Б.Бямбадорж: Тасганы овоог эко хавтангаар үелж бүрнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

Б.Бямбадорж: Тасганы овоог эко хавтангаар үелж бүрнэ

НИТХ-ын төлөөлөгч, Хот тохижилтын газрын дарга Батсүрэнгийн Бямбадоржтой ярилцлаа.

-Хотын парламентад та дөрвөн жил төлөөлөгчөөр ажиллаж байна. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн гол ажлаасаа ярилцлага эхлэх үү?

-2008 онд Сонгинохайрхан дүүргээс НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Сүүлийн дөрвөн жилд нийслэлийн төсөв тодорхой хэмжээгээр өссөөр байгаа. Энэ хэрээр  зам засвар, арчилгаа, хот тохижилтын ажил өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй нэмэгдэж байна.

Ер нь энэ удаагийн НИТХ-ын төлөөлөгчид Улаанбаатар хотын авто замыг иж бүрнээр нь шинэчлэх ажилд түлхүү анхаарлаа хандуулж ажилласан  ирсэн гэж хэлж болох юм. Өнгөрсөн жил гэхэд хотын төвийн бүсийн замыг иж бүрнээр нь шинэчилсэн нь ард иргэдийн талархлыг хүлээж байна. Мөн Таван шарын гармын уулзвар, Толгойт бүсийн замыг шинэчиллээ. Гурвалжингийн гүүрийг засварлаж ашиглалтад оруулсан. Одоо Энгельсийн гүүрийг наадмын өмнө ашиглалтад оруулахаар  ажиллацгааж  байна.

Наран туул захын урд талд гүүрэн байгууламж барихаар зураг төслийг нь хийгээд, тендер зарласан. Концессын тухай хуулийн дагуу эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хувийн хэвшлийнхнээр хийж гүйцэтгүүлэхээр төлөвлөөд тендер зарлахад  компаниуд санал ирүүлэхгүй байна. Өөрийн хөрөнгөө гаргаад барих боломжгүй гэж аж ахуйн нэгжүүд тооцож байгаа байх. Тиймээс Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч бид  энэ байгууламжийг барих хөрөнгийг нийслэлийн төсөвт тодорхой хэмжээгээр тусгуулах бодлого барьж байгаа. 

-Улаанбаатарт нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ бусад хотуудтай харьцуулахад чамлалттай, доогуур үзүүлэлт гардаг юм билээ. Ногоон хот болгох бололцоо бий юу?

-Улаанбаатарт амьдарч байгаа нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ үнэхээр дутмаг байгаа нь үнэн. Тиймээс 2010 оноос дүүрэг болгонд тохижилт үйлчилгээг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр тэрбум төгрөг төсөвлөж өгдөг болсон. 2012 оны төсөвт дүүрэг бүрт хоёр тэрбум төгрөгийг суулгасан байгаа. Ингэснээр ногоон байгууламж жилээс жилд нэмэгдээд явах учиртай. Манайхан мод тариад арчлахгүй орхидог дутагдалтай. Тиймээс нийтийн эзэмшлийн талбай, гудамж, ногоон байгууламжийг арчилж, тордож байх нь чухал. Цэцгийг өглөө бүр услахгүй олон хоногоор мартчихвал хатаж гандаад унадаг. Түүнтэй адил бий болгосон ногоон байгууламжаа байнга арчилж байх шаардлагатай. Энэ үүднээс төлөөлөгч бид санал тавьж арчилгаа, үйлчилгээнд тодорхой хөрөнгийг төсөвт суулгадаг болсон. Үүний үр дүн гарч байгаа. Нэг үеэ бодвол гудамж, талбайн тохижилт сайжирч, энд тэндгүй ногоон байгууламж хийгдэж байна.

-Улаанбаатар Азийн цагаан дагина гэгдэж байсан үе бий. Одоо утаанбаатар болж, хогондоо дарагдаад үнэхээр л хэцүү байна шүү. Хогны асуудлыг шийдэх бололцоо байна уу?

