Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжинэ

Италийн “АИФО” төрийн бус байгууллагаас
манай улсын ЭМЯ, Европын холбоотой хамтран хэрэгжүүлж буй хөгжлийн
бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн”
хөтөлбөрийн үндэсний семинар өнөөдөр “Бишрэлт” зочид буудалд эхэллээ.

Тус семинарт “Тэгш дүүрэн” хөтөлбөрийг
орон нутагт хэрэгжүүлдэг зохицуулагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 21
аймаг, есөн дүүргийн Засаг даргын Тамгын газар, эрүүл мэндийн газрын
удирдлагууд мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалсан
төрийн бус байгууллагуудын төлөөлөл бүхий 100 гаруй хүн оролцож байна.

Энэ үеэр Италийн “АИФО” ТББ-ын Монгол
дахь төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Л.Энхбуянтын сэтгэгдлийг
сонслоо. Тэрбээр "Бид  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын чадварыг
нэмэгдүүлэх зорилготой юм. 1991 оноос хойш хэрэгжүүлж байгаа ”Тэгш
дүүрэн” хөтөлбөр 2008 оноос өмнө 12 аймаг, найман дүүргийг хамардаг
байсан бол энэ жил хүрээгээ тэлж, үндэсний хэмжээний хөтөлбөр боллоо.
Бид уг хөтөлбөрөөрөө нийгэмд эрүүл, сайн сайхан сэтгэлгээтэй иргэдийг
бий болгохыг зорьж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах хандлага
зөвхөн эрүүл мэндийн чиглэлд байдаг бол бид нийгмийн хандлагаар сэргээн
засалт руу чиглүүлж байгаа юм. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд
өөрсдөө нийгэмд оролцож, сэргээн засалт авах боломжтой юм. Мөн энэ
жилээс  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх, Монголын мянганы
сорилтын сангаас бидэнтэй хамтарч ажиллах санал тавьж, цаашид хамтарч
ажиллахаар боллоо. Энэ удаагийн семинараараа бид  дэлхий нийтийн
хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиг хандлагыг бүх аймгийн төлөөлөгчдөд өгч
байгаа юм. Цаашид бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай
конвенцын хэрэгжилтийг сайжруулах болон ДЭМБ-ын хөгжлийн бэрхшээлтэй
хүмүүсийн тухай тайланд бичигдсэн есөн зүйлийг хэрэгжүүлнэ" гэж ярилаа.

Маргааш орон нутгийн хөгжлийн
бэрхшээлтэй хүмүүсийн өөрөө өөртөө туслах бүлгийнхэн үйл ажиллагаагаа
танилцуулж, “АИФО” байгууллагын Энэтхэг улсын суурин төлөөлөгч Жоуз
Манниккатан илтгэл тавина.

Г.Орхон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж