Архины албадан эмчилгээний төвийг олон болгоё

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

Архины албадан эмчилгээний төвийг олон болгоё

Манай сонины сурвалжлах баг өнгөрсөн баасан гаригт Төв аймгийн Баян суман дахь ШШГЕГ-ын харьяа Архины албадан эмчилгээний төвийг зорьсон юм.

Зам зууртаа газрын гарцыг ажиглахад гандуухан харагдаж байна билээ. Зуны эхэн сар гарсан ч гэлээ Хоолтын даваанаас цааш Их, Бага хайрханы энгэр, гуу жалгаар өвс ногоо дөнгөж хэнзлэн туяарч харагдсан. Соёмбот уулын хормой Тэхийн горхийг даган хөх униар татаж, олон айл хаяа дэрлэн зусландаа буужээ. Хотоос 130 гаруй км явж Архины албадан эмчилгээний төвд очлоо.

АРХИНД ДОНТОХ НЬ ӨВЧИН

Шүүхийн шийдвэрийн харьяа газрууд бүгд хатуу чанга хамгаалалтай, өндөр хашаан дээгүүр өргөст тор татсан байдаг. Харин Архины албадан эмчилгээний төв бол тэднээс арай өөр. Хашааны хаалгаар машинтай яваад ороход хэн ч шалгасангүй. Хашаан дотор хүмүүс мод суулгаж, газар хагалан ногоо тарьж байна.

Мөн хүмүүс барилгын засвар хийж байгаа бололтой шохой зуурсан хувин барьж хоёр байшингийн хооронд холхино. Ганц нэгхэн дүрэмт хувцастай хүн байрны  наагуур цаагуур эргэлдэж ажил гүйцэтгэж байгаа хүмүүст заавар зөвлөгөө өгч байгаа харагдана. Архины албадан эмчилгээнд ирсэн хүмүүсийн амьдралтай танилцах гэж яваагаа удирлагуудад нь танилцуулсан юм. Уг нь тус байгууллагад сурвалжлага хийх гэж байгаа бол ШШГЕГ-аас зөвшөөрөл авах ёстой. Гэхдээ хол зам туулж, зорьж ирсэн учраас дарга нар нэг их дүрэм журам ярьсангүй биднийг төвийнхөө үйл ажиллагаатай танилцуулсан.

“Хамгийн гол нь та нар зөв талаас нь бичээрэй. Эд нар эмчилгээ хийлгэж байгаа өвчтөн болохоос хоригдол биш. Архинд донтохыг дэлхий нийтээр өвчин гэж үздэг. Тийм болохоор их болгоомжтой бичээрэй” хэмээн гуйх, заах хоёрын дундуур хэлсэн юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагааас архичин хүмүүсийг өвчтөн гэж тодорхойлсон байдаг аж. Архины эмчилгээг удаан хугацаанд хийдэг. Учир нь энэхүү өвчин хамгийн удаан эдгэрдэг өвчнүүдийн тоонд ордог гэнэ. Биднийг очиход тус байгуулагад 220 гаруй хүн архины эмчилгээ хийлгэж байсан юм. Уг нь энднийх норм, хүчин чадлын хувьд 120 хүн эмчлэх ёстой. Албандан эмчилгээнд ирж буй хүмүүсийн 60 хувь 30-45 насныхан байдаг аж. Нэг үгээр хэлбэл амьдралын туршлага суусан, ид хийж бүтээх насны хүмүүс юм. Тэр ч бүү хэл 18-25 насныхан ч ирэх нь элбэг аж.