-Нийслэл рүү чиглэх нүүдэл үргэлжилсээр хүн амын тоо огцом өсч байна. Үүнтэй зэрэгцээд хүн амаас гарах хог хаягдалын асуудал хүндрэлтэй болж байгаа. Хог хаягдлыг татан зайлуулах, байгаль орчинд халгүй технологиор дарж булах үйл ажиллагааг бодлогын хэмжээнд шийдэхийн төлөө ажиллаж байна. Хог хаягдлыг зөөх, тээвэрлэх машины хангамж хүрэлцээ тааруу байсан. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид бид санал оруулж 2011 оны нийслэлийн төсөвт  Улаанбаатар хотын 52 хороонд  163 хогны  машин авч өгөх хөрөнгийг тусгасан. Анх удаа л ийм дорвитой арга хэмжээ авсан хэрэг. Цаашид хийж хэрэгжүүлэх ажил их бий.

-Та Ногоон байгууламжийн дэд хороог санаачилж байгуулсан гэл үү?

-Би Байгаль орчин, экологи, ногоон байгууламжийн хороонд харьяалагддаг. Ер нь “ногоон” үзэлтэй талдаа. Иргэдийн хурлын хүрээнд ногоон байгууламжийн дэд хороог хэсэг нөхдийн хамт анхлан санаачилж байгуулсан. Ингэснээр дүүргүүдэд байгаа ногоон байгууламжийн арчилгааг сайжруулах, нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээний хөрөнгийг төсөвт суулгуулдаг  болгосон. Энэ нь нэг ахиц юм.

Мөн хог хаягдлын менежментийг сайжруулах хүрээнд бүтээн байгуулалтын ажил өрнүүлэхэд гар бие оролцож л явна даа. 

-НИТХ-ын төлөөлөгчид үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачлага гаргасан. Энэ ажил олны дэмжлэг аваад урагштай явж байна шүү?

-Тиймээ. 2008 онд сонгогдсон НИТХ-ын төлөөлөгчид анх санаачилж Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар 500 сая төгрөг төсөвлөөд ажлыг эхлүүлж байлаа. Энэ хүрээлэн нь нийслэлийн ард иргэдийн чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлдэг газар болох нь дамжиггүй. Хосууд орой үдэш зугаалах, өвгөд хөгшид амарч нарлах, хүүхэд багачууд тоглож наадах ая тухтай байгууламжтай болно.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг аж ахуйн нэгжүүд, байгууллагууд, иргэд маш их  дэмжиж байгаа. Тэд  бут сөөг тарьж, нэрэмжит талбай ч байгуулж байна.

-Хот тохижилтын газар хэл амны бай болсон, дарга цэрэг нь талцаад ажил явдаггүй, ажил хаялт зарласан хэцүүхэн байгууллага байсан. Харин та энэ байгууллагын дарга болсноор ажил хаялт ч зогсч ажил  урагштай явна. Анх ажлаа авахад хүнд байв уу?

-2010 оны арван нэгдүгээр сард Хот тохижилтын газрын даргаар томилогдсон. Жил зургаан сар орчим ажиллаж байна. Муу хамт олон гэж байдаггүй, муу удирдагч л гэж байдаг гэж ярьдаг шүү дээ. Аливаа нэг байгууллагыг удирдаж байгаа хүн ажилчдаа гэсэн сэтгэлтэй байх ёстой. Өөрөө шударга байж бас ажлаа нээлттэй явуулах  зарчим барьдаг.

Манай Хот тохижилтын газрын албан хаагчид богино хугацаанд намайг дэмжиж, хүрээлж ажиллаж байгаад баяртай байдаг. Өмнө нь ажил хаялт зарласан, хэрүүлтэй, уруудаж доройтсон гээд сонин хэвлэлээр ч их гарч байгууллагын нэр сэвтсэн үе бий. Энэ ажлыг аваад ажилчдынхаа ажлын туршлага, зүтгэл, итгэлцлийн хүчинд ажлаа эрчимжүүлж муу нэрээ тодорхой хэмжээнд сайжруулж л яваа гэж боддог. Гэхдээ өмнөх хүмүүсээ муулаад, өнгөрснийг сөхөөд ухаж төнхөөд ажил явахгүй. Урагшаа харж ажиллах нь л чухал шүү дээ.

-Хот тохижилтын газрын дарга бол Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй баруун гарын хүн нь гэж ойлгож болох уу?

