“976 Art Gallery”-д урлагийн тоглолт боллоо | News.MN

“976 Art Gallery”-д урлагийн тоглолт боллоо

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

“976 Art Gallery”-д урлагийн тоглолт боллоо

Max Mall-ын 5 давхарт байрлах “976 Art Gallery”-д саяхан болж өнгөрсөн зураач Баярцэцэгийн “Төрөхүй” нэртэй контемпорари перформанс буюу орчин үеийн үйл хөдлөлийн урлагийн тоглолт нь тэнд үзэхээр ирсэн нилээдгүй үзэгчдийг алмайруулж орхив.

Тайзны наагуур татсан хөшгөн дээр гэрлийн тусгалд харагдах залуу эмэгтэйн уян налархай биеийн сүүдрийн хөдөлгөөнийг үзэгчид 3D шил зүүгээд харж сууцгаав. Хорь орчим минутын туршид хөгжим байхгүй, чив чимээгүй орчинд хэтэрхий гэмээр аажуу тайван хөдөлгөөнөөр өөрийн ертөнцийн гүнд, бодь ухамсартаа нэвтрэн орж зуурдын ертөнцөөр аялах бүсгүйг дүрслэн үзүүлэх энэхүү тоглолт нь өнөө үеийн яаруу, давчуу амьдралын хэмнэлд дассан хүмүүсийн тэвчээрийг нилээд барагдуулав. Үзэгчдийн ихэнх нь ямар нэгэн тэсрэлт, сонин хачин зүйлээр үзүүлбэр дуусна байх гэж найдлага тавьсан нь талаар болж яг л нэгэн хэмнэлд үргэлжилсээр тоглолт дуусч хөшиг газар унахад нүүр биеэ хурц ягаанаар будаж богинхон цагаан хувцас өмссөн залуу бүсгүй тайзны голд зогсож байв. Тэрээр үзэгчдийн өмнө тоглолт дууссанаа илэрхийлж ёсолсон ч үгүй. Харин үзэгчид рүү дөхөн очиж тэдний царайг ойртон харж хэн нэгнийг хайж байгаа мэт тойрон явсаар сүүлд нь нэг эмэгтэйг тэврэн авч чихэнд нь хэдэн үг шивнэхэд тэр эмэгтэй алга ташсанаар үзэгчдийн ихэнх нь тоглолт дуусчээ гэдгийг ойлгов. Гайхсан зарим үзэгчид энэ урлаг мөн үү, юу хэлэх гэсэн юм бол, би ойлгосонгүй юу, эсхүл энэ эмэгтэй гажигтай юм уу гэхчлэн хоорондоо ярилцаж байв. 

Үзэгч миний хувьд энэхүү тоглолтын бүх явцыг сониучлан харж байснаа өөрийн эрхгүй хэдэн жилийн өмнө Ираны алдарт кино найруулагч Аббас Кияростамын Taste of Cherry буюу Интоорын амт гэдэг киног үзэж байснаа санав. Тэр кинон дээр дунд насны Бадий гэдэг залуу өөрийнхөө амийг егүүтгэмэгц интоорын модны ёроолд ухаж бэлдсэн нүхэнд өөрийг нь оршуулааад ихээхэн хэмжээний мөнгө оронд нь авах хүнийг хайж байгаа тухай гардаг.

Кинон дээр Бадий өөртөө туслах хүнээ хайж олоод түүнтэйгээ оршуулах газар луу машинаар хамтдаа явахад замд харагдах өргөн тал нутгийг л удаан хугацааны туршид харуулах ба Бадий, түүнд туслах залуу 2-ын цөөн тооны яриа хааяа сонсоно. Зорьсон газартаа очоод Бадий өглөө болоход би үхсэн байвал намайг булаарай гэж хэлээд нүхэнд орж хэвтдэг. Түүнийг орж хэвтсэний дараагаар хүчтэй аадар бороо ордог ба бороо дуусахад түүний хэвтэж байсан нүхэн дотроос кино зураг авалтын баг гарч ирснээр кино дуусдаг.

