Монголд циркийн сургууль, циркийн урлагийн үндсийг тавьж, үүсгэн байгуулсан гавьяат жүжигчин Ж.Раднаабазарын 100 насны ой энэ онд тохиож байгаа юм. Түүний хүү, соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Р.Энхбазар аавынхаа 100 насны ойд зориулж “Тэнгэр эцэгтээ өргөх дуун” тоглолтыг өнөөдөр Улсын үндэсний “АСА” циркт 19.00 цагт ганцхан удаа хийх гэж байна. Уг тоглолтод Ардын жүжигчин А.Долгор, гавьяат жүжигчин Э.Бүрнээбаяр, Н.Чулуунхүү, соёлын тэргүүний ажилтан С.Сэрчмаа, “Инээмсэглэл” хамтлагийнхан оролцож, Р.Энхбазарын “Эр хүн”, “Ээжийн бүүвэйтэй хорвоо”, “Дэлхий ээж”, “Бүсгүйчүүд”, “Манайд ирээрэй”, “Хөөрхөн Бурмаа” зэрэг сонсогчдын сэтгэлд шингэсэн дууг циркийн шилдэг үзүүлбэрийг хамт хүргэх нь ээ.
Монгол Улсын циркийн үндэслэн санаачлагчдын нэг Гавьяат жүжигчин Ж.Раднаабазар нь Түшээт хан аймгийн Дайчин чин ван Ханддоржийн хошуу буюу өнөөгийн Булган аймгийн Халиун сумын Хархужирын голд Жамьянгийн долоон хүүхдийн отгон нь болон 1912 онд мэндэлсэн.
ЗХУ-д циркийн мэргэжлийн сургуулийг 1938 онд төгсөж ирээд 1940 онд Циркийн сургууль, 1941 онд Монгол Улсын анхдугаар циркийг нээжээ. Богино хугацаанд монгол циркийг үндэслэн байгуулж, асар их оюун ухаан, хөдөлмөр зарсныг нь үнэлэн, түүнийг 1943 онд гавьяат жүжигчин цолоор шагнасан байна. Ж.Раднаабазар цэл залуу 37 насандаа зуурдаар нас барсан бөгөөд тэр үед отгон хүү Р.Энхбазар нь хоёр ойтой байжээ.
Г.Даша