-Хот тохижилтын газрын дарга бол Засаг даргын болон хотын ерөнхий менежер, Захирагчийн албаны даргын баруун гар нь хэлж болох юмаа.

Нийслэлийн Засаг даргын 2008-2012 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтот ажлуудыг хэрэгжүүлэхийн төлөө Хот тохижилтын газрынхан зүтгэж ажиллаж байна. Хэдийгээр төсөв мөнгөний хувьд хүрэлцээ тааруу, нийс лэл өөрийгөө тэтгэх эдийн засаг, эрх зүйн орчин дутмаг ч гэсэн нэлээд ажлыг хийж байгаа.

Бид ажлаа багцаар  нь төлөвлөөд үе шаттайгаар хэрэгжүүлээд явж байна. Ажлын уялдааг сайжруулахад анхаарсан нь ажил урагштай явахад дэмтэй байгаа.

2008 оноос өмнө төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа тааруухан байсан гэдэг. Улаанбаатар хотын цахилгаан дамжуулах сүлжээ, дулаан түгээх сүлжээ энд шугам хоолойгоо янзлана гээд зүлэгжүүлсэн, тохижуулсан талбайг ухаад хаячихна. Түүнийг нь дахиад хийх шаардлага гарна. Хэзээ шугам хоолойгоо янзлахыг нь ч мэдэхгүй.  Энэ мэт ажлын уялдаа тааруу байсныг Хотын засаг дарга Г.Мөнхбаяр цэгцэлж график төлөвлөгөөний дагуу хийдэг болгоод байгаа.

Нэг байгууллага дур мэдэн шийддэг биш  бодлогын хэмжээнд зангидаад  хотын ерөнхий төлөвлөгөө, графикийн дагуу засвар үйлчилгээний ажлыг шат дараатай хийж хэрэгжүүлдэг болсон. Хэдэн сард нь дулааны шугмаа тавих, хэзээ нь цахилгаан гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэх, үүнийх нь дараа тохижилтын ажил явагдана гэсэн график төлөвлөгөөг гарган хэвшил болгохоор ажиллаж байгаа. Энэ нь үргүй хөрөнгө оруулалтыг үр өгөөжтэй болгож байгаа хэрэг.

-Хот тохижилтын газраас Тасганы овооны хог шороондоо дарагдсан орчныг өөрчлөхөөр ажиллаж байгаа юм билээ. Энэ талаар тодруулахгүй юу?

 -Тасганы овооны замын дундах тусгаарлах зурвасыг зүлэгжүүлж, хашлага хийж байна. Энэ хашлаганы багана нь өдөр нарны энергийг зай хураагууртаа хураагаад шөнө нь гэрэлтүүлдэг байх юм. Анх удаа ийм шинэлэг зүйлийг нэвтрүүлж  эхэлж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд  эрчим хүчний дутагдалтай байгаа учраас нар, салхины энергийг ашигласан цахилгааны эрчим хүчний эх үүсвэрийг бий болгосон байгууламж, гэрэлтүүлгийн системийг нэвтрүүлэх нь чухал.

Гудамжны гэрэлтүүлгийг хот бодлогоор өөрчилж лед гэрлийг тавьж байгаа. Энэ нь эрчим хүчийг хэмнэнэ. Өнгөрсөн жил анх удаа Улаанбаатар хотын гэрэлтүүлгийг алсаас удирддаг, унтраадаг нэгдсэн системтэй болгох ажлыг ШУТИС–тай хамтраад хийж хэрэгжүүлсэн юм. Өмнө нь өдрийн цагаар гэрэл асаад хөрөнгө мөнгө урсаад байдаг байсан. Нэгдсэн удирдлагын системтэй болсноор гэрэлтэй болохоор унтраад харанхуй болохоор автоматаар асдаг болсон гэсэн үг.

-Тасганы овооны замын дунд ногоон байгууламж бий болгохоос гадна овооны энгэрт эко хавтан суурилуулж байгаа гэсэн. Энэ нь зүлэгжүүлж байгаа хэлбэр үү?

-Олон жилийн өмнө  Тасганы  овоог сэтлээд дундуур нь зам тавьсныг хүмүүс мэдэж байгаа.

Уулын шороо жилээс жилд үерийн усанд идэгдээд, хогонд дарагдаад явган хүний зам дээгүүр шороо нь нурж орж ирдэг болсон байсан.