Кино асар удаан өрнөлтэй, бараг л нэг л байдал тэр чигтээ үргэлжилсээр байсан тул үзэгч би өөрөө ямар нэгэн сонин юм болоод дуусах байх гэж хүлээсээр байв. Гэтэл тэр байдал үргэлжилсээр сүүлдээ төсөөлөөгүй хачин байдлаар дууссанд өөрийн эрхгүй алмайрч, юу болчиховоо, ямар солиотой юм, бараг үзэгчдээ даапаалж байгаа юм болов уу гэсэн бодол толгойд өөрийн эрхгүй орж ирж билээ. Гэхдээ би тэр киног зориуд дахиж нэг удаа үзсэн ба бас кино шүүмжлэлүүдийг интэрнэтээс олж уншсан юм.

Би яагаад энэ киног Баярцэцэгийн тоглолттой хамааруулав гэхээр энэхүү кино болон Баярцэцэгийн тоглолтын өрнөл, дүрслэл, илэрхийллийн өнгө аяс, байдал нь ижилхэн минималист урсгалаар хийгдсэн ба хоёулаа үйл явц нь асар удаан, ямар нэгэн дуу авиа бараг байхгүй ихэвчлэн нэг дүрсэн дээр маш удаан тогтож харуулдаг. Интоорын Амт нь олон улсын кино шүүмжлэгчдийн дунд асар шуугиан тарьж сайн, муу үнэлгээний туйлуудыг авчирсан ба Каннын кино фестивалын Palme d’Or шагналыг хүртсэн. Үүнээс гадна Аббас Кияростам нь өөрийн бүтээлээр олон улсын хэмжээний 70 гаруй шагнал авч байсан алдартай кино найруулагч юм. Киног хэтэрхий удаан, уйтгартай, утгагүй гэх мэтээр олон хүн шүүмжилж байсан бол Баярцэцэгийн тоглолтын дараа бас тиймэрхүү шүүмжүүдийг зарим хүмүүс хэлж байлаа. Харин тэнд байсан залуу зураачид болон зарим хүмүүс эсрэгээр маш сонирхолтой, шинэлэг байсан гэж байв. Үзэгчид дунд байсан Сан Францискогоос ирсэн мэргэжлийн урлаг шүүмжлэгч Бай Хуа гэж эмэгтэй энэ тоглолтыг маш орчин үеийн, сонирхолтой тоглолт байна гэж байв.

“Интоорын амт” кино болон “Төрөхүй” тоглолт нь хоорондоо утгын хувьд ялгаатай боловч дээр хэлсэнчлэн кино болон тоглолтын өрнөл нь ижил төстэй ба гол дүрүүд нь дотоод сэтгэлийн ертөнц рүүгээ үзэгчдийг өөрийн эрхгүй дагуулан оруулж чадаж буйгаараа төстэй юм болов уу гэж бодож зогсов. Баярцэцэгийн хувьд хүмүүсийн үзэж заншсан тоглолтын хэв маягийг дагахаасаа илүү зөвхөн өөрийхөөрөө байж өөрийн ертөнц рүү гүн гүнзгий төвлөрөн орж зуурдын ертөнцийн амьдралыг дүрслэн харуулж чадаж байгаагаараа онцлог байсан гэж би хувьдаа дүгнэн бодож байв.  Бясалгал хийдэг, гүн төвлөрөлд орж чаддаг хүмүүс илүү гүнзгий автаж ойлгох боломжтой ч байж ч магад. Үүний тод жишээ нь 2011 оны 6-р сард Чойжин ламын сүм музейд болсон Цогтын Амгалангийн “Гэгээн асар” цувралын анхны ном “Үхэл үгүй”-н нээлтэн дээр туурвисан Баярцэцэгийн уран бүтээлийг Д.Урианхай гуай ихэд үнэлж, ”Зуу насалсан ч олон тохиохгүй үдэш байлаа. Гараас минь бурхан мутараараа бариад суугаад байгаа юм шиг санагдсан” гэж Гэгээн асар сангийн алтан дэвтэрт бичиж үлдээсэн бол, харин Р.Даваажав ламтан “…урлагийн ариун өргөө, ер бусын уур амьсгал, уран бүтээлчийн сэтгэлийн хүчдэлтэй нийлээд сүнсний ертөнцөд оршин буй миний жинхэнэ мөн чанарыг дотор луу минь цутгаад байсан… үзүүлбэр дуусахад хөшигний цаанаас нүүрээ гүн хөхөөр будсан Д.Баярцэцэгийг гараад ирэхэд Манал бурхан л гараад ирэв үү гэж бодогдсон.” гэж хэлж байсан явдал юм. Мөн УДЭТ-ын Ерөнхий найруулагч Х.Баатар маш өндөрөөр үнэлж, “Энэ бол жинхэнэ урлагийн сүнстэй, ер бусын амьд бүтээл байна, үгээр хэлж болдоггүй гайхамшгуудын нэг” гэж онцлон хэлж байв. 

Баярцэцэгийн тоглолтыг үзсэн миний хувьд, олон нийт ийм урлагийн тоглолтыг яаж хүлээж авахаас үл хамааран урлагийн олон төрлийн урсгалуудыг үзэгчдэд байнга толилуулж тэдний төсөөлөл, оюун санааг нь баяжуулж байх нь зүйтэй гэж өөрийн эрхгүй бодож байлаа.

Одоогоор дэлхий нийтэд өргөн дэлгэрээд байгаа performing art, media art, conceptual photography, installation art зэрэг урсгалууд манай оронд эрс дутмаг байгаа ба эдгээр урсгалуудыг хөгжүүлэхэд үзэгчдийн сэтгэл зүйг бэлтгэх, дасгах нь чухал байдаг. Мөн ийм төрлийн уран бүтээлийг туурвихад ихээхэн хэмжээний мөнгө, цаг хугацаа шаарддаг ба урлагийн болон бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагаа, дэмжлэг, хэрэгцээ асар чухал болохыг хэлэх юун. Монгол уран бүтээлчид хангалттай авъяаслаг гэж би хувьдаа бодно. Харин тэдний уран бүтээлийг ойлгож хүлээн авах, тэдний бүтээлийн үнэ цэнийг өсгөж уран бүтээлийг нь улам баяжуулахад туслах үзэгчид буюу хэрэглэгчид асар дутмаг байгаа нь харагдаж байна.

Сүүлийн жилүүдэд манай орны эдийн засаг ихээхэн хөгжиж барилга байшин олон тоогоор сүндэрлэж, тэднийгээ гоё сайхан болгохын тулд ихээхэн мөнгө зарж байгаа нь илэрхий харагдах боловч тэдгээр барилгуудын архитектур болон интерьер нь нэг л амьгүй, хөндий, хиймэл харагдсаар л байна. Энд жинхэнэ урлагийн тусгал дутагдаж байгаа нь ойлгомжтой. Ганц нэг уран зураг тавиад ч бүрэн амь орохгүй нь бас ойлгомжтой. Тэнд жинхэнэ урлагийн бүтээл цогцоороо тусгалаа олж тэр нь тухайн байгууламжийн эд эс бүрт шингэж чадсанаараа жинхэнэ амь орно.

Хувь хүний түвшинд ч манайд иймэрхүү хиймэл байдал түгээмэл харагдах ба үүнийг үнэтэй машин, брэндийн гутал хувцсаар гоёж, гангалан түүгээрээ өрсөлдөх шинэ монголчуудын жишээнээс харж болно. Тэдэнд мөнгө, эд баялаг, эрх мэдэл байгаа ч оюун санаа, хувь хүний дотоод өртөнцийн хувьд ядмагхан байгаа нь тэдний гадаад байдал, биеэ авч яваа байдлаас илт харагдана. Мөн тийм амьдралаар амьдрахыг туйлаас мөрөөдөх ядуу бүлгийхэн ч бас хамааралтай. Гэхдээ энэ бол байгалийн жам байх. Бид чинь олон зуун жилийн туршид хагас өлсгөлөн байдалтай амьдарч байгаад ардчилал ирж эд хөрөнгөтэй болох боломжууд үүсч, уяанаасаа саяхан тавигдсан нохой мэт л бүгд аашилцгааж байна. Гэхдээ цаг хугацаа өнгөрч хүмүүсийн материаллаг хэрэгцээ тодорхой түвшинд хангагдахад хүмүүс өөр төрлийн өлсгөлөнд ордог нь жам болов уу…

Хятад орны жишээ энд маш тод харагддаг. Хятадын эдийн засаг асар хурдтай хөгжиж иргэдийн нилээдхэн хэсэг нь материаллаг хэрэгцээгээ бүрэн хангаж чадсан. Харин одоо тэд урлагийн өлсгөлөнд орж эхлээд байна. Үүнийг олноор нээгдэх галерей, үзэсгэлэнгүүд, мөн шинээр баригдаж буй барилгууд, ялангуяа бютик зочид буудлууд, хоолны зарим газруудын дизайны шийдлээс харж болно. Мөн дэлхийн зах зээл дээр хятадын уран бүтээлчдийн бүтээлүүд асар үнэтэй зарагдах болсон нь тэдний бүтээл илүү сайн хөгжиж бас эрэлт өндөртэй байгааг харуулна. Америк, Япон, Солонгос зэрэг бусад орнуудын эдийн засгийн хөгжил ч мөн урлагийн хөгжилд асар нөлөө үзүүлсээр ирсэн нь олон байдлааса харагддаг. Монгол орон маань ч мөн ийм замаар удахгүй орно гэдэгт баттай итгэнэм.

Зураач Баярцэцэгийн тоглолтын талаар нарийвчлан бичихээс илүү тоглолтын дараагаар толгойд орж ирсэн бодлуудаа бүгдийг хутган нуршсандаа уншигч танаас хүлцэл өчье.

976 Art Gallery-г үүсгэн байгуулагч Б.Гантуяа


Зураач Баярцэцэг “Төрөхүй” тоглолтын концепц:

Яруу найраг оддын гэрлийг санагдуулдаг, түүнийг нулимастай нүдээр харахад улам тодорч үзэгдэнэ.

Валериу Бутулэску   
 
“Оюун санаанаас төрдөг төрлийн тухай”

Алс хязгаарт хүрээд цаг хугацаагаар дамжуулан зүүд зөн совингоороо өөрийн еүтөнцийн гүн дэх оршихуйг тодорхойлж бодь ухамсарт нэвтэрснээрээ болж буй үзэгдлийг таних зуурдын орон, энэ бол зэрэгцээ ертөнцүүд.

Тэнгэрлэг эртний учрал тийнхүү төрлийг олж үл үзэгдэх хязгаараас оддын гэрэл тодрох нь агшин зуур “ТӨРӨХҮЙ-ХУВИРАХ”

Уламжлал бүхэн дэвшилтэт сэтгэлгээнд суурилан хөгжихийн хэрээр оюуны сэтгэлгээг хангах нэн шинэ эриний урлаг төрөх нь буй.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Uuganbayar 2012-05-24 180.149.78.20

Er n yag yu oilgson be tovchihon ugeer heleech

Avatar

Б Сүрэн 2012-05-24 124.158.78.88

Уран бүтээлч бүсгүйд баяр хүргэе. Сайхан мэдээлэл өгсөнд баярлалаа. Миний хувьд орчин үеийн урлаг нь мэргэжлийн ойлголт юм. Үзэгчиддээ яаж өнөөгийн чиг хандлагыг зөв талаас нь таниулах вэ гэдэг нь уран бүтээл ч бидний хамтын хичээл зүтгэл чухал болвуу гэж бодож явдаг.Орчин үеийн урлагийг сайн мэдэрдэг урлаг судлаачид үгүйлэгдэж бн.

Avatar

ooloo 2012-05-24 180.149.72.236

wow bayaraa egchdee bayar hurgie! yaasan goyo yum hiigee vee!!! amjilt husie!!!

Avatar

Ulzii 2012-05-24 27.123.214.100

Mundag bichsen bna shu

Avatar

Tseegii 2012-05-24 122.201.18.146

Zov unendee neg tiim l ym bolson. Iim setgelgeenii urlag chiglel ursgaluudiig hogjuuleh ni nen chuhal.

Avatar

Gerel 2012-05-24 203.194.115.15

Umnu ni hezee ch uzej baigaagui toglolt, uur medremj, bodlogshrol, sanaashral, hyzgaarguin tsaadah ruu shagaih…Mash ih bayarlalaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж