Тестийн эмхэтгэлийг БҮТ-өөс авна

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

Тестийн эмхэтгэлийг БҮТ-өөс авна

БСШУЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээтэй төвтэй хамтарч бид ерөнхий шалгалтын бүртгэл, элсэлтийн журмын талаар та бүхний сонирхсон асуултад хариулж байгаа билээ.

Энэ удаа zuuniimedee@yahoo.com цахим хуудас болон 70116001, 70116002, 88003942 дугаарын утсаар илгээсэн зарим асуултын хариуг Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл мэдээллийн албаны мэргэжилтэн Ч. Отгонцэцэгээс тодрууллаа.

-Өмнөх жилүүдийн бүртгэлээс харж байхад хүүхдүүд математик, англи хэл, хими зэрэг хичээлийг илүү түлхүү сонгодог юм шиг санагдсан. Харин энэ жил элсэгчдийн олонхи нь ямар хичээлийг түлхүү сонгосон бэ?

-Жил бүр адилхан байдаг. Гэхдээ энэ жилээс физикийн шалгалт нэмэгдэж орж ирсэн. Өөрөөр хэлбэл хамгийн эхэнд англи хэл, математик, нийгмийн ухааны шалгалт байдаг байсан бол энэ жил физикийн хичээлээр шалгалт өгөх хүүхдийн тоо нэлээд нэмэгдсэн. Энэ жилийн хувьд эдгээр дөрвөн хичээлийг хүүхдүүдийн ихэнх нь сонгосон.

-Элсэлтийн ерөнхий шалгалтыг танай байгууллага зохион байгуулаад багагүй хугацааг үдэж байгаа. Эцэг, эхчүүд болон элсэгчид онлайн бүртгэлд одоо бараг дасчихаж. Ер нь энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өмнөх жилүүдийнхээс юугаараа онцлог, ялгаатай байсан бэ?

-Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил бид сургалт сайн явууллаа. Улаанбаатар хотын найман дүүрэгт нийт 130 гаруй сургуульд бүртгэлийн талаарх сургалтыг зохион байгуулсан. Манай Боловсролын үнэлгээний төв элсэлтийн ерөнхий шалгалтыг долоо дахь жилдээ зохион байгуулж байна. Эцэг эхчүүд болон сурагчид тодорхой мэдээлэлтэй болсон байна. Өмнөх жилүүдэд алслагдсан сургуулиуд болон орон нутагт тус сургуулийнх нь захиалгаар очиж сургалт хийдэг байсан бол энэ жил тухайн аймгийн Боловсрол, соёлын хэлтэстэй нь ярьж байгаад хуваарийн дагуу сургалтаа зохион
байгуулсан.

-Шалгалтандаа бэлт гэж буй зарим элсэгч тестийн эмхэтгэлийг хаанаас, хэдэн төгрөгөөр худалдаж авах тухай асуулт ирүүлсэн байсан. Та энэ тухай товчхон мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ жилийн элсэгчдэд гарын авлага болгон Боловсролын үнэлгээний төвөөс “2006-2011 Элсэлтийн ерөнхий шалгалтын хичээлийн даалгавруудын эмхэтгэл” номыг хичээл тус бүрээр хэвлэн гаргаж эхлээд байна. Тус тестийн эмхтгэлүүдийг Боловсролын үнэлгээний төвийн Зөвлөгөө мэдээллийн төвөөр дамжуулан борлуулж байна. Мөн аймаг, орон нутгийн Боловсрол соёлын газар захиалгын дагуу хүргүүлээд байгаа. Өнөөдрийн байдлаар манай төвд Газар зүйн хичээлийн эмхэтгэл ном 5000, Орос хэлний хичээлийн эмхэтгэл 4500 төгрөгийн үнэтэйгээр хэвлэлтээс гарсан байна. Эдгээр ном үнийн хувьд харилцан адилгүй. Тухайлбал, Англи хэл-5500, Монгол улсын түүх-4500, Хими-6000, Биологи-5000 төгрөгөөр худалдаалж байна.

-Өмнөх оны төгсөгчид суудлын хуваарь буюу шар хуудсаа ЭМШУИС-аас авна гэж байсан. Энэ жилийн төгсөгчид болон хөдөө, орон нутгийнхан хаанаас авах вэ?

-Элсэгчид энэ жил зургадугаар сарын 2-6-ны хооронд шар хуудсаа авна. Өмнөх оны хүүхдүүд ЭМШУИС-аас, энэ жилийн төгсөгчид сургуулиасаа авна. Харин хөдөө орон нутгийнхан тухайн газрынхаа Боловсрол соёлын газраас авна.

-Шалгалт өгсөнийхөө дараа зөв хариултаа хаанаас үзэж болох вэ?

-Шалгалтын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш долоо хоногийн дараа www.eec.mn цахим хуудас болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтэлнэ. Дүн, онооны жагсаалтыг ирэх долдугаар сарын 1-ний өдрийн 09.00 цагт www.eec.mn цахим хуудаст байрлуулж, нийтэд мэдээлнэ. Шалгуулагч шалгалтын дүн, оноогоо өөрийн бүртгэлийн дугаар болон нууц кодоо ашиглан www.eec.mn цахим хуудсын шалгуулагчийн булангаас харж болно.

Б.ТУУЛ

"ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж