон юм ярих хэрэггүй. Үүнээс гадна манай аймагт их муухай жишиг тогтож байна. Арван адуу хулгайлсан бол дор нь барьж аваачаад хийчихдэг. Сэжигтнээр дуудаад ирэхгүй болохоор албадан саатуулдаг. 500 адуу хулгайлсан хүнийг шалгуулах болохоор улс төрийн хэлмэгдүүлэлт яриад байдаг. Манайх чинь хуультай төртэй улс шүү дээ. Хамгийн ядуу аймгийн тоонд Увс ордог. Авлига хээл хахууль цэцэглэсэн газар хүмүүс амьдрах нөхцөлгүй болчихдог юм байна. Сүүлийн дөрвөн жилд манай аймгийн хүн ам их цөөрсөн. Ялангуяа залуучууд нутагтаа очих маш дургүй болчихсон.
-Э.Цасчихэр даргатай албан бусаар уулзаж, ярилцаж анхааруулж байсан уу. Эсвэл шууд хуулийн байгууллагад хандсан уу?
-Мэдээж хэлэлгүй яахав. Болиорой залуучууд аа. Хариуцлагаа хүлээхгүй бол огцорно шүү. Хийж байгаа үйлдэлдээ дүгнэлт хийхгүй бол шалгуулна шүү гэж хэлж байсан. Д.Батсайхан бид нар найзууд ч гэсэн би “албан тушаал эрхэлж байгаа байдал чинь надад таалагдахгүй байна” гэж удаа дараа хэлж байсан. Миний хэлсэн үгийг гүтгэж байна гэсэн талаас нь хардаг. Надад зүгээр байгаа хүнийг гүтгэх ямар ч шаардлага байхгүй.
-Таны зүгээс эдгээр асуудалтай холбоотой хийхээр төлөвлөсөн ажил их байгаа байх. Цаашид яана гэж бодож байна?
-Э.Цасчихэр бол өрөм хуулж байсан этгээдүүдийн нэг. Одоо сүүг нь ууж, хусмыг нь хуулж байсан этгээдүүдийг дахиад гаргаж ирнэ. Энэ бол зөвхөн хоёр даргын асуудал. УИХ-д удаа дараа сонгогдсон ардын намын гишүүдийн будлиантай зүйлүүд илрэх цаг нь болсон. Би тэдгээр этгээдүүдийн хийсэн хэргийн 10/1 хувийг л шалгуулсан. Харин тэдгээр нөхдүүд хийсэн хэргээ хүлээхгүй хэн нэгний гүтгэлгээр шалгуулж байгаа юм шиг гүтгэлгийн шинжтэй зүйл ярьж байгаа бол аудитын байгууллагын шалгалтаар тогтоогдсон бүх хэргийг шалгуулах болно.
-Ингэхэд надад үзүүлж байгаа энэ их баримт бичиг протоколуудыг та яаж олдог юм бэ?
-Ардын намынхан намайг л матлаа гээд байгаа юм. Яг үнэндээ бол тэд өөрсдөө жинхэнэ матаачингууд. Миний өнөөдөр бариад явж байгаа баримт бүхий цааснуудыг хэн надад өгсөн юм бэ. Тэдний дундаас бага идчихсэн нөхдүүд нь бие биенээсээ илүү гарахын тулд өгч байгаа юм. Хүний гараар могой бариулдаг нөхдүүд ш дээ.
-Танд эдгээр баримтыг өгсөн хүмүүсийнх нь нэрийг нь хэлчихэж болдоггүй юм уу?
-Хэчнээн хүнийг нэрлэх вэ дээ. Олон хүн байгаа юм чинь. Тухайлбал, аймгийн ЗДТГ-ын үйлчилгээний газрын дарга Уртнасан гэх нөхөр үргэлж дарга нараа матдаг. Манай дарга нэг ийм юм хийчихлээ гээд л яриад явж байдаг. Түүний нэрийг харин зориуд хэлмээр санагдчихлаа.
Эх сурвалж: www.24tsag.mn