ЭРГЭЛТИЙН ХААЛГА ШИРТЭЭСТЭЙ ӨВЧТӨНҮҮД

Эмчилгээ хийлгэж буй хүмүүс өдөрт гурван удаа хооллоно. Өглөө цай, өдөр нэг, хоёрдугаар хоол, оройн хоолтой. Эмнэлгийн зохион байгуулалттай бусад  жирийн эмнэлэг шиг хүнсээр хангагдаагүй. “Дандаа дээд зэргийн махаар хоол хийнэ гэж юу байх вэ” гэж дэд дарга Л.Энхтайван өгүүлж байсан. 220 хүн дөрвөн ээлжээр хоолондоо ордог аж. Тэдний 20 нь эмэгтэйчүүд. Сүүлийн үед эмэгтэйчүүд ирэх нь олширч байгаа гэнэ. Жилдээ 20 гаруй эмэгтэй ирдэг байсан бол харин сүүлийн хоёр жилд 100 гараад байх болсон аж. Тэд эмчилгээ хийлгэхийн хажуугаар оёдлын цехдээ гар урлалын бүтээлүүд үйлдвэрлэдэг юм байна. Түүнийгээ зарна, зуучилж өгсөн учир ашгаасаа тодорхой хувийг байгууллагадаа хандивлана. Биднийг очиход байрнуудад засварын ажил эхэлсэн байв. Гурав, дөрвөөрөө хамтарч өрөөнүүдийнхээ хаалга, ханыг шохойдон хүн бүр ногдсон ажлаа гүйцэтгэж байлаа. Энд эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн дунд гарын ур дүйтэй хүн цөөнгүй. Салбар салбарын хүмүүс байдаг гэнэ. “Төрийн шагналтнаас авахуулаад Аюулаас хамгаалах яамны хурандаа, гавьяат тамирчин, малчин, багш, дуучин, эдийн засагч гээд олон хүн ирдэг юм” гэж тус байгууллагын дарга хурандаа Д.Энхтайван өгүүлж байсан юм.

Архины албадан эмчилгээний газрыг бид ойлгохдоо хагас цэрэгжсэн шорон мэт ойлгодог. Хэдий харуул хамгаалалттай байдаг ч дотроо өвчтөнүүд нэг гэр бүл шиг амьдардаг юм билээ. Нэг тасагт 5-8 хүн байна. Даац нь хэтэрсэн ч аль болж бүтэхээрээ л амьдарч байгаа гэнэ. Эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс цаанаа нэг далд уйтгартайгаар ажлаа гүйцэтгэнэ. Гадаа модоо тарьж байгаа нь ч тасагт засвар хийж байгаа нь ч эргэлтийн газрын хаалгыг байн байн ширтээнэ. Албадан эмчилгээнд анх ирж байгаа бол гурван сар, давтан бол зургаан сараас нэг жилийн хугацаатай байдаг аж. Тэдэнд эргэлт ирэх нь ховор. Гэр оронгүй, хамаатан садангууд нь тоохоо больсон байдаг аж. 60 хувь нь гэр бүлээсээ салсан. Анх ирж байгаа нь сэтгэлээр унаж өөрийгөө энэ нийгмийн хог шаар хэмээн боддог гэнэ. Зарим нь ч “Монголчууд бүгд архи ууж байна. Би архичин биш” хэмээн энэ тэр газарт өргөдөл гаргадаг сурагтай. Албадан эмчилгээнд ирж буй хүмүүсийг Наркологийн төвийн эмчийн дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэр гаргасны үндсэн дээр хүлээж авдаг. Ирсэн хүмүүс хааяа оргодог гэнэ. Гэхдээ цөөхөн. Өмнө нь Багахангай дүүргийн цагдаагийн ажилтнууд хамгаалж байхад жилд 100 гаруй хүн оргодог байсан гэнэ. Оргосон хүмүүсийг албадан ажил хийлгүүлдэг. Түүнээс эмчилгээ хийлгэж буй хүмүүсийг ойр зуурын байгууллагын ажил гэхээс өөр ажилд оролцуулдаггүй аж. Учир нь тэд өвчтөн учраас ажилчин шиг байх ёсгүй аж.

ӨВӨЛ БОЛОХООР ЗАРИМ ХҮН ӨӨРСДӨӨ ХҮРЭЭД ИРДЭГ

Орон гэргүй хүмүүсийн орогнох газрын нэг нь Архины албадан эмчилгээний төв. Өвлийн улиралд зарим нь өөрсдөө цагдаад хандан шүүхээр тогтоол гаргуулаад замын унаанд суугаад хүрээд ирдэг гэнэ. Хэдэн сар эмчилгээ хийлгэж байгаад бие нь сэргэж, гарах хугацаа нь болсон ч очих газаргүй хүмүүсийн хугацааг сунгах тохиодол ч байдаг гэнэ. Харамсалтай нь тэр бүхэнд эмчилгээ хийх  боломжгүй. Даац хэтэрсэн үедээ “Хүн авахгүй” гэж шүүх рүү мэдэгдэх тохиодол ч гарна. Энд зөвхөн нийслэлийн архичдыг эмчилдэг. Гэтэл аймгуудад архаг болчихсон архичид олон байдаг. Тэднийг Архины албадан эмчилгээний газар хүлээж авах ямар ч боломжгүй. Зарим томоохон аймагт архины эмчилгээ хийх шаардлагатай 300-400 хүн бий гэсэн судалгааг гаргаж ЦЕГ-т өгсөн байдаг. Эндээс харахад архинд живсэн монголчуудыг аврахын тулд аймаг бүрт архины албадан эмчилгээний газар байгуулах шаардлагатай болжээ. Энд 60 гаруй настай хүмүүс ч бий. 70 гарсан өвгөн ч ирж байсан удаатай. Уг төвд зориулж дахин 100 ортой эмнэлэг барих гэж байгаа гэнэ.

Архины эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнүүдтэй биднийг уулзуулсангүй. “Сонгууль дөхсөн. Улстөрийн давал­гаатай үе. Эд нар ч гэсэн сонгуульд оролцоно. Тийм учраас хамаагүй уулзуулж болохгүй” гэсэн хариуг Д.Энхтайван хурандаа хэлсэн юм. Мөн тэрбээр “Архины эмчилгээ хийх, архитай тэмцэж байгаа байгууллагууд ирж зураг аваад л алга болдог. Бодитой ажил хийдэггүй” хэмээж байсан. Бид ногоо тарьж байсан хүнээс цөөн асуултад хариулт авсан юм.

-Хэзээ ирсэн бэ. Гарах болж байгаа юу?

-Арай болоогүй ээ. Ирээд хоёр сар л болж байна.

-Ямар ногоо тарьж байгаа юм?

-Хүнсний нарийн ногоо, мөн хэсэг газарт чацарганы үр суулгах гэж байгаа.

-Энд амьдралд ямар байна?

-Эмчилгээ л хийлгэж байна.

-Эмчилгээнийхээ хажуугаар байнга ажил хийж байна уу?

-Үгүй ээ. Өнөөдөр дулаанхан болохоор ногоо тарьж, мод суулгаж байна.

-Юугаар бордоо хийж байна?

-Малын бууц, шувууны сангасаар.

Тэрбээр хэдэн үг солихдоо ийш тийш харж хэн нэгэнд уулзаж ярьж байгаагаа мэдэгдэхгүй юмсан гэсэн бодолтой байгаа нь ажиглагдсан.

ОРОЙ БҮР ТӨРИЙН СҮЛД ДУУЛАЛАА ДУУЛДАГ

Унтахаасаа өмнө өвчтөнүүд Төрийн сүлд дуулалаа заавал дуулдаг аж. Сүүлийн таван жил дуулж байгаа гэнэ. Мөн тэд яруу найрагч О.Дашбалбарын “Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ” шүлгийг цээжилдэг. Сүлд дууллаа дуулсны дараа Д.Сүхбаатарын хэлсэн үгнээс иш татсан үгийг хэлдэг. Тэр нь “Бидний үе эв саналаа нэгтгэн нэгэн зэрэг зориглон хөдөлвөөс архичин тамхичин үгүй болж цэнгэлийн манлайд хүрэхийг дан ганц бидний сэтгэлийн чинь зориг мэднэ” гэж хэлдэг байна. Нэг ёсны тэдний тангараг нь.  Хуучин уурын зуух байсан байшинг ирэх жилээс спорт заал болгохоор төлөвлөж байгааюм билээ. Снүкер бильяардын ширээтэй. Ширээний теннис н ээлжлэн тоглодог аж. Өмнө нь хоёр пүүл бильяардын ширээ илээсэн гэнэ. Соёлын төв тааруу газрын сумын соёлын төвөөс ч том. Хааяа хааяа бүжиг зохион байгуулдаг. Эмчлүүлэгч, албан хаагчдын дунд тэмцээн уралдаан зохион байгуулдаг. Удирдлагууд нь өвчтөнүүдтэй аль болох дотно байхыг чухалчилдаг аж. Гэхдээ хууль дүрмийн дагуу. Д.Энхтайван дарга “Би дүрэмт хувцастай эд нартай уулзалт хийхийг боддоггүй. Төрийн хувцас өмссөн, энгийн хувцастай хүн хоёр эд нарын нүдэнд өөр харагдана. Аав шиг нь байхыг боддог” хэмээсэн юм. 100 хүний 20 нь эмчлэгдэх боломжтойг ДЭМБ тогтоосон байдаг аж. Манайд бол 15-20 хувь нь архинаас бүрэн гардаг юм байна. Эмийн эмчилгээнээс гадна 80 хувьд нь сэтгэл заслын эмчилгээ зонхилдог. Тийм ч учраас Д.Энхтайван дарга нэгийг өгүүлсэн байх.


Л.Цэрэнжаргал

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж