Гэгээн цагаан өдрөөр эхнэрээ 10-аад удаа хутгалж хөнөөгөөд, өөрийнхөө
амийг хорлосон хэрэг гарсан. Саяхан 15 настай охиныг гэртээ сууж байхад
нь хоолойг нь хэрчиж амь насыг нь хохироолоо. Бас л өдрийн цагаар эл
хэрэг үйлдэгдсэн. Энэ мэтээр хүний санаанд оромгүй хэрэг гарсаар байна. Тэгвэл олны
анхаарлын төвд байгаа хэргүүдийн шийдвэрлэлт ямар шатандаа байгаа талаар
сурвалжиллаа.
“Анод” “Зоос” банкны хэрэг сунжирсаар…
2008 оны сонгуулийн дараа "Анод" банк дампуурлаа зарласан бол 2009 оны
сүүлчээр "Зоос" банк дампуурч, нэг л өглөө "Төрийн банк" болж хувирсан.
Тэгвэл түүнээс хойш хоёр банктай холбоотой хэрэг цагдаа, прокурор,
шүүхийг дамжсаар өнөөг хүрсэн. Тиймдээ ч одоог хүртэл хохирогчид гэгдэх
хүмүүс одоо ч гомдол нэхэж, цагдаагийн байгууллагаар явсаар байгаа юм.
Тэд бидний хохирлыг барагдуулах хүртэл дахин дахин гомдол нэхэж,
тэмцсээр байх болно гэсэн байр сууринаас хандаж байгаа юм. Уг нь "Анод" банкин дээр 1260 хувьцаа эзэмшигч 9.3 тэрбум, "Зоос" банкин
дээр 628 хувьцаа эзэмшигч долоон сая төгрөгийн хохиролтой байгаа юм.
Гэвч энэ хоёр банкны асуудал өдий болтол сунжирсаар байгаа нь
сонирхолтой. Одоогоор "Анод" банкны хэрэг нийслэлийн прокурор дээр
хянагдаж байгаа юм байна. Уг нь хэргийг хянах хугацаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд дуусч, шүүх
рүү шилжих байсан ч хугацааг нь сунгаад байгаа аж. Харин"Зоос" банкны
хэргийн хохирогчид Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж, Монгол банкны
Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг АТГ-т шалгуулахаар өгөөд байгаа аж. Улмаар
хэргийг сэргээн шалгаж байгаа юм байна. Ер нь хохирогчдын үзэж
байгаагаар "Анод" банкны хэргийг сунжруулж байгаад, хэрэгсэхгүй болгож
орхих гэсэн санаатай байж магадгүй гэнэ. Угаасаа 3, 4 жил ийш тийш нь
шилжүүлсэн. Одоо ч гэсэн хянаж байна гээд байгаад л байгаа.
Энэ байдлаас харахад сонгууль хүртэл торгоогоод, замхруулах зорилготой
байгаа гэдгийг тэд хэлж байна. Манай хуулийн байгууллагынхан асуудлыг
замхруулахдаа авьяастай. Мөрдөн байцаах газраасаа прокурор руу,
тэндээсээ буцаагаад мөрдөн байцаах руу. Эсвэл шуух рүү, шүүхээс прокурор
руу шилжүүлдэг. Энэ байдлаар цаг хожиж, иргэдийг ядраадаг. Сүүлдээ залхдаг. Тэгээд
хэргийг хэрэгсэхгүй болгодог, хэрэгтнүүд ял шийтгэлгүй үлддэг гэдгийг ч
хэлж байлаа.
"Монгол шуудан" банкны хэрэг анхан шатны шүүхэд шилжжээ
Одоогоос гурван жилийн өмнөөс "Монгол шуудан" банктай холбоотой хэрэг
яригдаж эхэлсэн. Уг нь "Монгол шуудан" банкийг хувьцаа эзэмшигчид нь
"Хадгаламж" банкинд зарсан гэх боловч бусад хувь нийлүүлэгчид нь үүнийг
хууль бус хэмээн үзсээр байгаа юм. Тэдний үзэж байгаагаар "Монгол шуудан" банкны ТУЗ-ийн дарга асан,
одоогийн УИХ-ын гишүүн Д.Зоригт, гүйцэтгэх захирал асан Д.Оюунжаргал,
"Одод" ХХК-ийн захирал Д.Оюунсүрэн, "Дархан алт" ХХК-ийн захирал
Ж.Мөнхтөр, Т.Гэрэлтуяа нарын таван хүн 14.3 тэрбум төгрөгийн хувьцаагаа
бусад хувь нийлүүлэгчдэд мэдэгдэлгүйгээр "Хадгаламж" банкинд 34.2 тэрбум
төгрөгөөр зарсан нь Компанийн тухай хуулийн 5.4 заалтыг зөрчсөн аж. Үүнтэй холбогдуулан "Монгол шуудан" банкны үүсгэн байгуулагчид болон
жижиг хувь нийлүүлэгчдийн төлөөлөл нь Монголбанк бусад хууль хяналтын
байгууллагад гомдол гаргасан боловч 2009 оны аравдугаар сараас хойш
тодорхой арга хэмжээ аваагүй өдий хүрсэн аж. "Монгол шуудан" банк
зарагдсаны дараа Д.Болд, Ж.Гончигсүрэн гэх мэт 30 гаруй хувь нийлүүлэгч
хувьцаа эзэмших эрхээ сэргээж чадалгүй хохирсоор, 18жилийн турш нэг ч
удаа ногдол ашиг авч чадаагүй яваа гэх. Тэгвэл энэ хэрэг Дээд шүүхэд
шилжсэн ч тэндээс анхан шатны шүүх рүү буцаагаад байгаа юм байна.
Согтуу жолоочийн хэргийг шалгаж байгаа
Баянгол дүүргийн зургадугаар хорооны нутаг, 25 дугаар эмийн сангийн урд
замд өнгөрөгч сарын 23-нд согтуу жолооч арван настай хүүг дайрч, амь
насыг нь хөнөөсөн хэрэг гарсан. Замын хөдөлгөөнийг хянах камер хэрэг
гарах үеийн процессыг бүрэн бичсэн байдаг.
Уг бичлэгт "Ланд круйзер" маркийн автомашинаар хүүг дайрч, 15 метрийн
зайтай хол чирсэн. Мөн машинаас согтуу хүүхэн гарч ирээд нас барсан
хүүгийн цогцсыг өшиглөж байгаа нь тодорхой харагдаж байгаа юм. Гарцаар
гарч явсан хүүг дайрсан УНИ 09-66 улсын дугаартай "Ланд круйзер" маркийн
автомашины жолооч нь Ш.Алтанхуяг гэгч болох нь тодорхой болсон. Тэрбээр
"Мон дулаан трейд" компанийн охин компани болох "Хишигтэн нүүдэлчин"
компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг нэгэн юм. Осол гарах үед тэрбээр
70 хувийн согтолттой, өөрийгөө хянах чадвараа алдсан байсан. Хүүгийн амь насыг хөнөөсөн хэрэгтэнг эрүүлжүүлж, 72 цагийн турш хорих
шийдвэрийг Замын цагдаагийн газраас тухайн үедээ гаргаж байсан юм. Харин
одоогоор Ш.Алтанхуягийг цагдан хорих төвд хорьж байгаа бөгөөд хэргийг
шалгаж байгаа аж. Түүнд Эрүүгийн хуулийн 215.3-д зааснаар эрүү үүсгэж,
шалгах юм байна. Эрүүгийн хуулийн 215.3-т тээврийн хэрэгсэл жолоодох
эрхийг нь дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээг 151-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,
эсвэл 3-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял онооно гэж заасан байдаг аж.
Улсын харцага Г.Намсрайжавыг хэзээ шүүх нь тодорхойгүй
Улсын харцага Г.Намсрайжав өнгөрөгч гуравдугаар сарын 28-нд Баянзүрх
дүүргийн нутаг дэвсгэр Нарантуул захын баруун урд уулзварын орчимд ажил
үүргээ гүйцэтгэж явсан цагдааг зодсон юм. Тухайн үед Г.Намсрайжавын хүү Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, нэг чигийн
урсгалтай зам дээр буцаж эргэхийг завдахад нь замын цагдаа дүрэм
зөрчихгүй чигээрээ явахыг сануулж, бичиг баримтаа шалгуулах шаардлага
тавьсан аж. Гэтэл улсын харцага Г.Намсрайжав машинаасаа бууж ирэн,
цагдаагийн биед халдаж, олны нүдэн дээр зодож танхайрсан билээ. Тухайн үед түүнд зодуулсан цагдаа толгойдоо хүнд гэмтэл авсан юм.
Тиймээс Улсын харцага Г.Намсрайжавт Эрүүгийн хуулийн 230.2-т зааснаар
төрийн албан хаагч болон олон нийтийн байцаагчийн бие махбодид хөнгөн,
хүндэвтэр гэмтэл учирсан бол 351-500 цаг хүртэл хугацаагаар албадан ажил
хийлгэх, гурваас дээш зургаан cap хүртэл хугацаагаар баривчлах, эсвэл
таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх учиртай. Хэрэг гарсны дараа түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар Баянзүрх дүүргийн
шүүхэд шилжүүлээд байсан. Улмаар шүүх хурал энэ сарын 4-нд болохоор тов
гарсан тодорхойгүй шалтгаанаар хойшлоод байгаа юм. Мөн түүний шүүх
хурал хэзээ болох тов хараахан гараагүй байгаа ажээ.
“Хаан” банкинд халдсан этгээдийн хэргийг прокурорт хянаж байна
Налайх дүүргийн "Хаан банк"-ны салбарт хоёр иргэнийг буудаж хүнд
гэмтээн, нэг хүний амь насыг хөнөөсөн А.Бат-Ялалтад холбогдох хэргийн
мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр
Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Түүнийг мөрдөн шалгах явцад
банкинд биш таньдаг гурван хүндээ өртэй байсан нь тогтоогдсон юм.
Хэргийг одоогоор Нийслэлийн прокурорын газар шалгаж байгаа бөгөөд
удахгүй шүүхэд шилжүүлэх сурагтай.
Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин