Хэрлэн-Барс хотыг сэргээн хамгаалалтад авъя

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

Хэрлэн-Барс хотыг сэргээн хамгаалалтад авъя

Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Тугчин Д.Гомбожав

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт XI зууны Хятаны үед холбогдох нэн эртний нэгэн хотын үлдэгдэл байдаг. Энэхүү “Хэрлэн-Барс” хотын туурин дээр өдгөө сүндэрлэн буй долоон давхар суварганы өндөр нь 22 м сүрлэг учир алсаас торойн харагддаг. Энэ нь гадаад дотоодын аялагч, жуулчлагч хүмүүсийн анхаарал сонирхлыг татсаар олон зууныг элээн өнгөрүүлсэн. Үүгээр зорчигчид Хэрлэн-Барс хотын өндөр суваргыг үзэхээр зориуд тэнд очиж зураг хөргөө татуулдаг нь бараг уламжлал болжээ.

Энэхүү нүсэр том байгууламж XI зуунаас XXI зуун хүртэл мянгаад жилийн хугацаанд байгаль, цаг уурын хатуу ширүүн сорилтуудыг ажиггүй даван туулж, манай үед босоогоороо үлдсэн нь Монгол Улсын түүх соёлын ховор нандин өв, дурсгалын нэг яах аргагүй мөн.

Хэрлэн-Барс хотын өөр нэгэн таван давхар суваргыг 1940 онд нурааж, малын хашаа саравчинд хэрэглэсэн гэх ба гэм буруутай этгээдэд нь зохих шийтгэл хүлээлгэсэн гэж дуулдсан. Ийнхүү түүхийн нэн эрт үед холбогдох дурсгалт зүйлийг нураан сүйтгэсэн нь маш харамсалтайн дээр хүнд гэмт хэрэг гэдэг нь бүхэнд ойлгомжтой.

Олон жилийн өмнө нурсан хоёр дахь суваргыг одоогийн байгаа нэг суваргыг нь үлгэр болгон дахин сэргээн босговол энэ хоёр “ихэр” байгууламж анхныхаа эх загвараар бүрэн бүтэн болж, хойчийн зуунуудад түүхийн нэн ховор нандин биет дурсгал болон сүндэрлэн үлдэх юм. Аялагч жуулчлагчдын сонирхлыг татахад илүү өгөөжтэй байх болно. Түүнчлэн Хэрлэн-Барс хотын туурийг сайтар судалж тойм зургийг гаргаж үндэсний болон орон нутгийн музейд дэлгэн тавьж дотоод гадаадын сонирхогчдод сонин сайхан үзмэр болгох нь нэн чухал мэт санагдана.

Манай нэрт эрдэмтэн зохиолч, түүхч хөдөөгөөр овоглосон Пэрлээ тэргүүтэй шинжилгээний баг 1950-иад онд Хэрлэн-Барс хотын туурийг шинжилсэн судалгааны материал бий. Энд буй дурсгалын самбарт : Хэрлэн-Барс хотын хэрэм хааш хаашаа 1600-1800м , зузаан нь 4м , өндөр нь 1,5-2м гэж бичсэн нь бий. Энэ хотыг үлэмж том хэрэм хүрээлж байсны ор суурь болох шороон далан өдгөө тов тодорхой байдаг бөгөөд уул хэрэмний баруун хойд булангийн хэсгийг мөн л ухаж төнхсөн ул мөр харагдана билээ. Хэрмийн дотор одоо байгаа долоон давхар суваргийг тойруулан төмөр хашаа барьж хамгаалалт хийсэн нь ямар ч гэсэн мал орохгүй болгосон сайн хэрэг.

Гэвч хүмүүс дуртай газраараа хашааны завсраар орж дотор хананд нь байсан уран зургуудыг цөлмөн авч, түүгээр ч барахгүй уул байгууламжийн баруун хананаас нь хүйтэн сэтгэлт сувьдаг хүмүүс хөх тоосго нэлээд олныг сугалж авсан байв. Иймд одоогоор ганц үлдсэн өндөр суварга хэзээ мөдгүй нурах аюулд өртөөд байгааг ШУА, Түүхийн хүрээлэн, Түүх соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах агенлаг зэрэг газрын удирдах эрхэм нөхөд анхааралдаа авна уу Монголын түүхийн нэн эртний дурсгал болох энэхүү гайхамшигт байгууламжийг нурахаас нь өмнө сэргээн засч, суурь хэсгийн гадна дотор талд найдвартай бэхэлгээ хийх шаардлагатай байгааг та бүхэнд хичээнгүйлэн өргөн мэдүүлж буйг болгоон соёрхоно уу. Мөн оройн хэсгийг нь ч сэргээн засах шаардлагатай болжээ. Хэрлэн-Барс хотын туурин дээр сүндэрлэн байгаа энэхүү суваргыг сэргээн засах ажилд Дорнод аймгийн урирдлага хөдөлмөрчид ч өөрсдийн хувь нэмрээ оруулж, дэмжлэг туслалцаа үзүүлэх биз.

Үүнийг бичигч миний бие Хэрлэн-Барс хот нэг, хоёрын хэрмэн доторх хоёр суварга гэгч нь үнэн чанартаа суварга биш, тухайн цагтаа харуул манааны цамхаг байсан болов уу гэж боддог. Түүнчлэн их хэрэмний нь дөрвөн булан, хаалганы хэсэгт нь бат бэх багана босгон тэмдэг тавихад илүүдэхгүй байх. Хэрэв энэ сүрлэг байгууламжийн засварыг оройтуулвал уул суварга нурж тоосгыг нь хүмүүс зөөсөөр дуусгаж, аялагчид жуулчдад сонирхуулан гайхуулж үзүүлэх юмгүй бяцхан дов үлдэх болно гэдгийг хаана хаанаа анхааралдаа авна уу. Миний өчүүхэн саналыг ажил хэрэг болгоно гэдэгт гүнээ найдаж байна.

* * *

Дорнод аймгийн Булган сумын зарим удирдах нөхөд Хэрлэн мөрний өмнөхөн орших Туг уулын дээр байсан Чингисийн тахилгын сүмийг (Тугийн хийдийн) хуучин загвараар нь бүтээн барьж Хэрлэнгийн хойд биед холгүй харагдах Барс хот хоёрын хооронд гүүр тавьж аялал жуулчлалын бааз байгуулах бодолтой байгаа тухайгаа ярьж билээ.(Сүмийн эх зураг нь музейд бий.)

Энэ бол авууштай сайхан санаачилга мөн боловч Хэрлэн дээгүүр гүүр тавих, дээрх сүмийг дахин бүтээн байгуулах нь багагүй хөрөнгө хүч шаардах ажил гэдэг нь тодорхой. Юуны өмнө Хэрлэн-Барс хотын туурь дахь боломжтой хэсгүүдийг сэргээн засч, Тугийн хийдийн Чингисийн сүмийг бүтээн байгуулах нь эхний ээлжинд хойшлуулшгүй хийвэл зохих ажил юм. Харин Хэрлэн дээгүүр гүүр тавихын өмнө голыг сал, завь, гаталга мэт хөвдөг хэрэгслэлээр гатлах бүрэн боломжтой. Тус сумын иргэдийн саналыг ажил хэрэг болгон бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд төр засгийн дэмжлэг, аймаг сумдын хөдөлмөрчдийн хүчин чармайлтыг нэгтгэвэл энэ нь тийм ч хэцүү ажил биш. Түүхийн эдгээр ховор нандин дурсгалт байгууламжийг сэргээн бүтээн байгуулах нь Монгол Улсын түүхийн шинжлэх ухаанд үнэлж баршгүй чухал ач холбогдолтойн дээр улсын нэр хүндтэй шууд холбоотой асуудал яах аргагүй мөн. Түүнчлэн Дорнод Монголын номин цэнхэр талд, домогт Хэрлэн мөрний хөвөөнөө эртний түүхт энэхүү байгууламжуудыг түшиглэн улсын чанартай аялал жуулчлалын томоохон бааз байгуулж ч болно.

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж