Өдөрлөг 13.00-17.00 цагийн хооронд болж, харьяалах байгууллагууд иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөхөөс гадна зарим талын үйлчилгээг үзүүлэх юм. Тухайлбал, Улсын бүртгэлийн ерөнхий газрынхан иргэдэд гадаад паспортын материал хүлээж авах, мөн хугацааг нь сунгах, орон сууцны зургаан хувийн зээл хүссэн иргэдэд анх удаа орон сууц хүсч байгаа гэдгийг нотлох лавлагааг өгөх зэрэг үйлчилгээг үзүүлэх ажээ.
Түүнчлэн хорих ангид ял эдэлж буй ялтнуудын ар гэрийнхнийг утсаар холбоо бариулахын зэрэгцээ иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, хуульчийн сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл өгөхөөр төлөвлөжээ.
Мөн харьяа дүүргийнхээ бүртгэлийн газарт эд хөрөнгийн лавлагаа авахаар тодорхой хугацаанд хандсан иргэдэд лавлагааных нь хариуг өгөх юм байна. Энэ удаагийн өдөрлөгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хил хамгаалах ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар зэрэг 12 байгууллага оролцож өнгөрсөн дөрвөн жилийн ажлаа ард түмэнд тайлагнах аж.