Тэр уулын энгэрийг эко хавтангаар үелж шаталж бүрж байгаа. Шаталсан хэсэг дээрээ улиас, бутлаг мод сөөгийг суулгаж, зүлэгжүүлнэ. Уулаа дагаад явган хүн бууж өгсөх  шат тавина. Нийслэлийн хүн амын 50-иад хувь нь Тасганы овоогоор зорчин дайрч өнгөрдөг гэсэн тооцоо бий. Тиймээс энэ хөлийн газрыг хог шороонд  дарагдсан хэвээр биш өнгөлөг, үзэмжтэй болгож явган зам шинээр хийж, зорчигчдыг алхахад тухтай болгохыг зорьж байгаа юм. 

-Анх удаа л ийм  шинэлэг технологийг ашиглаж байгаа юу?

-Уулынхаа дээгүүр болон  доогуур нь үерийн ус зайлуулах  шуудуу хийх юм. Түүний нэг үзүүр нь Дэнжийн мянгын үерийн усны шугамтай нөгөө үзүүр нь телевизээс уруудаад ирж байгаа үерийн усны шуудуутай холбогдоно. Үер буулаа гэхэд ус нь тэр шуудуугаар урсаад далан руу  орно гэж тооцсон хэрэг.

Хот тохижилтын газар өнгөрсөн жил нарны замын дундах ногоон зурвасыг хийсэн нь иргэдийн талархлыг хүлээж байгаа. Улаанбаатар хотод агаар, хөрсний бохирдол нь хэтэрсэн, зарим газарт нь өвс ургахгүй болтлоо талхлагдсан  гэдэг ч зүтгэл байвал зүлэгжүүлж, ногоон байгууламж бий болгож болдгийг манай ажилчид харуулж чадсан юм. 

-Тасганы овоо орчмын тохижилтын ажил хэзээ дуусч ашиглалтад орох вэ?

-Наадмаас өмнө ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Цаг агаарын байдал зэрэг урьдчилан тооцох аргагүй бэрхшээл хүндрэл гарахгүй бол хугацаанд нь ашиглалтад оруулах боломжтой.

-Нийслэлийн нэг хүндрэлтэй асуудал нь хог. Төвлөрсөн хогийн цэгтэй ч гэр хороололд хур хог үүсээд, энд тэндгүй хог хаягдал хийсч хөглөрөх юм. Хот тохижилтын газрын дарга үүнийг хэрхэн шийдэх төлөвлөгөөтэй байна дээ?

-Дүүрэг болгон хот тохижилтын компанитай. Энэ компаниуд Хот тохижилтын газарт харьяалагддаггүй. Дүүргийн Засаг даргын удирдлаганд ажлаа явуулж, айл өрхүүдээс хураан авсан хогны мөнгийг захиран зарцуулж хог тээвэрлэх үйл ажиллагааг хариуцдаг.

Машин техникийн хувьд дутагдалтай байна гээд нийслэлийн төсвөөс 163 хог тээвэрлэх машиныг  дүүргийн тохижилтын компаниудад өгсөн байна. Тэгэхээр нэг үе бодвол машин техникийн хувьд тодорхой ахиц гарсан.

Аж ахуйн нэгжүүд, барилга барьж байгаа компаниуд үдэш, оройн цагаар гэр хороололд  хог асгаж хур хогийг үүсгээд байна уу гэсэн хардалт байдаг.

Миний хувьд хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн бодол төрдөг. Хариуцлагын тогтолцоог өндөржүүлж, Ахуйн болон үйлдвэрлэлийг хог хаягдлын хуулийг шинэчилж, барилгын хог хаягдлыг ангилан ялгах, тусгайлан авдаг хогийн цэгтэй болгох шаардлагатай байгаа юм. Энэ гурван алхмыг хэрэгжүүлэхэд энд тэндгүй хур хог үүсэх нь харьцангуй багасна гэж тооцоолж байгаа.

-Баянзүрх дүүрэгт дахиад нэг төвлөрсөн хогийн цэг байгуулахаар болсон гэсэн. Ингэх шаардлага байсан юмуу, бас л хүн хажуугаар нь гарахын аргагүй газар бий болчих юм биш биз дээ?

-Хүмүүс хогийн төвлөрсөн цэг гэхээр муу муухайн үүр уурхай юм шиг ташаа ойлголт төрдөг л дөө. Хуучны Улаан чулуут шиг замбараагүй хогийн цэг бий болчихно гэсэн болгоомжлол байгаа байх. Улаан чулуутын хогийг Японы Жайка байгууллагын тусламжийн хөрөнгөөр  2009 онд гэхэд  дарж булаад хажууханд нь Нарангийн төвлөрсөн хогийн цэгийг байгуулсан юм. Энэ хогийн цэг нь байгууламжтай, байгаль орчинд хал балгүй технологиор хогийг дарж булан устгадаг.

Мэргэжлийн хяналтын байгууллага, Жайкагийн төслийн баг шалгаад төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагаа сайн явагдаж байна үнэлэлт дүгнэлт өгсөн. Тэнд нэг хүндрэлтэй асуудал  байгаа нь 200 гаруй хог түүгчид бий. Бид тэр хог түүгчдийг хөөх бодлого барьдаггүй. Тэд хог түүж амьдрал ахуйгаа залгуулж байгаа учир амин зуулгаас нь салгах гэхээсээ илүү зохион байгуулалтад оруулж, аюулгүй ажиллах орчин нөхцлөлийг нь бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Цаашид хогийг анхан шатанд нь ангилан ялгадаг тогтолцоог нэвтрүүлж, төвлөрсөн хогийн цэгийг хог түүгч иргэдгүй болгох нь зүйтэй юм.

Улаанбаатар хотод  замын түгжрэл маш их болсон тул ганцхан Нарангийн төвлөрсөн хогийн цэг рүү хог тэвээрлэхэд жолооч нар хамаг цагаа түгжээнд өнгөрөөдөг, хөдөлмөрийн бүтээмж муутай байна. Зүүн талаас баруун тийшээ нэг удаа хог тээвэрлэхэд л  өдрийн талыг зарцуулж байна гэсэн гомдол ч их гарсан. Энэ асуудлыг Нийслэлийн  Засаг даргад танилцуулж,  Баянзүрх дүүргийн Цагаан даваанд дээр дахиад нэг төвлөрсөн хогийн цэг шинээр байгуулах захирамж гаргуулсан  юм.

Өнгөрсөн оны долдугаар сард  Нийслэлийн засаг даргын захирамж гарч гэр хорооллын айл өрхүүдээс авах хогны мөнгийг цахилгааны төлбөртэй  нь хамтад нь авдаг болгосон. Энэ мэтчилэн асуудлыг цогцоор нь шийдэхийг зорьж ажиллаж байна.  

Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын менежментийг сайжруулахад Хот тохижилт үйлчилгээний компанийн дотоод зохион байгуулалт, менежментийг оновчтой болгох, парк ашиглалт, боловсон хүчний нөөц, чадавхийг сайжруулах нь чухал байна. Цаашид хувийн хэвшлийн хог зөөх аж ахуйн нэгж, байгууллагуудыг гэрээгээр  ажиллуулах ч шаардлагатай  гэж ойлгож байна.

-Улаанбаатар хотод хог боловсруулах, ангилах үйлдвэр байгуулах бололцоо бий юу?

-Улаанбаатар хотод хог боловсруулах, хог ялгах үйлдвэрийг барихаар Сангийн яамнаас зөвшөөрөл аваад тендер зарлагдаж байна. Хогийг ангилан ялгана. Хэрэглэж болох хогийг үйлдвэрт тушаана. Хэрэглэж болохгүйг нь шатаагаад обьектоо халаах зориулалттайгаар ашиглах төлөвлөгөө гаргасан.

2011 оны арваннэгдүгээр сард олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох Солонгосын Койкагийн тусламжаар RDF үйлдвэрийг барьж, саяхнаас ашиглалтанд орууллаа. Тодорхой хэмжээний гялгар уут, цаас зэргийг өндөр даралтаар шахаад шахмал RDF түлш болгоно. Цаашдаа ингэж боловсруулж бэлтгэсэн түлшээ өндөр даралтын уурын зуух, станцад нийлүүлэх зорилтыг тавьж байна.

Х.ЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж