“Алтайн хүдэр”-ийн IPO-г Macquarie хариуцна

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

“Алтайн хүдэр”-ийн IPO-г Macquarie хариуцна

Тавантолгойн  анхдагч хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах хөрөнгө оруулагч банкаар шалгарсан зургаан банкны нэг Macquarie. Харин  Macquarie болон Америкийн Мерил Линч банкийг Говьт –Алтай аймаг дахь Таян нуур ордод олборлолт явуулж буй Алтайн хүдэр компани IPO гаргах олон улсын санхүүгийн зохицуулагчаар томилсон талаар The Wall Street Journal мэдээлжээ. Алтайн хүдэр компани өчигдөр буюу лхагва гаригт Хонконгийн Хөрөнгийн биржид 7.8 тэрбум хонконг  доллар буюу нэг  тэрбум ам.долларын анхдагч хувьцаа босгох болсноо мэдэгдсэн юм. “Алтайн хүдэр” нэг тэрбум ам.долларын анхдагч хувьцааг Хонконгийн Хөрөнгийн биржид энэ оны эцсээр гаргахаар төлөвлөж байгаа юм байна. “Алтайн хүдэр” компани 2009 оноос хойш  Монгол-Хятадын хилээс 168 км-ийн зайд орших Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дахь “Таян нуур”-ын ордоос хүдэр олборлож, Хятадын ган үйлдвэрлэгч “Баостийл” группын Шинжиань дахь салбарт нийлүүлж байгаа аж. Монгол Улс төмрийн хүдрийг анх экспортолж байсан үеээс экспорт эрс нэмэгдсэн байна. 2009 оны эхний улиралд нийт экспортын хэмжээ 200,000 тонн хүрэхгүй байсан бол 2011 оны сүүлээр экспортын хэмжээ найм дахь нэмэгдэж, 1.6 сая тоннд хүрснийг Австралид бүртгэлтэй “Харанга ресурсез”-ийн судалгаа харуулсан байна.  Хятадын Хөрөнгө оруулагч корпораци 2009 онд Монгол-Оросын хил дээрх төмрийн хүдрийн “Эрүү гол” ордыг эзэмшигч Хонконгийн Лунг Минг Инвестмент Холдинг компанид 300 сая ам.долларын хөрөнгө оруулсан нь төмрийн хүдрийн экспорт нэмэгдэхэд нөлөөлсөн аж. 300 са я тонн төмрийн хүдрийн нөөцтэй гэх Эрүү гол ордоос жилд гурван сая тонн хүдэр олборлох боломжтой. Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй 51 сая австрали долларын хөрөнгөтэй Харанга ресурсез Эрүү гол ордын ойролцоо FeOre, Мандалговьд “Эрээний” , Дорноговь аймагт “Дарцагт” зэрэг төмрийн хүдрийн хайгуулын төсөл хэрэгжүүлж байгаа юм. Монгол төмрийн хүдэр чанар муутай боловч ган үйлдвэрлэлийн гол түүхий эдийг бараг 60 хувь хямд учраас Хятадын үйлдвэрлэгчид худалдан  авахаар хошуурдаг.

Транс-Монголын төмөр замыг Хятадын хойд хилтэй холбосон нь Өвөр Монгол, Шинжиань дахь ган үйлдвэрлэгчдэд хямд түүхий эдийг худалдан авах замыг нээж өгч байгаа аж.  Монголоос Өвөр Монголын Баотоу хот руу төмрийн хүдрийн баяжмал тээвэрлэх экспортын зардал нь Австралиас хөлөг онгоцоор тээвэрлэхээс бараг тавь дахин хямд юм байна.

“Алтайн хүдэр”-ийн анхдагч хувьцаанаас хөрөнгө босгох ажилд Монгол улсад үүсч болзошгүй улс төрийн эрсдэлтэй нөхцөл байдал саад учруулж магадгүй гэж “The Wall Street Journal”-д бичжээ.

Монголын УИХ “Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэж эхэлсэн нь  Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэгч Чалко корпораци “Саутгоби ресурсез”-ийн эзэмшдэг хувьцааг худалдаж авсан гэрээг хүчингүй болгох магадлал бий.

 Хэрэв энэ хуулийн төсөл батлагдаж, гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд эзэмших эрхийг хязгаарлавал түүхий эдээр цангасан Хятадын үйлдвэрлэгчдэд таалагдахгүй бөгөөд Хонконгод бүртгэлтэй Монголын уул уурхайн компаниудын хувьцааны үнэ унаж магадгүй гэж “The Wall Street Journal”-д  бичжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж