Уг номд орсон дуунууд нь ХХ зууны хүүхдийн шилдэг зуун дуу байж чадсангүй. Номын нэр ч оносонгүй. Хүүхдийн зуун гэж мэдэхгүй, ХХ, ХХI зуун гэж л мэдэх юм. Бодвол зууны хүүхдийн шилдэг дуу л юм байлгүй.
Сайн мэдэх “Алтан тав” дууны аяыг Г.Алтанхуяг бичсэн гэсэн байлаа. Уг нь Монгол Улсын гавьяат багш Л.Галмандахын үг, ая юмсан. Мөн “Хөх бух” дууны үг, аяыг хэн хэн зохиосныг бас л сайн мэддэггүй бололтой. Т.Таванцэрэгийн ая, Ж.Дашдоржийн үг байтал аяыг Л.Мөрдорж гэжээ. Энэ мэтээр хооронд нь андуурсан уу, эсхүл номоо түргэн гаргах гэж яарсан уу, бүдүүлэг алдаа гаргажээ. Харамсалтай нь алдаа цааш үргэлжилнэ.
“Хүүхдийн зууны шилдэг 100 дууны цомог” 2010 он /Цэцэрлэг/ гэсэн эхний дэвтэрт “Бас гоё” дууг О.Сэрээнэн гэжээ. Дууны зохиогч нь Ц.Эрдэнэбат, шүлгийг Ж.Бадраа гэж хөгжмийн зохиолч Б.Цогоогийн “Мөнгөн хонхны дуу” түүвэрт байх юм. Мөн “Цэцэрлэгтээ би явна даа” дууны үг, аяыг О.Сэрээнэн гэсэн байна. Энэ дууны үгийг Г.Баатарчулуун бичсэнийг бас л мэддэггүй бололтой. “Хүүхдийн зууны шилдэг 100 дууны цомог” 2110 он /Ахлах/ гэсэн гурав дахь дэвтэрт “Нар инээдэг юм” дууны шүлгийг Д.Пүрэвдорж, аяыг С.Болоож гэжээ. Ая зохиогч нь И.Болоож баймаар. Мөн цомогт “Бөмбөг битгий хаяарай” дууны аяыг мөн л Ц.Болоож гэжээ. Урлагийн Гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч И.Болоожийн овгийн эхний үсгийг “Ц”,”С” гэж хэдэнтээ эндүүрнэ гэдэг арай дэндсэн мэт.
Манай үе үеийн төгсөгчдийн сүлд дуу болсон:
“Салаа хархан гэзгэн дээр чинь
Туузан цэцэг дахиад ургахгүй” хэмээх үгтэй дууны шүлгийг З.Түмэнжаргал, аяыг Л.Галмандах зохиосныг мэдэхгүй баймааргүйсэн. Тэгтэл “Төгсөх сурагчийн уянгын дуу”-г “Могжоохон” студи “Сүүлчийн хонх” дуутай хамт тавьсан нь Л.Галмандах, С.Надмид нарын хамтын бүтээл мэтээр эндүүрэхээр болжээ.
Сүүлийн үед хүүхдийн дууны бүтээлүүдээр ном олноор хэвлэж байгаа ч хүүхдийн тодотголтой уралдаан тэмцээнд ихэнх бүтээл ая зохиогчийн нэрээр зарлагддаг болсон нь дээрхи баримтуудтай ч холбоотой. Цаашид ийм байдлаар уран бүтээлчийн нэр овгийн үсгийг хольж сольж, зохиогчийн эрхийг бүдүүлгээр зөрчөөд баймааргүй санж.
Хүүхдийн номыг чамбай хэвлэж баймаар. Номын үсэг хүүхдийн л юм бол том баймаар. Гэтэл зарим дууны шүлэг нь будагныхаа өнгөнд бүдгэрээд уншихад хүртэл хэцүү өрөвдөлтэй. Ямар “Икэлийн эгшигт миний сургууль” дуу вэ? Энэ дууг зууны шилдэг дуу болсныг ч мэдэхгүй, тэр байтугай хэзээ хаана дуулж байсныг хэлэх хүн хэд байгаа бол! Шилдэг дуу гэвэл “Маамуу нааш ир” шиг түм буман хүүхдийн дунд түгсэн бүтээл баймаар…
Хүүхдийн ХХ зууны шилдэг дууны энэ номонд Ж.Бадраагийн үг, Ц.Намсрайжавын ая “Халуун элгэн нутаг”, Д.Нацагдоржийн шүлэг, Ж.Шараагийн хөгжим “Миний ээж”, Н.Санжмятавын үг, С.Гончигсумлаагийн ая “Тэгвэл хоёулаа”, П.Хорлоогийн үг, Ж.Дорждагвын ая “Туулай” зэрэг олон сайхан дуу орхигджээ. Яагаад “Бүхий олон багачууд аа…” /Хойчийг залгамжлагч багачуудын дуу/ шилдэг дуу байж яагаад болохгүй гэж. Монголын үе үеийн хүүхэд багачууд энэ дуугаар амьсгалж ирсэн өдгөө ч хүүхдийн уран бүтээлийн дуу шүлгийн манлайд хэвээрээ байна.
Хэрвээ үнэхээр хүүхдийн шилдэг дуунуудыг оруулах байсан юм бол зохиогчгүй дуу орсон нь гайхалтай. Шилдэг гэх тодотголд багтсан зарим дуу тэр бүр хүүхэд дуулж байгаагүй дуу байх жишээтэй.
Хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын ая, Д.Чинзоригийн шүлэг “Болохгүй болохгүй” дууны төгсгөл бадгийг :
Хүүхэд насаа аав ээж минь
Мартаад байх нь хачин юм даа гэхийг “, “Аав ээж минь хүүхэд насаа” гэх буюу
Болохгүй болохгүй гэх юм “Ёох”
Бодоод бодоод олохгүй юм даа гэж байхыг “Болохгүй болохгүй гэх юм “Ёох” гэх мөрийг ор тас орхисон байх ажээ.
Мөн “Ширээний найз” дуу хэний бүтээл нь тодорхой бус. “Бодлын хөөрхөн бойтог” дууны шүлгийг хэн зохиосныг нь мөн л мэддэггүй бололтой. Бас “Хоёрын тоо” дууг ч тэр. “Могжоохон” студийн бүтээл гэж эндүүрмээр болсон байна. Угтаа Ч.Лхамсүрэнгийн үг, О.Даваадоржийн ая юмсан.
Хүүхдийн дууны олон сайн бүтээл энэ цомогт ороогүй нь харамсалтай. Нэг хүний хэчнээн ч дуу шилдэг болоод байгаа юм бүү мэд. Ийм л ном тэр бүсгүйн сэтгэлд таалагдаагүйг би ойлголоо. Хүүхдийн номыг үнэтэй тэгээд ийм алдаатай гаргаж байснаас гаргаагүй нь ч дээр юм уу даа.
Тэр номын дэлгүүрт ”Хүүхдийн дууны цомог” нэртэй бяцхан ном нүдэнд тусав. Авч үзвэл дотор хуудасны нүүрэн дээр эмхэтгэсэн О.Цэлмэг, Г.Азбаяр, М.Ганзориг, редактор Н.Хулан, 2010 он гэжээ. 48 дууны шүлэгтэй энэ номын үг, ая зохиогч нарын нэгнийх нь ч нэр алга. Уг ном эмхэтгэгч нарын бүтээл болж таарлаа. Үнэ хямдхан, тэгээд ч нэг ч нотгүй, эзэнгүй дууны шүлгийн цуглуулгаар хүүхэд яах ч юм билээ.
“Өдрийн шуудан” сонин