![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2012/5/edcd029274ea6d45/83053b1f69213bdcbig.jpg)
“Их Монголын алтан одод-2” хүмүүнлэгийн шоу тоглолтод оролцохоор нацу башё өндөрлөмөгц эх орны зүг хүлгийн жолоо залсан сумочид болоод үндэсний бөхийн цолтнуудын сагсан бөмбөгийн талбар дахь сонирхолтой “тулаан” өнөөдөр болно. “Бөхийн өргөө”-нд 18.00 цагт эхлэх шоу тоглолт үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт урлаг, спортын одод сагсан бөмбөгөөр өрсөлдөх бол хоёрдугаар хэсэгт энэ цагийн хүчтэнүүд болох сумочид, үндэсний бөхчүүд тоглоно. Түүнчлэн бусад сонирхолтой олон тэмцээн болохоос гадна үзэгч, хөгжөөн дэмжигчдийг ч их аварга Хакухогийн гарын бэлэг хүлээж байгаа юм. Тасалбарын үнэ 15000 мянган төгрөг. Онцлог нь шоу тоглолтоос олсон орлогыг 100 хувь хүмүүнлэгийн үйлст зориулна. Тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Мон лаа” компани ажиллаж буй.
Харин өнөөдөр болох тоглолтын өмнө Хакухо М.Даваажаргал тэргүүтэй сумочид хүмүүнлэгийн арга хэмжээнд оролцоно. Тодруулбал, 13.00 цагт “Бөхийн өргөө”-нд асрамжийн төвийн 1800 хүүхдэд хичээлийн хэрэгсэл гардуулах аж. Залгуулаад, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд зочилж, 20 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж бэлэглэж, нярайн тасгийг тохижуулах ажилд хувь нэмрээ оруулах юм.
“Их Монголын алтан одод-2” сагсан бөмбөгийн шоу тоглолтын мэдээллийн ивээн тэтгэгчээр ”Монгол масс медиа” групп буюу “Боловсрол суваг” телевиз, NEWS.mn сайт, “Eagle News” TV болон “Sport box” зэрэг мэдээллийн сувгууд ажиллаж байна.
С.ЦЭЛМЭГ